Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00262

 

2023 05 21 156/ШШ2024/00262

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00189/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... байрлах, К ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Б.Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,404,058.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Б.Э т холбогдуулан 2,404,058.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь К ББСБ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 19 тоот зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээл үлдэгдэл 1,535,617.95 төгрөг, хүү 807,272.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,668.12 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 2,404,058.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.Э аас зээлийн гэрээний төлбөрт 2,404,058.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,404,058.11 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 2,404,058.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Б.Э нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,707 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,404,058.11 /хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга тавин найман төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,415 /тавин гурван мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,707 /хорин зургаан мянга долоон зуун долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,707 /хорин зургаан мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА