Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00261

 

2023 05 21 156/ШШ2024/00261

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

156/2023/00218/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х... оршин суух, Боржгин овогт Ө.О ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Гөрөөчин овогт Х.Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч С.Г д холбогдуулан улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ө.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, .. .... тоот хаягт байршилтай, 76.2 м кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2018 оны 05 сарын 06-ны өдөр бүртгэж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан билээ. Уг орон сууцны барилгад өөрийн эзэмшлийн "И Н Б " ХХК-иар хөрөнгө оруулалт хийж, тухайн хөрөнгө оруулалтын гэрээний ашигт тооцон өөрийн өмчлөлд хууль ёсны дагуу авсан юм. Хариуцагч Х.Г нь тухайн орон сууцыг худалдаж авахаар амаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул аман тохиролцоогоо цуцалж, байраа чөлөөлж өгөхийг шаардахад удахгүй төлбөрөө төлнө гэх зэргээр цаг хугацаа хойшлуулж өнөөдрийг хүртэл миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа болно. Хариуцагч нь 2017 оноос хойш өндрийг хүртэл үнэ төлбөргүй тухайн байранд амьдран сууж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа бөгөөд орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгч Ө.О миний өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, ... тоот хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг хариуцагч Х.Г ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Х.Г  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, ... тоот хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг 2024.06.15-ны өдөр чөлөөлж өгөхөөр болж нэхэмжлэгчтэй тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Г нь хүлээн зөвшөөрч 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч С.Г нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.О т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.О ийн нэхэмжилсэн улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Г нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлж өгөх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Г ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.О т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Г нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА