Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2024/00240

 

2024 05 13 156/ШШ2024/00240  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00239/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ... оршин суух, Амбаа овогт А Ц ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч А.Ц нь 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт барилгын даамлаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч А.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт барилгын даамлаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээсэн ба Хэнтий аймгийн архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал нь байсан ба ажлаас халагдсан тушаал олдоогүй юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх ажилласан хугацаа баталгаажаагүй байна. Иймд дээрх хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц нь миний төрсөн ах юм. Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарсан. 1988-1989 онд Хэнтий аймгийн Ус сувагт ажиллаж байсан гэх нотлох баримт байхгүй байсан тул 2 хүнийг гэрчээр асуулгаж, намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. А.Ц ах маань 1988 онд Политехникийн дээд сургуулийг төгсөж ирээд Хэнтий аймгийн Усны аж ахуйд ажилд орж 1989 онд ажлаасаа гарч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р сургуульд химийн багшаар ажилд орж байсан. 1988 онд Хэнтий аймгийн Усны аж ахуйд ажилд орсон тушаал нь байгаад гарсан тушаал нь байхгүй байгаа тул шүүхэд хандсан. Тэрээр Хэнтий аймгийн Усны аж ахуйд усны инженерээр ажиллаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Ц нь 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт барилгын даамлаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8/321 дугаартай ...Хэнтий аймгийн Усны аж ахуйн 1989 оны удирдлагын, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1989, 1991 оны удирдлагын болон санхүүгийн баримтууд тус тус шилжиж ирээгүй тул А.Ц д холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэх албан бичиг (хх-ийн 4 тал),

3. Хүсэлт гаргагч А.Ц гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5 тал),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А.Ц гийн нэр дээрх Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1988 оны 6-12 дугаар сар, 1989 оны 1 дүгээр саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

5. Хүсэлт гаргагч А.Ц гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 7 тал),

6. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А.Ц гоос А.А тод олгосон итгэмжлэл (хх-ийн 11 тал),

7. Гэрч Ө.Ц гийн шүүхэд өгсөн ...Би 1967 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт бичээч, нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.Ц нь 1988 онд Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт инженерээр ажилд орж 1989 оныг хүртэл хэдэн сар ажилласан. Усны аж ахуйг удирдах газарт удаан ажиллаагүй ээ... гэх мэдүүлэг (хх-ийн 18 тал),

8. Гэрч Г.Э ын шүүхэд өгсөн ...Би 1984 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байна. А.Ц нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт барилгын даамал инженерээр ажилд орж, 1989 оныг дуустал ажилласан. Өмнө нь ажиллаж байсан Хэрлэн гэдэг хүн жирэмсний амралтаа аваад оронд нь А.Ц ажилд орж байсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 21 тал),

9. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1995 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-гидрогеологч, ажилладаг байгууллага-Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, ажилд орсон-1993 он, эрхэлдэг ажил-марка үйлдвэрийн туслах гэжээ (хх-ийн 25 тал),

10. А.Ц гийн дээрх 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-инженер, ажилладаг байгууллага-Усны аж ахуйг удирдах газар, ажилд орсон-1988 он, эрхэлдэг ажил-инженер (хх-ийн 26 тал) гэх баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч А.Ц гийн 1988-1989 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8/321 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Ц той хамт ажиллаж байсан гэх А.Ц , Г.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Ө.Ц нь Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1988-1989 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1967 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Г.Э нь Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1988-1989 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн А Ц-н нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 26/ боловсрол-дээд, нийгмийн бүлэг-ажилчин, мэргэжил-инженер, ажилладаг байгууллага-Усны аж ахуйг удирдах газар, ажилд орсон он-1988, цех бригад-0, эрхэлдэг ажил-инженер гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газрын барилга угсралтын конторт мастер, инженерээр ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч А.Ц гийн 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газрын барилга угсралтын конторт мастер, инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Амбаа овогт А Ц г 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газрын барилга угсралтын конторт мастер, инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА