| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00217/И |
| Дугаар | 156/ШШ2024/00241 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00241
2024 05 13 156/ШШ2024/00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00217/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р баг, Дуурлигт оршин суух, Боржигон овогт Ч О
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.О нь 1986 оны 7 дугар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд, 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ч.О нь хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.О нь 1968 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн. 1984-1986 онд Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ийн жимс ногоочны ангид сурч төгссөн. Төгсөөд Хэнтий аймгийн Мөрөн суманд хуваарилагдсан боловч Мөрөн суманд ажиллаагүй, 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс төрлөх сумынхаа Улаан-Од нэгдэлд 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаал дутуу, архивын баримт хагас дутуу байна. Иймд 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.О нь 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно хэмээн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/47 дугаартай албан бичиг (хх-ийн 3 тал),
2. №0110767 дугаартай Д Н төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
3. №59 дугаартай Д Ө төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8/104 дугаартай ...Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 1987-1989 оны санхүүгийн баримт шилжиж ирээгүй бөгөөд 1987-1990, 1992-1993 оны удирдлагын, 1990-1991, 1993 оны санхүүгийн, Мөрөн сумын Оч нэгдлийн 1986-1987 оны удирдлагын баримтад Ч.О т холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8/72 дугаартай Ч.О ийн нэр дээрх Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэл, Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж авсан 1986 оны 8, 10-12 дугаар сар, 1987 оны 3, 5 дугаар сар, 1992 оны 5-7 дугаар саруудын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
6. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 10 сарын 22-ны өдрийн 163 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
7. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),
8. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №0786622 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
9. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №1811000142 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
10. Хүсэлт гаргагч Ч.О ийн нэр дээрх 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн 1986, 1987, 1993 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-15 тал),
11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...Мөрөн сумын Оч нэгдэл хувьчлагдсан болон татан буугдсан бүртгэл улсын бүртгэлийн архивын санд бүртгэгдээгүй байна гэх албан бичиг (хх-ийн 23 тал),
12. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-ногоочин, ажилладаг байгууллага-Улаан-Од нэгдэл, ажилд орсон-1987 он, эрхэлдэг ажил-ногоочин гэжээ (хх-ийн 24 тал),
13. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/284 дугаартай ...Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан-Од ХК болж зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байсныг 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэх албан бичиг (хх-ийн 25 тал),
14. Шүүх хуралдаанд өгсөн гэрч Ц.О гийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ч.О ийн 1987-1993 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8/104 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.О тэй хамт ажиллаж байсан гэхЦ.О гаас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчЦ.О нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд 1987-1992 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1991 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 24/ боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, мэргэжил-ногоочин, ажилладаг байгууллага-Улан-Од нэгдэл, ажилд орсон он-11987, цех бригад-0, эрхэлдэг ажил-ногоочин гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од ХК-д ногоочноор ажиллаж байсан нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ч.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид ажиллаагүй, нэгдэл 1993 онд тарсан. Нэгдэл тарах хүртэл нэгдэлд ногоочноор ажилласан гэх боловч хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/284 дугаартай ...Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан-Од ХК болж зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байсныг 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэх албан бичиг (хх-ийн 25 тал)-ийг үндэслэн нэгдлийн зохион байгуулалтын хэлбэрийг харгалзан үзэж хүсэлт гаргагч Ч.О ийг 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од ХК-д ногоочноор ажиллаж байсан гэж үзэх боломжтой.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ч.О 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од ХК-д ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б Ч О-ийн 1987 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од ХК-д ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА