2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/586

 

 

 

 

 

   2026           3               03                                         2026/ШЦТ/586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Э.Намуун,

иргэний нэхэмжлэгч Б.Б,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

     Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн “2503 00000 1370” дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т /РД:/.

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 05 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ... замд Lexus Altiza маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж зогсоолд зогсож байсан Toyota Prado маркийн ..., Toyota Highlander маркийн ..., Toyota Harrier маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б: “...Миний Toyota Prado маркийн 9669 дугаартай автомашинд хохирол учирсан. Тухайн үед миний машин хамгийн урьд талд зогсож байсан байна. Эхлээд миний машиныг мөргөчхөөд дараа нь нөгөө хоёр машиныг мөргөсөн. Үнэлгээгээр 5.702.000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Одоогоор хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Цагдаад баримт бичгээ бүрдүүлж өгсний дараа өөрийнхөө зардлаар машинаа янзлуулсан байгаа. Үнэлгээгээр гарсан 5.702.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

   Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

   Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 05 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ... замд Toyota Altezza маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодож зогсоолд зогсож байсан Toyota Prado маркийн ..., Toyota Highlander маркийн ..., Toyota Harrier маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж хохирол учруулсан болох нь:

    - Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Батсуурийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

    - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...1.69% согтолттой.” /хавтаст хэргийн 8 дахь тал/,

    - Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 90 дэх тал/,

    - Б.Т нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025/ЗШ/15276 дугаар дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

    -  “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээгээр Toyota Highlander маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.373.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ /хавтаст хэргийн 48 дахь тал/,

    - “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээгээр Toyota Prado маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.702.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ /хавтаст хэргийн 68 дахь тал/,

    - Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээгээр Toyota Harrier маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.970.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ /хавтаст хэргийн 56 дахь тал/,

    - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Сүхбаатарын гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 75 дахь тал/

   - Шүүгдэгч Б.Тий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсандаа маш их харамсаж байна. Давхар уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 100, 107 дахь тал/ зэрэг зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж, дахин үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Тгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд яллагдагч Б.Т Lexus Altiza маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон гэснийг Toyota Altezza маркийн .../хавтаст хэргийн 22 дахь тал/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон гэж шүүхээс хэргийн бодит байдлыг өөрчлөн тогтоов. 

    Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

    Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Т нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 21 хоногтой, харин хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд 18 насанд хүрсэн байх тул түүнд яд шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Тгийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 21 хоногтой байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Б.Тий үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Бт 5,702,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гт 7,970,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Мт 2,373,000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч Б.Т болон иргэний хариуцагч Д.Снараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэв.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.С өөрийн өмчлөлийн Toyota Altezza маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Тд шилжүүлэн өгсөн /хавтаст хэргийн 20 дахь тал/ байх тул иргэний нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцвал зохино.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх эрх хасах ял дээр нэмж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэж заасан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 360 цаг цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т, иргэний хариуцагч С /РД:/ нараас 16,045,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 8,022,500 /найман сая хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух М /РД:/-д 2,373,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух Г /РД:/-д  7,970,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух Б.Б /РД/-т 5,702,000 төгрөгийг тус тус олгож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.СУВД-ЭРДЭНЭ