Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2024/00239

 

2024 05 13 156/ШШ2024/00239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2024/00212/и 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Худай овогт Д Н ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Н

Нарийн бичгийн дарга С.О. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч Д.Н нь 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сум дахь аймаг дундын модны үйлдвэрт, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Батширээт ХК-д туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Д.Н  нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. 1985 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд 1985-1987 онд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн 10 жилийн дунд сургуульд суралцаж 10-р ангийг төгссөн. 1987.08.21-нээс Хэнтий аймгийн Батширээт сум дахь Аймаг дундын модны үйлдвэрт хуваарилагдаж туслах ажилчнаар /нормчин/ 1992 оныг дуустал ажилласан. 1993 оноос Модны үйлдвэр нь "Батширээт" ХК болж байгуулагдсан. Тэр үед би тус компанид туслах ажилчин /нормчин/-оор үргэлжлүүлж ажиллаад 1997.06.16-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байхдаа 1988 онд байгууллагаасаа баярын бичиг талархлаар шагнуулж байсан. Тухайн үед нормчин туслах ажилчин гэдэг нь модны үйлдвэрийн раманд мод боох, 2-р рам руу дамжуулах, бант үүрэх, хураах, үртэс хаях гэх мэт ажил хийдэг байсан бөгөөд сар бүр хийснээрээ тооцуулж цалин авдаг байлаа. 1995, 1999 онд хүүхэд төрүүлсэн. 1995 оны 1-4-р сар, 1997 оны 7 дугаар сараас 2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо миний бие 55 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Хэнтий аймгийн Архивын тасгаас баримт шүүлгэж үзэхэд Батширээт сумын Модны үйлдвэрийн санхүүгийн баримт шилжин ирээгүй тул гарах боломжгүй гэсэн хариу өгсөн, мөн тушаал гараагүй болно. Анх ажилд ороход хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Дэвтэр тамга тэмдэгтэй, ажилд томилсон тушаал бичилттэй байгаа. Харин миний 10 жилийн сурагч байх үеийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээ зэрэгт Б Н гэж ээжээрээ овоглож байсан тул хөдөлмөрийн дэвтэрт тэдгээр баримтыг үндэслээд Б Н гэж бичсэн байгаа юм. Яагаад ээжээр овоглосныг мэдэхгүй. Иргэний паспорт анх авахад аав Д оор овоглосон. Одоогийн иргэний үнэмлэх дээр ч Д Н гэж байгаа. Иймд архиваас тушаал, цалингийн лавлагаа гараагүй, мөн ажил хийж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр дээрх овог иргэний үнэмлэхэд бичигдсэн овгоос зөрүүтэй байгаа тул 1987 онд нээсэн 188278 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Н миний бие мөн болохыг тогтоож, 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сум дахь Аймаг дундын модны үйлдвэрт, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Батширээт ХК-д туслах ажилчин, нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч Д.Н ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Д.Н нь ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

3.Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Д.Н ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 08/161 дугаартай ...Хэнтий аймгийн Батширээт сумын Модны цехийн санхүүгийн, 1986-1988 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй тул Д.Н д холбогдох баримтыг гаргах боломжгүй гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

3. Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай албан бичиг (хх-ийн 4 тал),

4. Хүсэлт гаргагч Д.Н ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

5. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 188278 дугаартай ...Б Н 1969.06.22-ны өдөр төрсөн гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 тал),

6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 0015952 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

7. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1809000414 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

8. 1988 оны 12 дугаар сарын ...Д.Н танд социалист уралдаанд хамт олноо хошуучилж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархан үнэ бүхий зүйлийн хамт шагнав гэх бичилттэй баярын бичиг (хх-ийн 14 тал),

9. 1988 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ...Д.Н танд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын-8 угтсан уралдаанд өндөр амжилт гарган төлөвлөгөөгөө 129 хувиар биелүүлсэн явдалд баяр хүргэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав гэх бичилттэй баярын бичиг (хх-ийн 15 тал),

10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 100193 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-12 тал),

11. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгосон CVL2423000001001890 дугаартай ...эцэг/эх/-ийн нэр: Д , өөрийн нэр: Нямгал гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 13 тал),

12. 1986 оны 5 дугаар сард авахуулсан гэх гэрэл зураг (хх-ийн 16 тал),

13. Гэрч Д.Ж ийн шүүхэд өгсөн ...Би 1963 оноос 1997 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт тракторчин, норомчин зэрэг ажил хийж байсан. Д.Н нь 1987 онд манай Модны үйлдвэрт зүсмэлийн норомчиноор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1997 оныг хүртэл ажилласан. Хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Би 1997 онд ажлаасаа гарсан. Д.Н ын аавыг нь Д , ээжийг Банзрагч гэдэг. Нямгал эцэг Д оор овоглодог байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 19 тал),

14. Гэрч С.Ж ийн шүүхэд өгсөн ...Би 1978 оноос Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт мод бэлтгэгч, тракторчноор ажилд орж 1995 оныг хүртэл ажилласан. Д.Н нь 1987 онд Хэнтий аймгийн Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд норомчноор ажилд орж 1995 оныг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг (хх-ийн 24 тал),

15. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-0, ажилладаг байгууллага-модны үйлдвэр, цех, тасаг, бригад-зүсмэл, ажилд орсон-1987 он, эрхэлдэг ажил-норомчин гэх  хх-ийн 29 тал ﴿ баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Д.Н нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ талаар өгсөн тайлбартаа ...1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн 1987, 1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Банзрагч гэж эхийн нэрээр бичсэн иргэний үнэмлэх эцэг Д оор овоглож овог нэрийн зөрчил гарсан... гэж тайлбарлалаа.

Хүсэлт гаргагч Д.Н ын иргэний үнэмлэх /хх-3/, ХААТР маягт, нийгмийн даатгалын дэвтэр /хх-11/ дээр Д Н гэж, харин хөдөлмөрийн дэвтэр /хх-6/ дээр Б Н гэж бичигдсэн байна.

Гэвч эдгээр нь бүгд Д Н ын бичиг баримт мөн болох нь дээрх бичиг баримтууд дээр бичигдсэн түүний ... тоот регистрийн дугаар болон түүний нэр дээрх ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...эцгийн нэр Д Д , эхийн нэр Ц Б гэх  хх-ийн 29 тал ﴿ баримтуудаар нотлогдож байна.

Мөн энэхүү хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн төрсөн он, сар, өдөр нь хүсэлт гаргагч Д.Н ын төрсөн он, сар, өдөртэй таарсан, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зураг солигдоогүй, тухайн үед авахуулсан гэх өөр зургийг шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн бөгөөд энэ зураг нь хөдөлмөрийн дэвтэрт авагдсан гэрэл зурагтай адил байна.

Иймд Б Н ын нэр дээрх 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн, 1987, 1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй, 188278 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Худай овогт Д Н ынх мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Н 1987-1993 оныг дуустал Хэнтий аймгийн Модны үйлдвэр болон Батширээт ХК-д ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг  баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 08/161 дугаартай лавлагаа /хх-3/-гаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Б Н ын нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн даргаас олгож, Хэнтий аймгийн Батширээтийн аймаг дундын модны үйлдвэр гэсэн тамга дарагдсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан, зураг солигдоогүй байна. Дэвтрийн 4-5 дугаар хуудаст бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан, 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдөр улсын үзлэгт орж, хөдөлмөрийн дэвтрийг хааж, нийгмийн даатгалын дэвтэр олгож, хөдөлмөрийн улсын байцаагчийн 030 дугаартай тамга дарагдсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Н тай хамт ажиллаж байсан гэх С.Ж , Д.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь 1987-1995 оныг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын аймаг дундын модны үйлдвэрт ажиллаж байсан болох нь тэдний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг мөн үнэлж шийдвэрлэв.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Н нь 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сум дахь Аймаг дундын модны үйлдвэрт туслах ажилтнаар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт ХК-д туслах ажилтан, нормчноор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Б Н ын нэр дээрх 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн, 1987, 1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй, 188278 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Худай овогт Д Н ынх мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Худай овогт Д Н ыг 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сум дахь Аймаг дундын модны үйлдвэрт туслах ажилтнаар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт ХК-д туслах ажилтан, нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА