| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2026/0438/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/582 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/582
2026 3 03 2026/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн “2406080813550” дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Э /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/:
Шүүгдэгч Г.Э нь бусадтай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... тоотод хохирогч С.Бийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн тохой, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ах болох ... гэх хүнийд очсон тэгээд тэр айлд өдөржингөө байсан тэгээд би машин барих хүнтэйгээ хамт явж байсан тэгээд тэр өдөр танил гэх ...ийнд өвөлжөө барьсан ирж цай уу гэж хэлсэн. Би 20 цагийн орчимд тухайн айлд очсон тэгээд хоол цай болоод нөхөр нь ганцаараа хоолоо хийж чадахгүй болохоор нь би тусалсан тэгээд найр болоод хүмүүс ууж идээд хоол ундаа идээд байж байсан. .... гэх зүс таних залуу ...тэй муудалцсан шалтгааныг нь би мэдэхгүй байна. ... гэх залууг .... гэх залуу цохиод авсан тэгээд хүүе яаж байгаа юм гээд салгах гээд .... руу хараад болио гэж хэлсэн чинь Б жижиг дөрвөлжин сандлаар намайг толгой хэсэгт цохиод авсан. Би ухаан алдсан байсан тэгээд хэсэг хугацааны дараа Б гэх хүний эхнэр нь эр эмгүй бүгдийг нь ал гэж хэлээд намайг дэвсэж байсан. Тэгээд би хагас өндийгөөд эхнэрийг нь түлхсэн. Тэгсэн ахиад Б гэх залуу толгойны ар дагз хэсэгт цохиод авсан би ахиад жаахан манаралтын байдалтай байсан чинь Б гэх залуу эхнэртэйгээ хамт хөөгдөөд гарсан өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
- Гэрч Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 11 дугаар сарын 08-ны өдөр манай хуурай дүү С.Б надтай утсаар яриад хамт сэлхинд гараад П ахынд очьё гэж хэлээд уулзаад хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ... тэнд ...ын гэрт очоод хоол унд идээд сууж байсан чинь саахалт айл нь шинэ газар буусан гэртээ урьж байна, манайхыг урьж байна хэдүүлээ хамт очих уу гэхээр нь С.Б би, ... эхнэр ... бид дөрөв нөгөө айлд очсон. Тэр айлд цай уугаад хоол идээд найр эхэлсэн. Удалгүй бид нарын араас Г.Э гэдэг залуу эхнэртэйгээ хамт орж ирээд хоол цай идээд архи ууцгаасан. Г.Э гэдэг залуу гэрийн эзэн Гансүхтэй модны талаар ярьж байгаад дайраад хэл амаар доромжлоод, толгой руу нь 2, 3 удаа цохиод авсан. Манай хуурай дүү С.Б дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Г.Э гэдэг залуу агсам тавиад орилж байгаад С.Бийг модон сандал аваад толгой руу цохиод газар унагаагаад сандлаараа дээрээс нь цохиод нүдээд байсан тэгсэн эхнэр нь бүгдийг ал гээд С.Бийг очоод дээрээс нь өшиглөөд дэвсээд байсан. Тэгээд удалгүй гараад яваад өгсөн. Тухайн үед С.Б хоёр хүн маргалдаад байхаар нь салгаж байгаад Г.Э гэх залуу болон, эхнэр З гэх эмэгтэй хоёрт зодуулсан, З гэх эмэгтэйгийн биед гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй уг хүмүүс С.Бийг зодож байгаад гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Гэрч ...ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн үед манай тэр хавийн айлууд манайд орж ирж цай уусан юм. Шөнө 23 цагийн үед хүмүүс тарсан бөгөөд цөөхөн хүмүүс үлдсэн. Манайд орж ирсэн Б гэх залуу модны зөвшөөрлөөс болж манай талийгаач нөхөр Г рүү дайраад толгой руу нь 2, 3 удаа цохиод авсан. Тэгсэн чинь манайд ирсэн С.Б гэж хүн дундуур орж Бг салгасан чинь Б С.Бийг сандлаар цохиж унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Бид нар Бг эхнэртэй нь хамт гэрээс гаргасан чинь Бгийн эхнэр Ч буцаж орж ирээд С.Бийн толгой руу өшиглөөд байгаад Б эхнэртэйгээ цуг гэрээс гарсан. Тэр үед С.Б ухаан ороод босч ирсэн чинь гаднаас Б орж ирээд дахиад С.Бийг боогоод цохиж зодоод байсан. Бид нар Бг эхнэртэй нь хамт арай гэж гаргаж явуулсан. Б гэртээ очоод над руу залгаад та нарыг бүгдийг чинь очиж ална гээд залгаад байхаар нь манай талийгаач нөхөр Гансүх Бгийн гэр рүү аргадах гэж очоод өөрөө баахан цохиж зодуулаад буцаад хүрээд ирсэн. Тухайн үед С.Б гэх залуу ухаан алдаад сэргэж байсан З гэх эмэгтэйн биед гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй, Б эхнэрийн хамт С.Бийг зодож байгаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14785 дугаартай: “...С.Бийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, зүүн тохой, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.
Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эыг бусадтай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Эд холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн 2406 08081 3550 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан байх бөгөөд уг хэрэгт өөр хэн нэгэн этгээд яллагдагчаар татагдаагүй байсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Эд урьд сонсгосон ялыг хүндрүүлэн өөрчилсөн тухай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй атал прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дох хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Г.Эы хувийн байдал /ам бүл 1, хувиараа мал малладаг/ холбогдсон гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Э /РД:/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ