Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 156/ШШ2024/00285

 

2024 05 13 156/ШШ2024/00285

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00188/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Боржигон овогт Г.Э

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Г.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч нь 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарын дуустал Орон нутгийг судлах музейд сэргээн засварлагч, 1992 оны 9 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Өндөрхааны 1-р сургуулийн харъяа тусгай сургуульд багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Г.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд Хэнтий аймагт төрсөн. 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг хүртэл Орон нутгийг судлах музейд сэргээн засварлагч, манаач зэрэг ажил хийж байсан. 1992 оны 9 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Өндөрхааны 1-р сургуулийн харъяа тусгай сургуульд багшаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүй, зарим тушаал дутуу улмаас шүүхэд хандаж байна. Иймд намайг 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал Орон нутгийг судлах музейд сэргээн засварлагч, 1992 оны 9 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Өндөрхааны 1-р сургуулийн харъяа тусгай сургуульд багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Э нь 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарын дуустал Орон нутгийг судлах музейд сэргээн засварлагч, 1992 оны 9 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Өндөрхааны 1-р сургуулийн харъяа тусгай сургуульд багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Г.Э ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Х ын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 4 тал),

3. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №096109 дугаартай Г.Э ийн нэр дээрх 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 1980, 1987, 1989, 1990 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 тал),

4. Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 419 дугаартай ...Г.Э нь 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1982.06.15-ны өдөр цэргийн албанд татагдан ардын армийн 016/197/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 тушаалаар 1985.06.18-ны өдөр 509670 дугаар цэргийн батлахтай халагдсан гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8/99 дугаартай ...Хэнтий аймгийн Ерөнхий болрвсролын 1 дүгээр сургуулийн болон Тусгай сургуулийн архивын баримтууд шилжиж ирээгүй тул Г.Э д холбогдох баримт гаргах боломжгүй гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

6. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8/67 дугаартай Г.Э ийн нэр дээрх Хэнтий аймгийн Музейд ажиллаж авсан 1991 оны 1-12 дугаар сар, 1992 1-9 дүгээр саруудын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

7. Хэнтий аймгийн Музейн захирлын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

8. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 113 дугаартай Цалин тогтоох ба ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),

9. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 131 дугаартай Ажилд түр томилох, ажил давхар хариуцуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),

10. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14-15 тал),

11. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16 тал),

12. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №104106 дугаартай 1989-1990, 1993 оны цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17-18 тал),

13. 1992 онд авахуулсан гэх гэрэл зураг (хх-ийн 20 тал),

14. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-чимэглэгч, зураач, ажилладаг байгууллага-ардын боловсролын хэлтэс, ажилд орсон-1988 он, эрхэлдэг ажил-багш гэжээ (хх-ийн 25 тал),

15. Гэрч С.М гийн шүүхэд өгсөн ...Би 1985 оноос 1996 оныг хүртэл Өндөрхаан хотын ерөнхий боловсролын 1 сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт согог зүйч багшаар ажиллаж байсан. Г.Э нь 1992 онд Өндөрхаан хотын ерөнхий боловсролын 1 сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт зураг, хөдөлмөрийн багшаар ажилд орж 1994 оныг хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан тул бие биеэ сайн мэднэ. Тухайн үед 1-р сургуулийн захирлаар Сүхбаатар гэж хүн ажиллаж байгаад сүүлд Ишигуда гэдэг хүнд ажилаа өгсөн. Тухайн үед манай тусгай бүлэг өргөжиж нэлээд олон хүмүүс ажиллаж байсны нэг нь Энхтөр юм... гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Г.Э ийн 1990-1994 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8/99 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Э тэй хамт ажиллаж байсан гэх С.М гээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч С.М нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуульд 1990-1994 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Алтан гадас одонт лаборатори нэгдүгээр сургууль Ууган сургуулийн түүхэн замнал гэх номын 783, 788 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өндөрхаан хотын 1-р сургууль гэх мантаж зэргээр нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 25/ боловсрол-тусгай дунд, нийгмийн бүлэг-албан хаагч, мэргэжил-чимэгоэгч зураач, ажилладаг байгууллага-ардын боловсролын хэлтэс, ажилд орсон он-1988, цех бригад-0, эрхэлдэг ажил-багш гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн музейд сэргээн засварлагч, манаач, тайлбарлагчаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт багшаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Г.Э ийн нэр дээрх 1980 оны 9 сарын 01-ний өдөр нээлгэсэн 1980-1990 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1980 оны 9 сарын 01-ний өдөр Дүрслэх урлагийн дунд сургуулиас олгож, БНМАУ, Соёлын яам, Дүрслэх урлагийн дунд сургууль гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 4-9 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Г.Э ийн Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийн багшийн ажлаас 1990 онд гарч Хэнтий аймгийн Музейд ажилд орсон талаарх баримт байхгүй байгаа боловч түүний нэр дээрх 1980 оны 9 сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудаст ...Өндөрхаан хотын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1990 оны 10 сарын 22-ны өдрийн 131 дугаартай тушаалаар мэргэжлийн ажилд шилжих болсон тул Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөр, зургийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж аймгийн орон нутгийг судлах Музейн мэдэлд шилжүүлэв гэх бичилт хийгдэж дээр нь БНМАУ, Хэнтий аймгийн төвийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль гэх бичвэртэй, төрийн сүлд бүхий тамга дарагдсан байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Өндөрхаан хотын ерөнхий боловсролын дунд сургуулиас Хэнтий аймгийн Музейд ажилд орсон гэж тайлбар үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Г.Э ийн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Музейд сэргээн засварлагч, манаач, тайлбарлагчаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Г.Э /РД:.../-ийг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Музейд сэргээн засварлагч, манаач, тайлбарлагчаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА