Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00259

 

2024 05 21 156/ШШ2024/00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

156/2023/00759/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Л.Н ,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчД.Н ,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч. Д.Г ,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Хүсэлт гаргагч Л.Н нь Э.Б тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Л.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 4 сард Э.Б тай гэр бүл болж 2009 онд бидний дундаас хүү Б.У төрсөн. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй байтал нөхөр маань 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан. Бидний хүү Учрал нь 14 нас 5 сартай болж байгаа бөгөөд эцэг нь цэргийн газар ажилладаг ахмад цолтой алба хааж байсан. Хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэр бүлийн баталгаа байхгүй учир Э.Б тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай байна. Бид хоёр 2007 оны 07 сард танилцаж, хадам ээж Н.Э Баянзүрх дүүрэг, 5-р хороо кино үйлдвэрийн 26-р байр 17 тоотод нэг жил гаруй хугацаанд хамт амьдарч, 2008 онд манай аав хашаа худалдаж авч өгөөд ... тоотод 2013 он хүртэл хамт амьдарсан. 2012 онд манай нөхөр Дорнод аймаг руу ажил хийхээр явж, хүү бид хоёр хотод үлдсэн. Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явахад хол байсан учраас 2013 онд хүү бид хоёр Хэнтий аймагт нүүж ирсэн. Энэ хугацаанд манай нөхөр Ш.А гэх ээжтэй цуг амьдарч Дорнод аймгийн цэргийн ангид ажилладаг байсан.  Иймд Э.Б биднийг 2007 оноос 2023 оны 10 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хүсэлт гаргагч Л.Н шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хүсэлт гаргагч Л.Н нь Э.Б тай  2007 оноос 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, улмаар Э.Б нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан Э.Б 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж 23230101001671 дугаартай бүртгэв гэх нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 3 тал/, Хэнтий Оюуны шим өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх-ийн 5 тал/, Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Хэнтий аймаг дахь политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 6 тал/, №0423109 дугаартай Б.У төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 тал/, Э.Б болон хүүхдийн хамт авахуулсан гэх гэрэл зургууд /хх-ийн 8-9 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 10 тал/, гэрч Л.А, О.Б нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/, Л.Н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 18 тал/, Э.Б ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 21 тал/, үндэсний төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03-02/17 дугаартай 2010 оны хүн амын тооллогын лавлагаа /хх-ийн 39 тал/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1420 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40 тал/, гэрч Ш.А ийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд Л.Н Э.Б тай 2007 оноос 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хамтын амьдралтай байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Л.Н Э.Б тай 2007 оноос 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА