Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2023/0033

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Батаа

Хариуцагч: Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Хишигжаргал, аудитор Д.Бямбасүрэн,

Гуравдагч этгээд: Төв аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар, нягтлан бодогч Ц.Отгончимэг нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын П.Батаад холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Батаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, гуравдагч этгээд Б.Болдбаатар, Ц.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын П.Батаад холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан,

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүйд тооцуулахаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргад хүсэлт гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг хүлээн авч, 06 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хоёр.  Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч П.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар 2018 оноос одоо хүртэл ажиллаж байна. 2020 оны 9 дүгээр сараас хойш миний нойр булчирхай өвдөж, хоолны дэглэм барьж, эм ууж байна. Би 2022 оны 11 сард газрын даргад биеэ үзүүлж, эмчлүүлэхээр 2 сарын цалинтай чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Газрын дарга өргөдөл, эмнэлгийн бичиг, миний биеийн нөхцөл байдлыг харгалзан тушаалаар цалинтай чөлөө олгосон. Би 2022 оны 9 дүгээр сард Бүгд найрамдах Солонгос улсад аялалын виз мэдүүлсэн бөгөөд 11 сарын 06-нд зөвшөөрсөн хариу гарсан учир 12 сард явсан боловч санхүүгийн боломжгүйгээс үзүүлж чадаагүй. 2022 оны 12 сард Төв аймаг дахь Төрийн аудитын газраас манай байгууллагын 2022 оны санхүүгийн баримтад ээлжит шалгалт хийж газрын даргын 2022 оны 12 сарын 01-ний өдрийн Б/72 тушаалаар цалинтай чөлөө олгоход  2.067.358.00 төгрөг олгосон зөрчил илэрлээ гэж төлбөр барагдуулах акт тогтоосон байна. Газрын даргын тушаал нь хууль, байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-д заасны дагуу гаргасан шийдвэр. Төрийн хэмнэлийн тухай хуулийн 15.1.3-т заасныг зөрчөөгүй. Төрийн аудитын газар төлбөрийн акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д заасны дагуу мэдэгдэл ирүүлээгүй, төлбөрийн актад “2022 оны 12 дугаар 01-ний өдрийн Б/72 тушаалаар Солонгос улсад ажиллахаар явсан" гэж утга агуулгын илэрхий алдаатай дүгнэсэн. ...Төв аймгийн Төрийн аудитын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан төлбөр барагдуулах тухай актад цалинд зарцуулсан 2,067,000 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлнэ гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ....Төлбөрийн актаас н.Янжин 184,000 төгрөгийн төлбөрийн барагдуулсан гэсэн. Цалинтай чөлөө олгосонтой холбогдуулж 1,882,467 төгрөг миний 12 дугаар сарын цалингийн дансанд орсон. Газрын дарга болон нягтланд өргөдөл, баримтаа өгч, хуульд заасан журмын дагуу би чөлөө авсан. Иймд төлбөрийг би төлөх үндэслэлгүй. Солонгос улсад биеэ үзүүлэхээр очсон ч шууд үзүүлэх боломжгүй байсан. Төлбөр нь Монгол мөнгөөр авч үзвэл 3,000,000 гаруй төгрөг байсан. 3 сая төгрөг эмнэлэгт тушаагаад үзүүлэх боломж байгаагүй. Би явахдаа зардал мөнгөө цуглуулж, машин тэргээ зараад зардлаа хийж явсан. 2 сарын цалинтай чөлөө олгосон, би ажил дээрээ ирж ажлаа хийж, 4-р улирлын ажлын тайлангаа гаргаж даргад өгөөд дарга тайланг үнэлээд урамшуулал олгосон. 2022  оны 12 дугаар сарын 23-ны өдөр би явсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 сарыг нь цалингүй чөлөө болгосон. Тэгээд буцаж ирэхийн тулд зардал мөнгө хайж ганц нэг ажил хийсэн. Тэгж зардлаа хийж, наашаа буцаж ирсэн. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын П.Батаад холбогдох 1,882,467 төгрөгийн төлбөрийн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч Төв аймаг дах Төрийн аудитын газрын дарга Ц.Хишигжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Төв аймаг дах Төрийн аудитын газрын аудитор Д.Бямбасүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан "Санхүүгийн тайлангийн аудит хийх байгууллагын жагсаалт, аудит хийх хэлбэр батлах тухай" 2022 оны А/75 дугаар тушаал, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2022 оны А/27 дугаар "Санхүүгийн тайлангийн аудитын хуваарь батлах тухай" тушаалыг үндэслэн аудитор Д.Бямбасүрэн нь Мал эмнэлгийн газрын 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн. Мал эмнэлгийн газрын санхүүгийн тайланд аудит хийх явцад Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/76 тоот тушаалаар нэмэгдэл цалин, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот тушаалын нотлох баримтууд хангалтгүй, Захиргаа, санхүү албаны дарга П.Батаагийн аймгийн нэгдсэн эмнэлэг, дээд шатлалын эмнэлгүүдэд үзүүлсэн болон цаашид гадаад улсад шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх талаарх холбогдох баримт бичгийг аудитын явцад ирүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шалгагдагч Төв аймгийн Мал эмнэлгийн газрын 2022 оны санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчлүүдэд сонсох ажиллагаа явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аудитаар илэрсэн алдаа зөрчлийн асуудлын бүртгэлийг хүргүүлэн танилцуулахад 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 27 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичигт 4 асуудалд хариу тайлбар ирүүлсэн ба П.Батаад олгосон цалин хөлсний талаар ямар нэгэн тайлбар ирүүлээгүй, аудитаар илэрсэн алдаа зөрчлийн асуудлын бүртгэл, төлбөрийн актын бүртгэл хяналтын хуудсанд дарга, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч тус тус гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж ирүүлсэн болно. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийх явцад захиргаа, санхүү албаны дарга П.Батаа нь чөлөөтэй байсан тул мэдэгдэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй байна. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаар бүхий төлбөрийн актад дурдсан 2,067,358.00 төгрөгийн төлбөрийг холбогдох хүмүүсээр төлж барагдуулахаар бичигдсэн буюу Захиргаа, санхүү албаны дарга П.Батаа гэсэн нэр бичигдээгүй болно... Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нарт алдаа зөрчлийн асуудлын бүртгэл танилцуулахад, мөн төлбөрийн актын хяналтын хуудсанд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсний дараа төлбөрийн акт бичигдсэн. Шалгаж байх үед П.Батаагийн чөлөө хүссэн өргөдөл байгаагүй. Иймд төлбөрийн актаар заасан төлбөрийг цалинтай чөлөө олгосон эрх бүхий албан хаагч МЭГ-ын дарга Б.Болдбаатар, мөн цалин гаргуулан авсан П.Батаа нар хариуцана. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 07-1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаар бүхий төлбөрийн актад дурдсан 2,067,358.00 төгрөгийн төлбөрийг задалж харуулбал: Ч.Янжинд ажил хавсран гүйцэтгэхээр олгосон нэмэгдэл цалин 184,891.20 төгрөг, П.Батаад үндсэн цалин 924,456.0 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 92,445.0 төгрөг, зэргийн нэмэгдэл 184,891.20 төгрөг, улирлын үр дүнгийн урамшуулал 369,782.40 төгрөг, хоолны мөнгө 126,000.0 төгрөг нийт олгосон мөнгөн дүн 1,882,466.40 төгрөг байна. Нийт 2,067,358.0 төгрөгийн төлбөрийн актаас 184,891.20 төгрөгийг Ч.Янжин 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Төв аймаг дахь Төрийн сангийн Хүү торгуулийн дансанд тушааж, П.Батаатай холбоотой 1,882,466.40 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.

 

2.3. Хариуцагч, Төв аймаг дах Төрийн аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Мал эмнэлгийн газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Мал эмнэлгийн газрын аудитын үйл явцад газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/76  дугаар тушаал, 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тушаалаар 2 сарын цалинтай чөлөө олгосон нийт дүнгээр 2,067,358 төгрөгийн зөрчлийн акт тавьсан. Акт тавихаас өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А106 гэсэн тушаалаар баталсан санхүүгийн тайлангийн аудит хийх журмын дагуу тухайн аудит хийхийг гүйцэтгэсэн. ...Төлбөрийн актын хяналтын бүртгэл хяналтын хуудсыг бичиж, дарга, нягтлан бодогч нарт танилцуулсан, дарга, нягтлан бодогч нар зөвшөөрч гарын үсгээ зурж, тамгаа дарж ирүүлсэн. Ингэснээр төлбөрийн акт хүчин төгөлдөр болсон... П.Батаа актаар тогтоосон төлбөрийг төлөхгүй бол П.Батаад цалинтай чөлөө олгосон Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нар төлбөрийг төлнө, ...шалгалт хийх явцад цалинтай чөлөө олгосон баримтад тухайн үед жилийн эцэс болсон учраас баримтууд бүрэн гүйцэт үдэгдэж ирээгүй, дутуу байсан. Өргөдөл байгаагүй. Соёрхол мед эмнэлгийн баримтыг хараагүй. Чимэджүл эмнэлгийнх байсан. Акт тавих гол үндэслэл нь 2 дахь, 3 дахь шатны эмнэлгийн дүгнэлт гараагүй. Гадаад улсад эмчлүүлэх  талаар ямар ч дүгнэлт байхгүй. Байгууллагын даргын тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2 сарын цалинтай чөлөө олгосон байсан. Солонгос улсад яагаад явж ажилласан гэж үзсэн бэ гэвэл өөрийнхөө санхүүгийн тайлан, хууль журам, итгэл үнэмшилд тулгуурлаж, санхүүгийн тайлангийн бүх аудитыг хийж гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, эмнэлгийн дүгнэлт байхгүй байсан. Эмнэлэгт үзүүлээд Солонгос улс руу явах шаардлагатай нотлох баримт байгаагүй. Чимэджүд эмнэлэгт үзүүлсэн баримт, үзүүлсэн шинжилгээний хуудас, байгууллагын даргын тушаал л байсан. 2 дахь, 3 дахь шатны эмч нарын зөвлөгөөний дүгнэлт байгаагүй. П.Батаад байгууллагаас дотоод журмын дагуу удирдлагын зүгээс 2 сарын чөлөө олгосон хурлын протокол янз бүрийн баримт байгаагүй. Ийм үндэслэлээр акт бичигдсэн....шалгалтын явцад нягтлан бодогч нь би ч гэсэн 2 сарын цалинтай чөлөө аваад Солонгос явж ажил хиймээр л байна гэж хэлж байсан, П.Батаагийн эхнэртэй нь ярихад эмчлүүлэхээр явсан гэж хэлээгүй тэгэхээр П.Батаа Солонгос улсад ажиллахаар явсан гэдэг нь тогтоогдож байгаа, Аудит хийхдээ өөрийн итгэл үнэмшлээр тэгж үзсэн гэв.

 

2.4 Гуравдагч этгээд Б.Болдбаатар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргаа, санхүүгийн албаны дарга П.Батаа нь 2022 оны 11 дүгээр сард 2 сарын хугацаатай цалинтай чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл, бусад баримттай танилцан нөхцөл байдлыг харгалзан үзэж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу тушаалаар цалинтай чөлөө олгосон. П. Батаагийн хувьд бие, эрүүл мэнд ер нь сайн биш ажиллах хугацаандаа эмнэлэгт хэвтсэн удаатай. 2020 оны сүүлээс нойр булчирхай өвдөөд байна гээд л яваад байдгийг бид мэднэ 1 сайн эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд нэгэнт виз нь гарсан учир албан хаагчийнхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг нь хангах үүднээс чөлөө олгосон. Төрийн албаны тухай хуулийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.2, байгууллагын "Хөдөлмөрийн дотоод журам"-д зааснаар 2 сарын цалинтай чөлөө олгосон. Энэ тушаал нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад журам, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 151.3-т заасныг зөрчөөгүй...Мал эмнэлгийн газрын төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зэрэг заалтыг үндэслэж, хууль дүрмийн дагуу цалинтай чөлөө олгосон. Түүнээс ямар нэгэн хувийн харьцааны улмаас чөлөө олгоогүй. Ажил олгогч нь төрийн албан  хаагчийн нийгмийн баталгааг хангах учраас би эсрэг тушаал гаргах үндэслэл байхгүй. П.Батаагийн 4-р улирлын ажлын үр дүн, тайлан, 9, 10, 11 дүгээр сард ажилласан ажлын гүйцэтгэлийг цахим системээр үнэлж, үүний дагуу урамшуулал олгогдсон гэв.

 

2.5 Гуравдагч этгээд Ц.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б72 тушаалын дагуу П.Батаад 12 дугаар сард цалин олгосон. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/15 тушаалаар аудитын газраас өгсөн дүгнэлтийг үндэслэж, 2 сарын цалинтай чөлөө, 1 сар болгож тушаал гаргасан. 2023 оны 01 дүгээр сард П.Батаад ямар нэгэн цалин бодогдоогүй. Урамшуулал олгох тухай тушаал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б78 тушаалыг үндэслэн урамшууллыг олгосон...Аудитаас шалгалт хийх үед П.Батаагийн чөлөө хүссэн өргөдөл, хавсаргасан баримт нь байсан, би баримтыг нь үзүүлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлж, дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын П.Батаад холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Маргааны үйл баримтуудын тухайд:

2.1. Маргаан бүхий захиргаан акт болох, Төв аймаг дах Төрийн аудитын газрын дарга Ц.Хишигжаргал, аудитор Д.Бямбасүрэн нарын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актаар “Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/76 тоот тушаалаар нэмэгдэл цалин, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/72  дугаар тушаалаар Солонгос улсад ажиллахаар явсан Захиргаа, санхүү албаны даргад 2 сарын цалинтай чөлөө олгоход нийт 2,067,358 төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр, цалинд зарцуулсан 2,067,358 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлэхийг Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нарт даалгаж шийдвэрлэсэн,

- хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбасүрэнгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актад дурдсан төлбөрийг холбогдох хүмүүсээр төлүүлэхээр бичигдсэн, Захиргаа, санхүү албаны дарга П.Батаа гэсэн нэр бичээгүй, П.Батаа актаар тогтоосон төлбөрийг төлөхгүй бол П.Батаад цалинтай чөлөө олгосон Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нар төлбөрийг төлнө, ...шалгах үед өргөдөл нь байгаагүй, “Чимэжүд” эмнэлэгт үзүүлсэн баримт байсан, нягтлан бодогч нь би ч гэсэн 2 сарын цалинтай чөлөө аваад Солонгос явж ажил хиймээр л байна гэж хэлсэн, П.Батаагийн эхнэртэй нь ярихад эмчлүүлэхээр явсан гэж хэлээгүй тэгэхээр П.Батаа Солонгос улсад ажиллахаар явсан гэдэг нь тогтоогдож байгаа...” хэмээн маргасан байна.

Хариуцагч нараас 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай актаар “Цалинд зарцуулсан 2,067,358 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлж.. тоот дансанд төвлөрүүлэх”-ээр тогтоохдоо хэнээр хэдэн төгрөгийн төлбөрийг төлүүлэх талаар тодорхой заагаагүй бөгөөд тухайн актад “Солонгос улсад ажиллахаар явсан Захиргаа, санхүү албаны даргад 2 сарын цалинтай чөлөө олгосон” гэж бичсэнээс гадна, тухайн актыг гаргах болсон үндэслэлээ “П.Батаа чөлөө олгох тухай өргөдлөө гаргаагүй байхад чөлөө олгосон, ... П.Батаатай холбоотой 1,882,466.40 төгрөг төлөгдөөгүй” хэмээн тайлбарлаж байх тул маргаан бүхий актаар П.Батаад 1,882,466.40 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, уг төлбөрийг холбогдох дансанд төлүүлэх үүргийг Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан байна гэж дүгнэлээ.

2.2. Нэхэмжлэгч П.Батаа нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатарт “Тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга П.Батаа миний бие нойр булчирхай үрэвслээр өвдөж нэлээдгүй хугацаанд эм ууж түр хугацаагаар өвдөлтийг намдааж байсан боловч сүүлийн үед их өвдөж байгаа учир дотрын нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул ... 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 сарын хугацаагаар цалинтай чөлөө олгоно уу” гэсэн өргөдөл гаргасан,

- Төв аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 61 дүгээр зүйлийн 61.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1, 9.4.2-д заасныг үндэслэн П.Батаа нь эрүүл мэндийн шалтгаанаар нойр булчирхай өвчлөл эмчлүүлэх шаардлагатай хэмээн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр сарын цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн,

- Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/04 дугаар тушаалаар баталсан тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын  9.4.1-т “Тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг ажилтны хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл...зэргийг харгалзан газрын даргын тушаалаар ...олгоно”, 9.4.2-т “хүнд өвчний улмаас эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд газрын дарга өргөдөл, бусад баримтыг харгалзан үзэж 2 сар хүртэл хугацаагаар цалинтай чөлөө олгоно”, 11.1.8-т “албан хаагчдад  холбогдох хууль журмын дагуу улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгоно”, 11.2.12-т “хууль тогтоомжийн дагуу албан хаагчдад өдрийн хоол, унааны хөнгөлөлтийг  4000-8000 хүртэл төгрөгөөр бодож олгоно” гэж тус тус заасан,

- “Соёрхол мед” эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолтод П. Батаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нойр булчирхай нь өвдсөн зовиуртай ирж үзүүлсэн. Өвчтний өмнө нь хийгдсэн шинжилгээ болон илэрч буй шинж тэмдэг, зовиурт тулгуурлан үзлэг хийж өдрийн эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн боловч үйлчлүүлэгч дахин манай эмнэлэгт ирж үзүүлээгүй” гэсэн,

-“Чимэжүд” эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот албан бичигт “П.Батаа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эмнэлэгт хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоог эмч Б.Базарсүрэнгээр хийлгэсэн гэсэн,

- Нэхэмжлэгч П.Батаа шүүх хуралдаанд “Солонгос улсад очоод эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй байсан. Төлбөр нь Монгол мөнгөөр авч үзвэл 3,000,000 гаруй төгрөг болж байсан. 3 сая төгрөгт эмнэлэгт тушаагаад үзүүлэх боломж надад байгаагүй. Би явахдаа зардал мөнгөө цуглуулж, машин тэргээ зараад явсан. Надад 2 сарын цалинтай чөлөө олгосон ч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 сарын чөлөөг нь цалингүй чөлөө болгосон. Тэгээд буцаж ирэхийн тулд зардал мөнгө хайж ганц нэг ажил хийж ирэх зардлын мөнгөө олж наашаа буцаж ирсэн...аудитын актад намайг Солонгос улсад ажиллахаар явсан гэсэн нь үндэслэлгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгч П.Батаа нь нойр булчирхай нь өвдсөний улмаас эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж, эмчилгээ бичүүлэн эмчлүүлж байсан бөгөөд улмаар дотрын нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж, яаралтай эмчлүүлэхээр 2 сарын цалинтай чөлөө олгох хүсэлтийг Мал эмнэлгийн газрын даргад гаргасан. Тус газрын дарга 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар П.Батаад 2 сарын цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.10 дахь хэсэгт “төрийн албан хаагч хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаагаар хангагдана” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно”, 100.2 дахь хэсэгт “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.” гэж заасныг болон Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1, 9.4.2-д заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Үүнээс гадна, П.Батааг чөлөөтэй байх хугацаанд буюу түүнийг Бүгд найрамдах Солонгос улс руу явсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хүртэлх, тодруулбал 2 сарын чөлөөтэй байсан хугацаанд түүний эзэмшиж буй Хаан банкны .. тоот данс, Хас банкны ... тоот дансанд “Мал эмнэлгийн газар 2022/12 орлого 500,000, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаар хагас Мал эмнэлгийн газар 2022/12 орлого 823,493.29...Мөнхбаатараас 700,000 зээлэв, зээл төлөв, Булгантуяагаас 1,000,000” гэснээс өөр 500,000 төгрөгөөс дээш төгрөгийн орлого, зарлага бүртгэгдээгүй байх тул түүнийг Бүгд найрамдах Солонгос улсад ажиллахаар явсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчаас “шалгалтын явцад П.Батаагийн чөлөө хүссэн гэх өргөдөл байгаагүй, эмнэлгийн 1 хуудас баримт байсан” хэмээн маргасан ч Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар, нягтлан бодогч Ц.Отгончимэг “П.Батаа өргөдөл гаргаж, баримтаа хавсаргасан учраас чөлөө олгосон, өргөдөл нь шалгуулах үед байсан” хэмээн тайлбарласан. Хариуцагч нь баримт дутуу гэж үзэж буй тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах” эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч нар нь төлбөрийн актаар П.Батаад цалинтай чөлөө олгосон нь буруу гэх үндэслэлээр төлбөр тогтоохдоо Д.Батаад төлбөр тогтоох шийдвэр гаргах талаар урьдчилан мэдэгдээгүй, улмаар төлбөр тогтоосон актыг батлан гаргасны дараа ч П.Батаад мэдэгдээгүй нь Төрийн аудитын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ.

2.3. Маргаан бүхий захиргааны акт, Төв аймаг дах Төрийн аудитын газрын 2023 оны 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаар актаар “Цалинд зарцуулсан 2,067,358 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлж.. тоот дансанд төвлөрүүлэхийг Мал эмнэлгийн газрын дарга, нягтлан бодогч нарт даалгаж” шийдвэрлэхдээ хэнээр хэдэн төгрөгийн төлбөрийг төлүүлэх талаар тодорхой заагаагүй бөгөөд хариуцагч нараас шүүхэд “2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 07-1970400-ТӨА-2023/07/НА-СТА-ТШЗ дугаар төлбөрийн актад дурдсан 2,067,358.00 төгрөгийн төлбөрийг задалж харуулбал: П.Батаад үндсэн цалин 924,456.0 төгрөг, ... улирлын үр дүнгийн урамшуулал 369,782.40 төгрөг, нийт олгосон дүн 1,882,466.40 төгрөг байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 -Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан болон уг тайлангийн үнэлгээнд “үнэлсэн Газрын дарга Б.Болдбаатар, тайлагнасан нэгжийн дарга П.Батаа” гэсэн, мөн гүйцэтгэлийн үнэлгээ: 2022 оны 12 сар П.Батаа, 96%” гэсэн,

- тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар албан хаагчдад 2022 оны 4 дүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж, уг тушаалын 1-р хавсралт урамшуулал олгох албан хаагчдын нэрсийн 6-д П.Батаа-Захиргаа, санхүүгийн албаны дарга, 96.0, А буюу маш сайн, олгох дүн (олгох дүн үндсэн цалингийн 40%) гэсэн,

- цалингийн картад “үндсэн цалин 924,456 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 92,445.6 төгрөг, зэргийн нэмэгдэл 184,891.20 төгрөг, улирлын үр дүнгийн урамшуулал 369,782.40 төгрөг, хоолны мөнгө 126,000.0 төгрөг, нийт гарт олгох дүн 1,882,493,29 төгрөг” гэсэн,

- Төв аймгийн Мал эмнэлгийн газрын газрын дарга Б.Болдбаатарын “П.Батаагийн 4-р улирлын ажлын гүйцэтгэл, тайлан зэргийг хууль журамд заасны дагуу үнэлж, урамшуулал олгосон” гэсэн тайлбар зэргээр

П.Батаа нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу явахаасаа өмнө ажил үүргээ гүйцэтгэж, 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн тайлангаа Газрын даргадаа танилцуулсан.

П.Батаагийн улирлын ажлын гүйцэтгэлийг эрх бүхий албан тушаалтан үнэлж, түүнд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар үндсэн цалингийн 40 хувиар буюу 369,782,40 төгрөгийн урамшуулал, мөн түүнд 12 дугаар сарын үндсэн цалин бусад нэмэгдэл зэрэг нийт 1,756,466.40 төгрөгийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна: 51.1.4.улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох”, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн албан хаасан хугацааны...зэрэг дэвийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад шагнал урамшуулал олгох журам”-ын 3 дугаар хавсралтын 2.1-д “Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

            Харин, П.Батаад 2022 оны 12 дугаар 01-ний өдрөөс чөлөө олгосон байх хугацаанд түүнийг тухайн сарын ажлын өдрүүдэд ажилдаа ирж ажилласан гэх байдлаар хоолны хөнгөлөлтийн зориулалтаар 126,000 төгрөгийг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасны дагуу Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/04 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын  11.2.12-т “хууль тогтоомжийн дагуу албан хаагчдад  өдрийн хоол, унааны хөнгөлөлтийг 4000-8000 хүртэл төгрөгөөр бодож олгоно” гэж заасныг зөрчсөн байна.

2.4. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг заасан болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад шагнал урамшуулал олгох журам”-ын дагуу П.Батаад 2022 оны 12 дугаар сард үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулалд нийт 1,756,466.80 төгрөгийг олгосон нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актын 1,756,466.80 төгрөгийн төлбөр тогтоосон хэсэг нэхэмжлэгч П.Батаагийн албан тушаалын цалин хөлс, тусламж, урамшуулал, тэтгэмж авах эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчим баримтална:4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд ... хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасанд нийцээгүй байх тул Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай актын П.Батаад холбогдох 1,882,466.80 төгрөгийн төлбөрөөс 1,756,466.80 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын 126,000 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 07-А1970400-ТӨА-2023/07/МА-СТА-ТШЗ дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын П.Батаад холбогдох 1,882,466.80 төгрөгийн төлбөрөөс 1,756,466.80 /нэг сая долоон зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг наян мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126,000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Батаад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОДСҮРЭН