| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00206/И |
| Дугаар | 156/ШШ2024/00282 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2024/00282
2024 05 28 156/ШШ2024/00282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00206/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ...оршин суух, Ашбагад овогт Б.Б ,
Хариуцагч: Хэнтий аймгийн... оршин суух, Хөвдүүд овогт С ,
Хариуцагч: Хэнтий аймгийн... оршин суух,Б Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.С , Б.Г нарт холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 дугаар сард өөрийн хөрш гэр бүлийн хүмүүс болох С.С , Б.Н нараас Toyoto Hilux маркийн ... ХЭА удсын дугаартай автомашиныг 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Яагаад 2,000,000 төгрөг гэж байгаа юм бэ гэхэд С.С би жолоодох эрхээ 2 жилээр хасуулсан учир машин барьж болохгүй дэмий байлгаж байхаар тааруу үнээр авах гэсэн хүнд нь шууд өгье гэж бодсон гэж хэлсэн. Би 1,500,000 төгрөгийг бэлэн өгөөд машиныг авсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сард өөрийн нэр дээр шилжүүлэх гээд аймаг орж авто тээврийн газарт очтол дарга нь наад машинаа нэр дээрээ шилжүүлэх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн учраас унаж явах нь битгий хэл хөдөлгөх эрхгүй гэсэн. Тэгээд сум руу очоод С.С , Б.Н нартай уулзаад та нар чинь ямар муухай хүмүүс вэ нэг нутаг ус байж гэхэд уучлаарай мөнгийг чинь хоёр, гурав хуваагаад өгнө гэсэн. Түүнээс хойш хэдэн сар өнгөрч байна. Иймд С.С , Б.Н нараас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.С , Б.Г нарт холбогдуулж 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэлдээ Б.Г ын нэрийг андуурч Нармандах гэж бичсэн тул залруулж байна гэжээ.
2. Хариуцагч С.С , Б.Г нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.С , Б.Г нарт холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б ын шүүхэд гаргасан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С , Б.Г нар нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч С.С , Б.Г нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.С , Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжилсэн 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С , Б.Г нар нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.С , Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.С , Б.Гармандах нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА