| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Бүжин |
| Хэргийн индекс | 317/2026/0244/э |
| Дугаар | 2026/шцт/253 |
| Огноо | 2026-05-12 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | С.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2026/шцт/253
2026 5 12 2026/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Бүжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,
улсын яллагчаар С.Ариунзул,
шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар Б.У-д холбогдох эрүүгийн 000-дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамтаар Төв аймаг . сумын. .. дүгээр баг Дуган хад хэсэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.У- /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.У- нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Төв аймгийн . сум ... дүгээр баг ... гэх газарт оршин суух иргэн Д.Э-ын хашаан дотор хохирогч Ч.Б-ын зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн богтос ясны ил хугарал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 000-дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Төв аймгийн ... сум .. дүгээр баг .. гэх газарт оршин суух иргэн Д.Э-ын хашаан дотор хохирогч Ч.Б-ын зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн богтос ясны ил хугарал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-ын өгсөн: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1- 2 дугаар хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
-Хохирогч Ч.Б-ын Төв аймгийн Борнуур сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
-Хохирогчийн гэмтэлтэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
-Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
-Хохирогчийн өгсөн “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр - сумын - гэх газарт манай хажуу айлын хөрш Ц- тэтгэвэр буучихсан байна. 2-лаа банк руу хамт яваад ирье гээд намайг гуйсан. Тэгээд сумын төв рүү ороод банк орчихоод буцаж явах замд Ц- хоёулаа замаараа Э-гийнд ороод гарья гэхээр нь би за тэгье гээд бид хоёр-аагийн хашааны гадна талд машинтай очоод зогссон. Тэгээд бид 2 машинаасаа буугаад -агийнх руу орох гэтэл том саарал өнгийн нохой ирээд зүүн талын гарыг хазаад, тавихгүй зуучихсан. Тэгээд Э- гарч ирээд тэр нохойг миний гарнаас салгасан. Э- намайг Б- сумын эмнэлэг рүү авч яваад очоод үзүүлтэл эмч намайг Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэг рүү тээвэрлэж авч явсан. Миний харснаар бол төвд банхар саарал өнгөтэй байсан. Дуган хаданд байдаг О- гэх хүний нохой. Нохойд хазуулсанаас хэд хоногийн дараа би О- болон түүний эхнэр Б.У- нартай холбогдоод ийм зүйл болчихлоо гээд хэлсэн. Тэгээд эмчилгээний төлбөр гээд миний 000- дугаарын дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
-Гэрч С.О-ын мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
-Гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
-Сэжигтэн Б.У-ын өгсөн “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн оройн 17 цагийн үед Төв аймгийн ... сумын ... дүгээр баг .. гэх газарт буюу манай хүргэн ах Э-ын хашаанд манай тэжээдэг саарал өнгийн Кавказ гэх нэртэй нохой Б- гэх хүний гарыг хазсан байсан. Тухайн нохойг 2020 онд гөлөг байхад нь манай хүүхэд Хүслэн авч ирж байсан. Манай нохой Б- гэх хүнийг хазаж байхад Э- ах гэрээс гарч ирж салгасан гэсэн. Мөн Ц- гэх хүн байсан гэж Э- ах надад хэлж байсан. Өөр бусдаар бол мэдэх зүйл байхгүй байна. Ер нь байнга уядаг, өдрийн цагаар уядаг. Манай өвөлжиж байгаа хэсэгт чоно ихээр байдаг бөгөөд манай малыг орж ирж идэх тохиолдол гардаг. Шөнийн цагаар нохойгоо тавихгүй бол болохгүй байдаг. Тухайн өдрийн өмнөх орой нохойгоо тавьсан чинь өглөө байхгүй тэнээд явчихсан байсан. Маргааш оройн 17 цагийн үед Б- гэх хүний гарыг хазсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
-Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ТӨВ0726/.. дугаартай “... Ч.Б-ын биед зүүн богтос ясны ил хугарал, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн тусламж авах үед шинэ гэмтэл байсан байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
-Хохирогч Ч.Б-ын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,
-Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 52-56 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн “...Ч.Б-ын эрүүл мэндийн даатгалын сангаас 14 удаа 1,145,100 төгрөгийн үйлчилгээ авсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 000- дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
-Яллагдагчийн өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Прокуророын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,
-Яллагдагчийн зөрчлийн талаар лавлагаа /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/
-Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг төлсөн баримт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.А- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.У- нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.У-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газар нь шүүгдэгч Б.У-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын хүсэлтийг прокурор хүлээн авч, тус шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
“Орчиндоо аюул учруулж болох амьтан” гэдэгт өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтныг... орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уях, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд олон нийтийн болон бусдын эзэмшил газар луу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.У- нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Б.У- нь аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Төв аймгийн ...р сум ... дүгээр баг ... гэх газарт оршин суух иргэн Д.Э-ын хашаан дотор хохирогч Ч.Б-ын зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн богтос ясны ил хугарал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчБ.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ШүүгдэгчБ.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчБ.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.У-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 000-дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БҮЖИН