Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/262

 

 

 

 

 

      2022         03            03                                         2022/ДШМ/262    

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч П.А-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108016121336 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтаан биечлэн эдлэх нийт ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 06 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1 жил 8 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч П.А- нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “****” ХХК-ийн агуулахын хашаанд байрлуулсан 40 тонны контейнерын цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч, 220 вольтын тог гаргадаг моторыг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор “Hyundai starex загварын **** УБҮ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч П.А-ы цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai starex загварын **** УБҮ улсын дугаартай автомашины үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, П.А-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн зүгээс урьд ял шийтгүүлсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдлаар ялласан болон анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гомдолтой байна. Дээрх байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.А- нь бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, машин, механизм ашиглаж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Б-, Э- нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч П.А-ы мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Анхан шатны шүүх шүүгдэгч П.А-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйлд заасан хорих ялын дээд хэмжээний ½ болох 4 жилээс хэтрүүлэхгүйгээр 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.А-д хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч П.А- нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Hyundai starex загварын **** УБҮ улсын дугаартай автомашиныг ашиглан “****” ХХК-ийн агуулахын хашаанд байрлуулсан 40 тонны контейнерын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, 220 вольтын тог гаргадаг моторыг хулгайлж, 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн “...би 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 30 минутын үед ёмкость буулгах гээд тухайн байгууллагын хашаанд ирэхэд бор өнгийн контейнерын цоож нь байхгүй, дотор нь байсан 220 вольтын мотор байхгүй болчихсон байсан. ...А-аас хар саарал өнгийн SGG7500E Gasoline generator бичиглэлтэй 220 вольтын цахилгаан гаргадаг моторыг бүрэн бүтэн хүлээж авсан. ...” /хх 14-15, 48/,

гэрч Ч.Э-ын “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед “****” ХХК-ийн гүйдэг хаалга хүлээлгэж өгөх гээд уг хашаанд дотор байсан улаан өнгийн 40 тоннын контейнероос цахилгаан гаргадаг мотор гаргаж ирж хашааны гүйдэг хаалгыг бүрэн ажиллагаатай байгааг тогонд залгаж үзүүлээд Б гэх хүн хүлээж авсан. Тэгээд Б бид хоёр уг цахилгаан моторыг хоёулаа өргөж, контейнер луу хийгээд гадна талаас нь хааж түгжээд явсан. ...” /хх 50/,

гэрч Ч.Б-ын “...Hyundai starex загварын автомашин нь “Рояал гоулд” ХХК-ийн өмч, миний бие захирал нь байна. ...П.А- нь “Юни Стийл” ХХК-д туршилтын нэг сарын жолоочоор ажиллаж байсан. ...” /хх-54/,

П.А-ы яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, 220 вольтын цахилгаан моторыг эд мөрийн баримтаар хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 22, 25/, алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 57/, Hyundai starex загварын **** УБҮ улсын дугаартай автомашины үнэлгээ /хх 70/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд П.А- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.А-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах буюу контейнерт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлахдаа машин механизм ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ”. гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч П.А-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлж, 4.000.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.А-ыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйлд заасан хорих ялын дээд хэмжээний ½ болох 4 жилээс хэтрүүлэхгүйгээр 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.А-ы хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч П.А-ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А- нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН