Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 55

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Н.Ш- А.Б- Шүүгдэгч Н.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч С.Д Шүүгдэгч А.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч Н.Ш-гийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ш-, А.Б- нарт холбогдох 1723000030005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 08-н өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, ******* боловсролтой, 16 настай, мэргэжилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Дөрвөлжин сумын **** багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Н-ын Ш РД: /ИД********/

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, ******* боловсролтой, 17 настай, мэргэжилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Дөрвөлжин сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт А-ын Б РД: /ДЛ*******/

Шүүгдэгч Н.Ш- нь А.Б- нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ш- нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* багийн нутагт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр А.Б-той “өдөр наадмын талбай дээр бөх үзэж байгаад маргалдаж улмаар оройн 22 цагийн орчим зодсон” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч А.Б- нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын ******* багийн нутагт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.Ш-тэй “өдөр наадмын талбай дээр бөх үзэж байгаад маргалдаж улмаар зодолдъё гэсэн” гэх шалтгаанаар түүнтэй зодолдож нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Н.Ш-гийн “...2017 оны 07 сарын 08-ны өдөр 15-16 цагийн үед байх Дөрвөлжин сумын баярын талбайд ангийнхаа хүүхдүүдтэй бөх үзээд сууж байсан чинь *******, ******* хоёр бид нарын хажууд ирээд суусан. Тэгээд дараа нь Г, Л, Б нар орж ирээд Б, М нарын цаанаас шахаад цаашаа сууцгаа гээд түлхээд байсан. Тэгэхээр нь би цаана чинь зөндөө сандал байна цаанаа суучихаач гэж хэлсэн чинь ******* над руу хандан чи ямар том банди вэ чамайг харнаа гэсэн. Тэгээд тэд нар цаад талын сандал дээр очоод суусан... Орой 21-22 цагийн үед байх соёлын төвд үзвэр болно гээд соёлын төв дээр очсон чинь үзвэр эхлээгүй байхаар нь би соёлын төвийн зүүн талд зогсож байсан чинь ******* гарч ирээд миний хажуугаар гарахдаа мөрлөөд эргэж хараад заамдаж аваад нэг удаа зүүн хөмсөгний дээр цохиод авсан тэгэхээр нь би урдаас нь түлхээд салсан. Тэгээд байж байсан чинь *******ийн үеийн , *******, Л, Б нар ирсэн. Мөн манай ангийн Г, Ц, Ба, Ч нар ирсэн. Тэгсэн Б, М нар ирээд манай ангийнханыг наашаа хүрээд ир гээд дагуулаад тоглоомын талбайн хайсанд очоод Б эргэж хараад шууд миний хамар луу цохиод миний хамарны хоёр нүхнээс цус гойжоод толгой эргэсэн. Тэгтэл намайг заамдаж аваад толгойн хэсэгт 6-7 удаа цохисон... ойртох юм бол ална шүү гээд салгуулахгүй байсан чинь Чах ирээд бид хоёрыг салгаад чи яагаад миний дүүг зодоод байгаа юм гээд Б-ийг нэг удаа хацар луу нь алгадсан. Тэгээд тэд нар яваад өгсөн... Тэгээд Б намайг чиглээд ирж явахаар нь дахиад цохих гэж байна гэж бодоод хажуудаа байсан Д гэх хүүхдийн гараас 20 см орчим урттай, 1 хуруу орчим зузаан, 3 хуруу орчим өргөн модыг авч баруун гартаа бариад мод барьсан гараараа Б-ийн хамарт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг Хохирогч А.Б-ийн “...2017 оны 07 сарын 08-ны өдөр 14 цагийн үед байх Дөрвөлжин сумын баярын талбайд ороод бөх үзээд сууж байсан чинь манай ангийн М гэгч хүүхэд ирээд бид нарыг цаашаа шахаад суучих гэсэн. Тэгэхээр нь би Ш-ийн ангийнхан манай ангийн хүүхдүүдийн цаана сууж байхаар нь цаашаа шахаад суучих гэж бүгдэд нь хандаж хэлсэн. Тэгсэн чинь Ш өөр газар очоод суучихад яадаг пизданууд вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь юу гэнээ ямар том юм бэ гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй дуугүй орхисон. Тэгээд баяр тараад юм үзэх гээд 22 цагийн үед байх соёлын төвийн хажууд ангийнхаа Г, Л, М, Ба нарын хамт зогсож байсан чинь Б гэж хүүхэд ирээд намайг уулзаж юм ярья гэж хэлсэн. Тэгээд би хамт яваад соёлын төвийн хойно очсон чинь Ш, Б, Г, А, Ч гээд арав орчим хүүхэд байсан. Тэгээд намайг урдаас нь очиж явсан чинь Ш урдаас ирээд мөрлөөд авсан. Тэгэхээр нь би эргэж хараад Ш-тэй барилцаад авсан. Тэгээд тэдний ангийн нэг хүүхэд нь чи Ш-тэй зодолдоно гэж хэлсэн юм уу гэсэн. Тэгээд манай ангийн хүүхдүүд ирээд би Ширнэнтэй зодолдоод эхэлсэн. Тэгээд Ш бид хоёрын хамарнаас цус гараад салаад явах гэж байсан чинь Ч гэдэг залуу мотоциклтой ирээд хэний дүүг зодсоноо мэдэж байна уу гээд намайг алгадаад зүүн ташааны урд хэсэгт өшиглөсөн. Тэгээд бид нар зугтаагаад явсан... Ч, Т хоёр ирээд нааш ир гээд дуудаад бид нарыг дарамтлаад дагуулаад Соёлын төвийн хажууд байх тоглоомын талбайн хажууд очсон чинь Ш ангийнхантайгаа байж байсан. Тэгээд Т гэдэг залуу манай ангийн М гэдэг хүүхэд рүү томроод байсан тэрийг хараад зогсож байсан чинь Ш намайг гэнэт модоор миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Ба-ийн “...Соёлын төв рүү явж байсан чинь ******* ангийнхаа хүүхдүүдтэй соёлын төвийн хажууд зогсож байсан. Тэгээд би Б-той уулзаад Ш та 2 яагаад муудалцсан юм гэж хэлээд юм яриад соёлын төвийн цаагуур тойроод гараад ирсэн чинь манай ангийн хүүхдүүд дээд ангийн хүүхдүүдтэй ирж байсан. Тэгсэн чинь Б, Ш-г мөрөөрөө мөрлөөд өнгөрснөө ангийнхаа хүүхдүүдийн хажууд очоод эргэж хараад Ш-г нүүр хэсэгт нь нэг цохисон. Тэгээд ангийнх нь хүүхдүүд салгаад наашаа яв гээд хүмүүсээс холдоод тоглоомын талбайн хашаа руу ороод Ширнэнг Б зодоод унасан... Ш-ийн хамарын цусыг угаалгаж байсан чинь Б ангийнхантайгаа ирээд муудалцаад байсан. Би нэг эргээд харсан чинь ******* газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/ Насанд хүрээгүй гэрч З.Г-ийн “...Б манай доод үеийн Ш надтай нэгээрээ зодолдьё гээд байна гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө соёлын төвд юм үзэх гээд зогсож байсан чинь Ш-ийн ангийнхан ирээд тэгээд би ангийнхаа охидуудтай байж байсан чинь Бат ирээд ногоон хайс руу явья гэж байна гэж хэлсэн. Тэгээд би дагаж яваад ногоон хайсан ороод тэнд Б, Ш хоёр зодолдсон. ******* Ш-г зодоод Ш-ийн хамарнаас цус гарсан. Тэгээд бид нар яваад ногоон хайснаас гарч ирсэн чинь Ч гэж Ш-ийн хамаатны ах нь ирээд Б-ийг чи хэний дүүг зодсоноо мэдэж байна уу гэж хэлсэн... Ш-ийн хамаатны ах ирээд дагаад яв гээд бид нар дагаад явсан. Тэгээд оёдлын үйлдвэрийн хажууд очсон чинь Ш модоор Б-ийн хамар луу цохиод Б доошоо хараад унасан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Дээрхи үйлдлийн улмаас “...Иргэн Н.Ш-гийн биед тархи доргилт, хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 201720130 дугаартай дүгнэлтээр, Мөн шинжээчийн “...Иргэн А.Б-ийн хамрын хянга яс 2 талдаа дотогшоо цөмөрсөн хугаралтай, хамрын таславч ясны хугарал мурийлт тархины доргилт, зүүн хацарт хавдар зургаралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд хавдар цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 201720132 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч нарын үйлдэл нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцох үндэстэй. Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Н.Ш-, А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан тэдний 18 насанд хүрээгүй болон хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Н.Ш-, А.Б- нь 18 насанд хүрээгүй буюу өсвөр насны шүүгдэгчид бөгөөд тэдэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлэх нь зүйтэй. Өсвөр насны шүүгдэгч Н.Ш-, А.Б- нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эхэд нь даалгах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 38*2*5 см хэмжээтэй шаргал өнгийн будгаар нэг талыг нь будаж, будаг нь халцарч гандсан модыг устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Н-ын Ш, ******* овогт А-ын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Ш-, А.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ш-, А.Б- нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өсвөр насны хүнийг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгахыг эцэг, эхэд нь даалгасугай.

4. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 38*2*5 см хэмжээтэй шаргал өнгийн будгаар нэг талыг нь будаж будаг нь халцарч гандсан модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Ш-гийн хувьд ноогдох эд хөрөнгө болох HUAWEI маркийн гар утсыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, шүүгдэгч А.Б-ийн хувьд ноогдох эд хөрөнгө болох хар өнгийн Iphone-5 маркийн гар утсыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА