Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2024/00263

 

2023 05 21 156/ШШ2024/00263

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

156/2024/00216/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод байрлах,К ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...тоот/ оршин суух, Боржигон овогт Н.П ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,585,623.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Н.П-ид холбогдуулан 2,585,623.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.П нь К ББСБ ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 28 тоот зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 хоног буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд үндсэн зээл 1,542,678.30 төгрөг, хүү 958,645.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,799.30 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 2,585,623.59 төгрөгийг Н.П оос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,585,623.59 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 585,623.59 төгрөгийг тус тус төлөх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 2,585,623.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.П нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 585,623.59 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.П нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,159 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.П оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,159 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчК ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,585,623.59 /хоёр сая таван зуун наян таван мянга зургаан зуун хорин гурван мянган төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.П нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 585,623.59 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,319 /тавин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,159 /хорин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.П оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,159 / хорин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.П нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА