Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2023/0035

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Хасчулуун,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарын хооронд үүссэн газар өмчлөлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч газрын даамал М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэл гаргагч Б.Хасчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Л.Отгондорж нь “Б.Хасчулууны Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
    2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамалд холбогдуулан “Б.Хасчулууны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт даалгах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хамтран хариуцагчаар Газрын даамлыг татан оролцуулж,[1] нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар албан тоотоор “Иргэн Бат-Үнэн овогтой Хасчулуун нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмнөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна гэх хариуг ирүүлжээ[2].

Мөн нэхэмжлэгчээс сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар аймгийн Засаг дарга гомдлыг хянаад хариу өгөхдөө “...газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх тухай гомдлыг судлаад дараах хариуг хүргүүлж байна. Баянчандмань сумын Засаг даргын албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбарт анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй байна гэж үзсэн байна” ... Б.Хасчулууны газрын гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ.[3]

2.2. Нэхэмжлэгч Б.Хасчулуун асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй гээд 2022 оны 11 сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Б.Хасчулуун нь Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 60-н давааны зүүн талд 18 гудамж, 1801а тоот хаягтай, Улсын бүртгэлийн /Г-1426004453/ дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын /4116036252/ дугаартай 5000 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Тэрээр уг газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан байна. Гэтэл өөрийн өмчлөлийн газрын кадастрын мэдээллийг цахим сангаас харах гэсэн боловч “Мэдээлэл байхгүй байна” буюу газрын кадастрын мэдээлэл нь устсан байна. Чухам ямар шалтгааны улмаас мэдээлэл нь байхгүй болсон талаар холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнаас өнөөдрийг хүртэл мэдэгдэл мэдээлэл ирээгүй байна. Газрын кадастрын бүртгэл нь газар өмчлөх эрхийн салшгүй нэг хэсэг учир газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл байхгүй болсноор дээрх өмчлөлийн газар өөр бусад хүний өмчлөлийн газартай давхцах зэрэг асуудал бий болох цаашлаад Б.Хасчулуун нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж өгнө үү” хэмээн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 01/273 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичигт Б.Хасчулуун нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарласан байдаг. Дээрх 01/273 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад 2022 оны 08 сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг. Тус гомдлын дагуу Төв аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 01/1555 тоот албан бичгээр “Анхны өмчлөгч захирамж шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах боломжгүй гэж үзсэн тул гомдол маргааныг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Төв аймгийн Засаг даргын тус албан бичгийн 2022 оны 10 сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно. Б.Хасчулууны өмчлөлийн газар, газрын кадастрын бүртгэлтэй холбоотой дээрх байдлаар хоёр шатны Засаг даргад хандсан боловч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаад байгаа юм. “... Тиймээс иргэн Б.Хасчулууны өмчлөлийн дээрх газрын кадастрын мэдээллийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах зэргээр шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэх, дээрх шийдвэртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар өмчлөгчид мэдээлэх учиртай юм. Гэтэл Б.Хасчулууны газар өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байх тул хуульд заасны дагуу өмчлөгч нь тухайн газруудын кадастрын мэдээллийг бүртгүүлж, газрын мэдээллийн санд оруулах эрхтэй юм. Иймд дээрх газрын хууль ёсны өмчлөгч болох Б.Хасчулууны  эрх ашгийг хамгаалж, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон Газрын даамал нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхээс татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон Газрын даамал нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Б.Хасчулуун нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Эрдэнэ Жарын давааны зүүн талд 18 дугаар гудамж 1801-А тоот хаягт байгаа газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өмчилж авсан байдаг. 2018 оноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш 2022 оны байдлаар тухайн газрын кадастрын мэдээллийг харах гэсэн боловч харагдахаа больсон байсан. Энэ талаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад шийдвэрлэж өгөөч гэх байдлаар хүсэлт гаргасан. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргаас Б.Хасчулууны холбогдох газрын гэрчилгээ, холбогдох газартай холбоотой мэдээллээ ирүүлээгүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг. Гэтэл Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 болон 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байхаар хуульчилж өгсөн байдаг. Мөн иргэдээс төрийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн гомдлыг холбогдох эрх бүхий албан тушаалтан хүлээж авч, өөрийн шийдвэрлэх асуудлын хүрээнд бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авах, лавлагаа авах байдлаар асуудлыг шийдвэрлэхээр хуульчилж өгсөн байдаг. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй зөвхөн иргэн өөрсдөө холбогдох захирамж болон бусад материалаа ирүүлсний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэх шийдвэр гаргасан. Үүнийг хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн түүнчлэн газрын кадастрын мэдээллийг бүртгэхээс татгалзсантай холбоотой захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа болон мэдэгдэх иргэдийг тухайн ажиллагаанд оролцох талаар эрхийг нь хангаагүй учраас хууль зөрчсөн. Шүүх хуралдаан хүртэлх хавтаст хэрэгт цугларсан баримтаар тухайн захирамжийг хууль бус гэж гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, албан бичиг байхгүй. Байхгүй байгааг хууль бус гэж үзэж байгаа юм уу, ямар үндэслэлээр хууль бус гэж байгааг сайн тодорхойлж чадаагүй. Түүнчлэн Засаг даргын зүгээс тухайн асуудлаар анх хүсэлт гаргахад ямар нэгэн байдлаар хүсэлттэй  холбогдуулан тайлбар ирүүлээгүй. Тухайлбал, иргэнээс газрын гэрчилгээ, бусад баримтуудаа ирүүлээд, хүсэлт гаргаж, түүнтэй холбоотой сумын архивд захирамж нь байхгүй гэвэл захирамж гаргасан этгээдэд өөрт нь байх ёстой захирамж байхгүй байгааг бусад этгээдээс улсын бүртгэлээс материалыг нь татаж үзээд, энэ талаар иргэнтэй уулзаад тухайн байдлыг шүүхэд шилжихээс өмнө асуудлыг шийдэх боломжтой байсан. Тэр байдлаар ажиллагаа явагдаагүй. Шүүхийн шатанд ирсэн хойно архивд баримт байхгүй байна. Энэ бол хууль бус гэх тайлбарыг ирүүлээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 3-4 тайлбарыг ирүүлсэн байдаг. Эхлээд шийдвэрлэх боломжгүй гэх, дараа нь архивд байхгүй гэх, дараа нь илт хууль бус гэх тайлбар гаргасан. Төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Цагдаагийн байгууллагад бид нар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа энэ асуудлыг шийдвэрлэе. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэсний дараа бүртгэлийг сэргээх асуудлыг шийдвэрлэж болно гэж тэмдэглэлд тусгагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар 690 дүгээр тогтоол болон бусад анх 2021 онд байх Газрын даамал М.Алтантуяагаас ирүүлсэн гомдолтой холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлээд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд хэрэгсэхгүй болгоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд 2-3 тогтоол авагдсан байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаа эрүүгийн журмаар шалгагдаад дууссан бол одоо энэ асуудлыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байдлаар шийдвэрлэж болно гэсэн тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Тухайн А/360 дугаартай захирамжийг хууль бус гэж үзээд байгаатай холбоотой өмнө тайлбарласан. Гэрчийн мэдүүлгээс өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хойд хавсралт дээр гарын үсэг зурагддаг, зурагддаггүй гэж тайлбарлаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гагцхүү талууд өөрсдийн тайлбар, нотлох баримтаар тогтоох ёстой. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтын хүрээнд гэрчийн мэдүүлгээс өөр зүйл байхгүй. Хоёрдугаарт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэн хууль ёсны дагуу баримтаа бүрдүүлсэн талаар нотлох баримтаа ирүүлсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой. Гэтэл өнөөдөр иргэн газар өмчлөх хүсэлтээ өргөдлөө өгөөд тэр нь өөрт нь хувь үлдэх боломжгүй баримтууд байгаа. Энэ ямар баримтаар тогтоогдох вэ гэхээр нэгдүгээрт, хүлээж авсан хүний тайлбараар, хоёрдугаарт, хүлээлгэн өгсөн, гуравдугаарт, эрх бүхий байгууллагаас тухайн өргөдлийг шийдвэрлээд холбогдох шийдвэр гарсан бол тухайн шийдвэрээр тогтоогдох ёстой болоод байна. Өнөөдрийн үйл баримтаар. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд Газрын даамал Д.Гэрэлхүүгийн тайлбар байгаад байна. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. А/360 дугаартай захирамжтай холбоотой иргэд хүсэлтээ өргөдлөө өгсөн эсэх талаар хүлээж авсан, хүлээж аваад бүртгээд аймгийн мэдээллийн санд явуулдаг байсан гэж өөрөө тайлбарласан. Хоёрдугаарт, өргөдөл хүлээлгэн өгсөн хүн буюу Б.Бат-Үнэнгийн тайлбар байгаа. Тухайн үед нэхэмжлэгч насанд хүрээгүй хүн байсан учраас тухайн үед хууль ёсны асран хамгаалагч буюу аав, ээж хоёр нь цуг явж байсан. Б.Бат-Үнэнг гэрчээр асуусан байдаг. Мөн Б.Бат-Үнэн тайлбарлахдаа Д.Гэрэлхүүд өгч байсан талаар тайлбарладаг. Гуравдугаарт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн баримт дээр 04137-0300010-17 өргөдлийн дугаараар энэ газрыг нэхэмжлэгчийн газрыг бүртгэсэн байна гэж ирүүлсэн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, хариуцагчийн тайлбарлаж байгаа нотлох баримт ирүүл гэж байгаа боловч иргэнээс шууд гарах боломжтой буюу үлдэх хувь байхгүй учраас бусад баримтаар тогтоогдож байгаа. Б.Хасчулуун нь тухайн газрыг өмчилж авахаар өргөдөл гаргаж байсан. Мөн хэрвээ огт баримт бичиг өгөөгүй байсан бол энэ хүний хувийн мэдээллийг яаж олж аваад захирамж гарах юм бэ. Улсын бүртгэлээс ирүүлсэн захирамж дээр Бат-Үнэнгийн Хасчулуун регистрийн дугаар болон бүх мэдээлэл нь байгаа. Хүний хувийн, эмзэг мэдээлэлд хамаарах баримтыг хүн өөрөө баримтаа бүрдүүлээд өгсний үндсэн дээр олж авна гэхээс бусад байдлаар тэрийг хэн олж авч үлдэх боломжтой юм бэ гэж үзэхээр Б.Хасчулууны хувьд холбогдох баримтаа бүгдийг нь өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хасчулууны газар өмчлөх эрхийн гэрчилгээ газрын кадастрын бүртгэлд бүртгэлтэй байсан. Газрын кадастрын бүртгэлийн систем шинэчлэгдэж, хуучин систем дэх мэдээллийг шинэ систем руу оруулах явцад Б.Хасчулууны газрыг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогддог. 2020 оны А/177 дугаар тушаалаар батлагдсан иргэнд газар өмчлүүлэх, кадастр хийх журам цаг хугацааг дуусгавар болгож, хаах зохицуулалт байхгүй болсон. Өмнө нь үйлчилж байсан 2011 оны 211 дүгээр тушаалаар  батлагдсан журам бол тухайн үед хэрэгжиж байсан журмын 3.5-т зааснаар өргөдлийг бүртгэх ёстой гэх агуулгатай зохицуулалт байгаа. Үндсэндээ цаг хугацааг дуусгавар болгож, хаах зохицуулалт байхгүй. Анхны өмчлөгчийн баримт материал байхгүй гэж яриад байна. Улсын бүртгэлийн хэлтэст хувийн хэрэг байгаа. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас кадастрын мэдээллийн системд бүртгэх, өргөдлийг хүлээн авах бүртгэсэн баримт, “Бориг тэс” ХХК-иас нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн иргэдийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Сумын Засаг даргын Тамгын газрын архивд холбогдох баримтууд байхгүй гэх үйл баримтууд байна. Бусад холбогдох баримтууд гарч ирээд байдаг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ гэж заасан. Энэхүү заалтын дагуу Б.Хасчулуун өөрийн өмчлөлийн газарт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспортыг гаргуулсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасны дагуу Б.Хасчулуун өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээгээ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргуулж авсан. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газрын кадастрын системд Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийг үндэслэн мөн өдөр Б.Хасчулууны 4116036252 нэгж талбарын дугаартай 04137-030001017 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн байдаг. Хавтаст хэрэгт системээс хэвлэсэн баримтаар тогтоогдож байгаа. Борви тэс компаниас ирүүлсэн албан бичиг байгаа. Тус компанийн албан бичигт кадастрын зураг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн талаарх нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт хийгдсэн зэрэг баримтуудыг албан бичгээр ирүүлсэн. Захирамжийн тухайд нэгдүгээрт, 2017 онд А/360 дугаартай давхардсан захирамж байгаагүй. Хоёрдугаарт, захирамжийн бүртгэлд бүртгэлтэй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж нь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж ирсэн байдаг. 2017 оны архивлагдсан захирамжийн баримтыг үзлэгээр үзэхэд 2 хуудас захирамж байхгүй. Товьёг дээр өмчлөх эрхтэй захирамж 2 хуудас гарсан нь товьёг дээр тусгагдсан. Захирамжийн хавтас зэрэг хуулгыг үзэхэд А/360 дугаартай захирамжийн 2 хуудсыг алгасаад дугаарлаад, голд нь 2 хуудас захирамж байхгүй гэдгээр дугаарлагдаад явсан. Үндэсний архивын газрын даргын 2017 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан байгууллагын архивын ажлын үндсэн заавар 2021 онд шинэчлэгдэж, тус журмын 3.4.2-т хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүрэн зөв хөтлөгдсөн, байнга, олон удаа болон удаан хугацаагаар хадгалагдах хэрэгт хуудас дугаарлах, баталгааны хуудас бичих, дотоод товьёг үйлдэх, үдэж хавтаслах болон тодорхойлолт бичих зэрэг бүрэн байдлыг зэрэг эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийж хадгалах, хадгаламжийн нэгж бүрдүүлнэ. 3.4.7-т байгууллага удаан хугацаанд хадгалах хадгаламжийн нэгж бүрийн төгсгөлд баталгааны хуудас товьёг үйлдэж хавсаргана гэж заасан. Баталгааны хуудас болон товьёгт дурдсанаар баримт, хадгаламжийн нэгж байгаа гэдгийг баталгаажуулж байгаа хуудаснууд ач холбогдолтой баримтууд байгаа. Гэтэл энэ захирамж нь дундаасаа 2 хуудас алга болсон үйл баримт байгаа. Б.Хасчулууны хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүсэлтээ гаргаж, кадастр, газрын хянан баталгаа зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээд, Засаг даргын А360 дугаартай захирамжаар өмчлөх эрхийг олж авсан. Энэ захирамж нь ганцхан Засаг даргын Тамгын газрын захирамжийн хуулбар байдаггүй. Байхгүй гэж үзье гэхээр нэгдүгээрт, дугаар давхцаагүй, зөвхөн голоос нь 2 хуудас захирамж алга болсон гэх үйл баримт байгаа. Тийм учраас өөрсдийн байгууллагын архивд байх ёстой баримтыг Б.Хасчулуунаас шаардаж, бүртгэхээс татгалзаад байгаа татгалзал нь өөрөө хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Хасчулууны өмчлөх эрх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд баталгаажсан. Чанарын баталгаа 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Үүнийг сүүлд гаргасан гэж тайлбарлаад байх шиг байна. Архивд байхгүй гэж хэлдэг. Зөвхөн сумын архивд байхгүй гэх асуудал бий болоод байна. Бусад байгууллагууд дээр сумын архивын хуулбар үнэн тэмдэгтэй, тэнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураад, иргэнд олгоод тэр хуулбар үнэн, тэмдэгтэй захирамж нь улсын бүртгэл рүү явсан. Үүний дагуу өмчлөх эрх үүссэн гэж харагдаж байна. Б.Хасчулууныг хуурамчаар, огт байгаагүй, хүсэлтээ өгөөгүй байж байгаад газар өмчлөх эрхийг олоод авчихсан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Хасчулуун нь холбогдох хүсэлтээ өгөөд, захирамж гарч, газрын хянан баталгаагаар паспорт авч байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа. Үүний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан. 360 дугаартай захирамж гарсан эсэх гараагүй талаар маргаж байгаа. 360 дугаартай захирамж гараагүй гэхээр 360 дээр дугаар аваад, бүртгэлдээ бүртгээд, 360 дугаартай захирамжийн 2 хуудсыг алгасаад дугаарласан хуулганууд нь сумын архивд байгаа. 360 дугаартай захирамж гараагүй байх боломжтой гэх таамгийг дэвшүүлж байна. Энэ хэрэг нөгөө хэргүүдээсээ юугаараа ялгаатай вэ гэхээр нөгөө хэрэгт 2 захирамж эсхүл 2 хавсралт байгаад байсан. Нотлох баримтаар алийг нь үнэлэх вэ гэх асуудал шүүхийн өмнө тулгарсан. Гэтэл ганцхан захирамж, ганцхан хуулбар байгаа. Энэ нотлох баримттай өрсөлдөх хэмжээний нотлох баримт байхгүй. Танайх тэр архивдаа хууль ёсны дагуу үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй, албан ёсны захирамжийг архивдаа бүрдүүлж хийх нь зүйтэй. Хоёрдугаарт, архивын ажилтан, Газрын даамал нар хариуцлагагүй байсан байна. Мөн захирамжид Засаг дарга хяналт тавих ёстой. Энэ баримтууд байхгүй нөхцөл байсан байна гэх хариуцсан хүмүүс нь ярьж байгаа. Төрийн байгууллагууд өөрсдөө үйл ажиллагаандаа алдаа байгаа бол тэрийгээ шударгаар хүлээх хэрэгтэй. Энэ ажиллагаандаа иргэдийг татаж оруулаад эрхийг нь хязгаарлаад байх нь зохимжгүй. Эргээд энэ байдал нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудтай зөрчилдөнө. Төр эцсийн эцэст шүүх ч гэсэн ялгаагүй гол оршин тогтнож байгаа үндэс нь иргэдийн итгэлийг хамгаалах ёстой. Энэ ч утгаараа Захиргааны ерөнхий хуульд зарчмууд байгаа. Тийм учраас өөрсдийн алдааг  хүлээн зөвшөөрөөд, энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг дээр Д.Гэрэлхүү хууль бусаар гаргаж байсан гэж мэдүүлж байсан. Гэхдээ тэр захирамжийг хуурамчаар гаргасан гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн хурал дээр дурдсан А/360 дугаартай захирамжийг хууль бусаар гаргасан гэх мэдүүлэг байхгүй. Хоёрдугаарт, прокурорын тогтоол дээр энэ захирамж хуурамч байна гэсэн зүйл байхгүй. Тэгээд ч прокурорын тогтоолд хэргийг шийдвэрлэдэг гэм буруугийн асуудлыг тогтоодог зүйл биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэжээ.

3.4 Хариуцагч М.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Үнэн гэх хүн өмнө нь хоёр ч удаа манайд ирж уулзаж байсан. Манай хоёр хүүхдийн материал байх ёстой гээд тухайн үед материалыг нь шүүж үзэхэд гарч ирээгүй. Т.Энхжаргал даргатай нэг удаа ирж уулзсан. Г.Ариунболд Засаг даргатай нэг ирж уулзсан. Б.Бат-Үнэн гэх хүн манай суманд 2 хүүхдийнхээ хүсэлтийг өгөөд хандах боломж байгаа талаар хэлж байсан. Хүсэлтээ өгөөд явбал тухайн үед гаргасан хүүхдийн тань захирамж, шийдвэр  байхгүй бол хянаж үзээд, хэрвээ байхгүй бол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу тухайн жилийн төлөвлөгөө үү тусгаад 5000 м.кв-аар боломжгүй гэхэд буцаагаад ямар нэгэн байдлаар олгоод өгөх боломж байгаа талаар Г.Ариунболд Засаг даргын үед уулзаад, ярилцаад гарч байсан. Эргэж бид нарт хандахгүйгээр шүүх рүү хандсан асуудал байгаа. Тухайн үеийн иргэдийн материалыг тухайн үеийн Газрын даамал цаасаар өгч байсан бол байгаа байх. Хэрхэн өгсөн талаар мэдэхгүй байна. Цахимаар фейсбүүк, мессенжерээр харьцаад энэ шийдвэрийг тэр хүн гаргасан байх магадлалтай гэж үзэж байна гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийнх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг сонслоо. Б.Хасчулууны хувьд бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн. Яагаад боломжгүй вэ гэхээр архивт энэ баримт байдаггүй. Б.Хасчулуун гэх хүн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлж өгсөн талаарх асуудлыг хөндөхөд байхгүй байсан. Хоёрдугаарт үндэслэл бүхий А/360 дугаартай захирамж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн захирамж бол бүртгэгдсэн боловч архивд байдаггүй. Үүнд төрийн байгууллага буруутай гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ захирамжийг Засаг дарга Ц.Энхжаргал гэх хүн гаргасан байдаг. Ц.Энхжаргал гэх хүн энэ захирамжийг би гаргаагүй гэдгээ өөрөө биечлэн нотолсон. Энэ захирамж нь өөрөө хууль ёсны гэж үзэх үндэслэл улсын бүртгэлд байгааг үзэх боломжгүй. Яагаад вэ гэхээр, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5000 м.кв-аар олгох боломжгүй. 0.07 га газар байсан. Хоёрдугаарт, 5000 м.кв-аар 10 хүнд буюу ийм олон хүнд олгоогүй гэж хэлдэг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчиж, тухайн иргэдэд энэ газар олгоогүй, олгох боломж байхгүй гэж хэлдэг. Ийм тайлбар хэлдэг. Энэ нь нэгдүгээрт, архивд байхгүй байгаа үйл баримт, хоёрдугаарт, энэ захирамжийг гаргах эрх бүхий Засаг дарга нь өөрөө гаргаагүй гэдгээ давхар нотолсон. Ганц тэнд байгаа баримтаар биш бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. А/360 дугаартай захирамжийг Газрын даамал Д.Гэрэлхүү хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Эдгээр хүмүүст олгосон бол хувийн хэрэг буюу 10 иргэний өргөдөл, бусад холбогдох нотлох баримтууд байх ёстой байсан. Нэхэмжлэгч тал газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт гаргуулсан гэж хавтаст хэргийн 39 дүгээр талд байгаа. Үүнийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэсэн байна. Тэгээд сумын төвийн урд хэсэг гэсэн байгаа. Улаанбаатар хот 2012 он гэсэн байгаа. Үүнийг судлахаар нь би хэлнэ. 2017 оны 12 дугаар сарын 22-ны А/360 дугаартай захирамж гарахаас өмнө хянан баталгаа хийсэн гэх асуудлыг хөндөж байна. Жилийн дараа хийлгэсэн байгаа. Газар өмчлүүлэх тухай хууль 19.2-т байгаа. Зураг хийлгүүлэх, хянан баталгаа хийлгүүлэх гэж. Энэ нь газар өмчилж авах иргэний эрх, үүрэг. Өмнө нь эдгээр баримтуудыг бүрдүүлээд авах ёстой. Гэтэл үүнийг аваагүй. Жилийн дараа хийлгэсэн баримтуудаа бид өнөөдөр тухайн үед хийлгээд авсан гэх, “Бориг тэс” компанийг ярьж байна. “Бориг тэс” ХХК мөн А/360 дугаартай захирамжийг үндэслээд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр кадастрын зураг хийсэн байдаг. Өмнө нь хийлгээд нотлох баримтуудаа бүрдүүлээд өгсөн гэх нотлох баримт харагддаггүй. Засаг даргын хувьд маргаан бүхий албан бичигт боломжгүй гэх хариу өгсөн. Холбогдох бичиг баримтыг хэзээ, хэрхэн, хэнд, ямар баримт материал өгсөн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тийм учраас нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа саналаа дэмжиж байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбараа хэлж байна. Нэг талыг л барьж байна. Гарсан байх ёстой, гарсан болоод ийм баримтууд гарсан гэж яриад байна. Бид бол гараагүй, гарах боломжууд байхгүй байсан гэж үзэж байна. Ганц гэрчийн мэдүүлэг биш. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь дээр 5000 м.кв-р өгөх талаар байгаагүй. Өмчлөл байхгүй. Үүнийг хэн гаргадаг вэ гэхээр Засаг дарга гаргадаг. Газрын даамал хүмүүст газар олгоод байгаа асуудал үүсээд байна. Газрын даамал өөрийн дураар, Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, хуурамчаар бичиг баримт үйлдээд газар олгоод байгаа асуудал биш. Үүнийг яагаад зөвтгөх гээд байгаа юм бэ гэдэг асуудал үүсээд байна. Газрын даамал тийм эрхтэй хүн биш. Засаг дарга нь өөрөө би гаргаагүй гээд байхад ганцхан гэрчийн мэдүүлгээр буруу гэж болдог юм уу. Бид иргэдийг буруутгаагүй. Гэхдээ иргэд холбоотой. Өмнөх хэргээс ялгаа байхгүй. Яагаад энэ хүмүүс 5000 м.кв-р аваад байгаа юм бэ. Яагаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа  юм бэ гэх асуудал. Та нар үүнийг нотлоогүй, тогтоогоогүй байна гээд байгаа. Байхгүй байгаа нь өөрөө хуурамчаар хийсэн учраас манай архивд байхгүй байгаа. Эх хувь нь хаа ч байхгүй. Энэ хүн юу гэж хүлээх юм бэ. Өөрөө ийм үйл ажиллагаа явуулаад, авлига авсан юм уу, юу авч, өгсөн талаар би өөрөө ингэсэн гээд зогсож байх уу. Үгүй. Аль болох тэрийгээ  далдлах, нуух, тэр арга замыг хайна. 360 гээд 0.7-оор өгсөн өөр захирамж байхыг ч бид үгүйсгэхгүй. Гэхдээ харамсалтай нь тийм зүйл байхгүй. А/360 дугаартай захирамжийг өөрөөр олгосон асуудал байхгүй. Үр хүүхдүүддээ өгсөн хамаарал бүхий этгээдүүд байдаг. Энэ асуудлууд дахиад хөндөгдөөд байгаа. Үүнийг зөвтгөх гээд энэ захирамж бол хууль ёсны эх хувиа авч чадаагүй нь та нарын буруу гээд төрийн байгууллагыг буруутгаад байгааг би үндэслэлгүй гэж харж байна. Бид аливаа зүйлийг нухацтай шийдэх ёстой. Засаг дарга 5000 м.кв-аар олгоогүй, би гарын үсэг зураагүй, миний гарын үсэгтэй харьцуулаад үз гээд байхад та үүнийг гаргасан байна, би энэ хүнд олгоно гэж болохгүй. Бид тэрийг олгох гээд зогсоод байна. Цагдаагийн байгууллагад ч өгдөг. Хөөн хэлэлцэх хугацаа гээд хаачихдаг. Үүнд төрийн байгууллагыг шууд буруутгаад, та нар ийм захирамж гаргасан учраас үүнийг батал. Хуурамч байсан ч гэсэн та нар хариуцлага хүлээ гэж тэгж болохгүй. Хууль дээдлэх зарчим яах юм бэ. Энэ дундаас нь хэсэг бүлэг хүмүүс ашиг хонжоо олоод байна. Хууль бусаар аливаа гэмт үйлдэл хийгээд байна. Үүнийг зүгээр л хийсэн юм байна, зүгээр орхичих гэж болохгүй. Бид цаашид дараа дараагийн асуудлаа тавина гэж хэлээд байна. Гэхдээ өнөөдрийн хувьд ямар ч байсан энэ захирамж бол манайд эх хувиараа байхгүй байна. Мөн гаргасан хүмүүс нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх агуулгаар. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар иргэдийн хурлын төлөвлөгөө нь бүгд нотолж байна. 2017 онд 5000 м.кв-аар өгөх ямар ч боломж байхгүй байсан. Гэтэл Д.Гэрэлхүү ийм үйлдэл хийгээд олгосон. Хэрвээ бид бичиг баримтуудаа өгөөгүй бол Б.Хасчулуун гэж бичигдэхгүй гээд байгаа. Паспортыг нь канондоод өгсөн л байгаа байх. Өөр яах юм бэ. Газар өмчлүүлэх тухай хуульд заасан бичиг баримтууд хаана байна вэ гэхээр байхгүй байгаа. Хоёрдугаар хавтаст хэрэгт байгаа. Газрыг өмчилж аваагүй болохыг тодорхойлов гээд лавлагаа байгаа. Тэгвэл яагаад энэ хүн өнөөдрийг хүртэл газар өмчлөөгүй байгаа юм бэ. Байхгүй байна. Нэг удаа газар иргэнд үнэгүй өмчлөх хуулийн зохицуулалттай. Ингэж аваад байгаа юм бол яагаад бүртгэлд нь байхгүй байгаад байгаа юм бэ. Бас л асуудалтай байна. Үүнийг үнэн, зөв энүүгээр шийд гэдэг нь учир дутагдалтай. Эргэлзээтэй асуудал байхад энийг шийдэх боломжгүй. Эх хувийг нь өгдөггүй, өгөөгүй гэж ярьж байна. Гэхдээ та бүхэн өөрсдөө энэ нотлох баримтыг бүрдүүлж өгсөн нь нотлогдохгүй байгаад байна. Д.Гэрэлхүү мэдээж авсан л гэж хэлнэ. Ийм зүйл гаргасан хүн. Юу гэж би аваагүй гэж хэлэх юм бэ. Д.Гэрэлхүүгийн бүх зүйлд үзлэг хийхэд байхгүй байсан. Байсан бол тэр дотор нь нэг газар л хэвтэж байх ёстой байсан. Арвуулаа байхгүй байгаад байна. Бүгдийг нь өмгөөлөгчтэй нь хамт шүүсэн. Бүх хүний нэрсээр нь шүүхэд юу ч байгаагүй. Төстэй нэрийг нь хүртэл харсан. Овог нь ч юм уу ямар нэгэн зүйл нь зөрж байдаг. Байхгүй байгаад байна. Албан ёсоор өгсөн асуудал байгаад бол өөр хэрэг. Иргэн өөрөө бүх баримтыг өгөөд Д.Гэрэлхүү хуурамч гээд гаргасан бол өөр хэрэг. Гэтэл иргэн өөрөө юу ч өгөөгүй. Паспорттой үнэмлэхийн хуулбар өгсөн байж магадгүй. Гэхдээ паспортын хуулга нь ч байхгүй байгаа. Би нэг л зүйлийг хэлээд байгаа. Тэр хүн бүх зүйлийг далдлаад, нууна, гэмт хэрэг хийснээ хэзээ ч илчлэхгүй. Д.Гэрэлхүүг зөвтгөөд байгаа юм шиг яриад байгаа нь буруу. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн болон бусад оролцогчдын тайлбаруудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаартай актыг, улмаар дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.       

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгох, Б.Хасчулууны Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

  1. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч талаас “Б.Хасчулуун нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Эрдэнэ Жарын давааны зүүн талд 18 дугаар гудамж 1801-А тоот хаягт байгаа газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өмчилж авсан байдаг. 2018 оноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш мэдээллийн санд бүртгэлтэй байсан мэдээлэл нь 2022 оноос тус газрын кадастрын мэдээлэл харагдахаа больсон. Энэ талаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад шийдвэрлэж өгөөч гэх байдлаар хүсэлт гаргасан. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргаас Б.Хасчулууны холбогдох газрын гэрчилгээ, холбогдох газартай холбоотой мэдээллээ ирүүлээгүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг. Газрын кадастрын бүртгэлийн систем шинэчлэгдэж, хуучин систем дэх мэдээллийг шинэ систем руу оруулах явцад Б.Хасчулууны газрыг бүртгэхгүй, бүртгэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогддог. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын зүгээс энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар албан тоотоор “Иргэн Бат-Үнэн овогтой Хасчулуун нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэр гаргасан.

Б.Хасчулуун өөрийн өмчлөлийн газарт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспортыг гаргуулсан байдаг. Д.Гэрэлхүүгийн мэдүүлэг дээр Д.Гэрэлхүү хууль бусаар гаргаж байсан гэж мэдүүлж байсан. Гэхдээ тэр захирамжийг хуурамчаар гаргасан гэсэн баримт байхгүй. Өнөөдрийн хурал дээр дурдсан А/360 дугаартай захирамжийг хууль бусаар гаргасан гэх мэдүүлэг байхгүй. Хоёрдугаарт, прокурорын тогтоол дээр энэ захирамж хуурамч байна гэсэн зүйл байхгүй. Прокурорын тогтоолд хэргийг шийдвэрлэдэг гэм буруугийн асуудлыг тогтоодог зүйл биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нарт бүртгэхийг даалгаж өгнө үү” гэж, 

    1. Хариуцагч талаас “Б.Хасчулууны хувьд бүртгэх боломжгүй гэх хариу өгсөн. Б.Хасчулуун гэх хүн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлд заасан баримтуудыг бүрдүүлж өгсөн талаарх асуудлыг хөндөхөд байхгүй байсан. Хоёрдугаарт үндэслэл болгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж бүртгэгдсэн боловч архивд байдаггүй. Засаг дарга байсан Ц.Энхжаргал гэх хүн энэ захирамжийг би гаргаагүй гэдгээ өөрөө биечлэн нотолсон. Энэ захирамж нь өөрөө хууль ёсны гэж үзэх үндэслэл улсын бүртгэлд байгааг үзэх боломжгүй. Иргэн өөрөө бүх баримтыг өгөөд Д.Гэрэлхүү хуурамч гээд гаргасан бол өөр хэрэг. Гэтэл иргэн өөрөө юу ч өгөөгүй. Иргэний үнэмлэхийн хуулбар өгсөн байж магадгүй. Гэхдээ үнэмлэхийн хуулга нь ч байхгүй байгаа. Тэр хүн бүх зүйлийг далдлаад, нууна, гэмт хэрэг хийснээ хэзээ ч илчлэхгүй. Д.Гэрэлхүүг зөвтгөөд байгаа юм шиг яриад байгаа нь буруу. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
    1. Хариуцагч нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар албан тоотоор “Иргэн Бат-Үнэн овогтой Хасчулуун нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөх өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна гэх хариуг өгсөн гэж тус тус маргажээ.

2. Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл, хариуцагч Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн архивт хийсэн шүүхийн үзлэгээр маргааны гол зүйл болох, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж улсын бүртгэлд бүргэгдсэн газар өмчлөх эрхийн анхны бүртгэлийн баримт буюу Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж нь хэдийгээр хадгалагдаагүй байх боловч, тус сумын бичиг хэргийн бүртгэлийн захирамжийн бүртгэлд  А/359 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж 2 хуудас гэж бүртгэгдэн, баримт нь хавсралтын хамт хадгалагдсан, А/361 дугаартай “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах” тухай захирамж 1 хуудас гэж бүртгэгдсэн, баримт хадгалагдсан, харин  А/360  дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж 2 хуудас гэж бүртгэгдээд, баримт хадгалагдаагүй, мөн Сумын Засаг даргын 2017 оны /А/ захирамжийн товъёог гэсэн бүртгэлд А/360 дугаартай захирамжийг “0” гэж тэмдэглэн бүртгэсэн[4]   зэргээс хариуцагч нарын дээрх А/360 дугаартай захирамж гараагүй, түүний хууль бусаар үйлдсэн гэх, нөгөө талаар  нэхэмжлэгчээс хууль ёсны дагуу газар өмчлүүлсэн дээрх захирамжийн дагуу газар өмчлөх эрх үүссэн гэх маргааныг шийдвэрлэх баримт нь тодорхойгүй болж байна.  Учир нь хариуцагч захиргааны байгууллага нь уг захирамжийг гараагүй буюу тухайн үед сумын Газрын даамал албан тушаалд ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь олон хүнд хуурамч бичиг баримт үйлдэн газар өмчлүүлж байсан гэдэгт энэхүү А/360 дугаартай захирамж хэрхэн хамаарч байгаа талаар нотлох ямар нэгэн баримт ирүүлээгүй, зөвхөн уг захирамж байхгүй гэдгээр нь гараагүй гэж тайлбарлаж байгаа, нөгөө талаар нэхэмжлэгчээс уг захирамжийг гарахад, холбогдох журмын дагуу бүрдүүлж өгсөн гэх баримтын талаар эх сурвалжийг зааж өгөхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас шүүх нь дээрх нөхцөл байдлуудыг цаашид тодруулах боломжгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэхээр байна.

    1. . Нэхэмжлэгч талаас зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргана гэж тайлбартаа хэлэхдээ, газрын мэдээллийн сангийн өмнө нь хэрэглэж байсан санд  бүртгэлтэй байсан мэдээллийг шинээр хэрэгжиж эхэлсэн мэдээллийн санд бүртгэлийг зөөж оруулахгүй байгаа эс үйлдэхүйн асуудлын хүрээнд маргааныг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Хариуцагч талаас, тухайн үед ажиллаж байсан албан тушаалтны нэг бус удаагийн дараалсан үйлдлүүдээр тухайн маргаж буй акт  байхгүй,  үүнийг өөрсдөө хадгалалт, хамгаалалт муу ажилласан гэж тайлбар өгч байгаа хэдий ч тухайн актыг гэмт хэргийн санаа зорилготой гарсан гэж тайлбарлаж байна. Мөн ийм төрлийн актыг гаргах эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга нь “би хавсралт дээр гарын үсэг зурдаггүй” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа захирамжийн хавсралтад тамга дардаг болохоос гарын үсэг зурдаггүй Д.Гэрэлхүү нь тамган дээрх гарын үсгийг салгаж чадаагүй болохоор алдаатай зүйл хийсэн гэж тайлбарлажээ. Мөн бичиг хэргийн ажилтны алдаатай зүйл ч байгаа гэх тайлбарыг өгсөн. Газар олгосон нөхцөл байдлуудаас болоод гэр бүлийн хамаарал бүхий гишүүдэд нэг дор газар олгосон зүйл орж ирж байна. Тухайн нэхэмжлэгч иргэний заасан байршилд биш өөр газарт уг захирамжийн газар нь байхаар байна гэх  тайлбарууд гаргаж байна.
    2. . Шүүхээс нэхэмжлэгч талыг газар өмчлөх хүсэлт гаргасан эсэх, хэзээ хэнд хэрхэн хандсан эсэх эх сурвалжийг тодорхойлж, хүсэлт гаргаснаа нотол гэх зэргээр удаа дараа эх сурвалжийн баримтыг шаардсан. Энэ асуудал тодорхойлогдоогүй, холбогдох эх сурвалжийг зааж өгөөгүй. Шүүх хэргийг олон талаас нь судалж хавсаргасан баримтууд нь хэзээ, хэзээ гарсан бэ гэдгийг тодруулсан. Үүн дээр хүсэлт гаргасан байж болох цаг хугацаанаас хойш хавсаргах ёстой байсан кадастрын зураг хийлгэсэн талаарх баримтууд гарсан лавлагаанууд авагдсан учраас хүсэлтээ зохих хууль журмын дагуу гаргасан эсэх нь нотлогдохгүй байна.
    3. . Мөн нэхэмжлэгч хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан, түүнийг хариуцагч хуульд заасны дагуу шийдвэрлэсэн эсэх дээр хэн аль нь эргэлзээтэй нөхцөл байдлын тайлбар гаргадаг. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс бусдад давуу байдал олгосон, хууль бусаар өмч хөрөнгө олж авах боломжийг бий болгосон гэж хариуцагч захиргааны байгууллагаас тайлбарладаг тул Захиргааны хэргийн шүүхээс уг гэм буруугийн асуудлыг тогтоох боломжгүй байна. Иймд энэ шүүхийн хянан шийдвэрлэх цар хүрээ, агуулгаас хэтэрсэн байна гэх үндэслэл гарч ирж байна. Нөгөө талаар  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамж нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт болох ба энэ захирамжийг захиргааны байгууллагаас гаргасан, гаргаагүй , улмаар энэ захирамжийг эрх бүхий байгууллагаас хуурамч, эсхүл хууль бус, хүчингүй гэж тогтоосон ямарваа нэгэн баримт байхгүй байх тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг таслан шийдвэрлэх боломжгүй болж байна.
    4. . Иймд тухайн маргаан бүхий акт хуульд заасан үндэслэл, хууль журмын дагуу гарсан эсэх, гэмт хэргийн үйлдэл бий эсэх, авлига албан тушаал болон ашиг сонирхлын үүднээс гарсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, нөгөө талаар хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан нар нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон, мөн сумын Газрын даамлын үүргийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн ... заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, ... хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т  Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, ... бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” тус тус заасан тул хариуцагч Засаг дарга, хариуцагч сумын Газрын даамал нар иргэний газар өмчлөх эрхийн асуудлаар гаргасан асуудлыг эрх, үүргийн хүрээнд зохих ёсоор шалган тогтоож, шийдвэрлэх үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч нар зохих хянан шийдвэрлэж хариу өгөөгүй байх ба энэхүү эс үйлэхүйгээс нэхэмжлэгч иргэн нь газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөл бүхий газрыг зохих эрхийн хүрээн өмчлөх эрх нь хэрэгжих боломжгүй болсон нөхцөл бий болж байх, мөн талаар хариуцагч асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдлээ өөрийн байгууллага, түүнд ажиллаж байсан албан тушаалтны хууль бус үйлдэлд холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй татгалзал гэж үзэхээр байна. Учир нь захиргааны байгууллага нь өөрийн байгууллага албан тушаалтны хууль бус үйлдэл байгаа гэж үзвэл өөрөө засах залруулах, түүн дотроо гэм буруугийн асуудал байгаа бол зохих байгууллагаар нь тогтоолгосны үндсэн дээр гэм буруугийн үр дагаврыг залруулах арга хэмжээ авах атал, энэ асуудлыг орхигдуулсан. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй үндэслэл болох захиргааны актын гарсан, гараагүй, албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, улмаар хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх талаар тайлбарлаж байгаа бол энэ талаарх нөхцөл байдлыг зохих ёсоор тогтоолгож шийдвэрийг гаргуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Дээрхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаартай актыг болон дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх ба энэхүү шинэ акт гарснаар хариуцагч газрын даамал   шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж гүйцэтгэх нь зүйтэй байна.

Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын хариу өгсөн актыг  хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5,  107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хүчингүйд тооцохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаартай актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасныг тус тус баримтлан дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Засаг даргын гаргасан шинэ актын үндсэн дээр нэхэмжлэгчийн дээрх газрын кадастрын бүртгэлийг сэргээн “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд” оруулж бүртгэх” гэсэн хүсэлтийг шийдвэрлэх ба шүүхээс тогтоосон хугацаанд шалтгаангүйгээр хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлага хангагдахыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас хэргийн 187-188 хуудас

[2]  1 дүгээр хавтас 9, 247 хуудас

[3] 1 дүгээр хавтас 10 хуудас

[4] Хавтаст хэрэг 2-ын 140-142 дахь тал