Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.А,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль,эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн П.А  нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар холбогдох иргэн, хуулийн этгээд, үүний дотор 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжийн П.А-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000161063 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Засаг даргын 2022 оны А/814 дугаар захирамжийг хүргүүлэх тухай Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай албан бичгийг  П.А-д хаягласан байх боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий актыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан талаар тайлбарласан, Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 252 дугаар албан бичигт “П.А нь 2023 оны 3 сард А/814 дугаар захирамжийг өөрийн биеэр бичиг хэргийн ажилтнаас авсан. Захирамжийг гардуулсан талаарх баримт үйлдэгдээгүй байна гэжээ.

Иймд нэхэмжлэгч П.Аг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Манай аав Пэ нь анх 2010 онд 48м2 талбай бүхий гараашийг Б.У гэдэг хүнээс худалдаж авсан. Тухайн объектоо өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж байж байгаад 2017 онд Сэлэнгэ аймагт түр амьдарч байх хугацаанд гарааш худалдсан У гэж хүн Увсад ирсэн.Тэгээд би гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр уг гараашийг өмчлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас  авсан. Тухайн гарааш гудамж төслийн хүрээнд манай аавын дэлгүүрийн газрын хамт чөлөөлөгдөх газарт орсон. Тухайн үед захиргааны байгууллагаас нэг хүний хоёр объектыг нураахгүй гэж хэлээд дэлгүүрийг нурааж, гараашийг нь үлдээсэн. Энэ газар нь Билэг төвийн ард байдаг. 2021 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж тухайн газрын гэрчилгээг гаргуулж авсан. 2010 онд Угээс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авч байхад газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. 2017 онд гэрчилгээгээ үрэгдүүлж гээгдүүлсэн тул надад одоохондоо байхгүй, чи газрын албанд өргөдөл гаргаад өөрөө гэрчилгээ аваарай гэж хэлсэн учраас 2021 онд хүсэлт гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Энэ газрыг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.Хэргийн материалтай танилцахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  ороогүй байна гэж үзсэн байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамааралгүй гэж үзэж байгаа.Би 2023 оны 01 сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 сарын 11-ний хооронд Солонгос улсад яваад ирсэн.Аймгийн Засаг даргын захирамжийг Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтан надад 2023 оны 03 сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн наад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.  

5. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн,аж ахуйн нэгж,байгууллагад эзэмшүүлэх,ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулахыг заажээ.Иргэн П.А-д эзэмшүүлсэн уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгогдоогүй газар байх тул газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй байна.Иймд П.Агийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газарт 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 тоот захирамжаар 3-р багийн нутаг дэвсгэрт авто гараашны зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гарсан байдаг. Газар олгохдоо Газрын тухай хуульд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэх тухай заасныг зөрчсөн.Төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн. Мөн Газрын тухай хуульд авто гараашны зориулалтаар газар эзэмшүүлэх зохицуулалт байхгүй. Засаг даргын А/814 тоот захирамжийг хүчингүй болгох тухай Геодези зураг зүйн газраас дүгнэлт ирүүлсэн байдаг. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь тухайн дүгнэлтийг үндэслээд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах захирамжийн төсөл бэлтгэсэн. Нэхэмжлэгч нь 2010 онд тухайн газрыг худалдаж авсан гэж хэлсэн. Худалдан авч шилжүүлэхэд арай өөр төрлийн зохицуулалттай. Газар эзэмших эрх олгосон 258 тоот захирамж шинээр газар олгох байдлаар гарсан учраас хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс “...Миний аав П нь У гэдэг хүнээс машины гарааш 2010 онд худалдаж авсан боловч газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байсан.Аав маань Сэлэнгэ аймагт байх үеэр У гэдэг хүн Увс аймагт ирэхэд миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь шилжүүлж авсан.Тэгээд У нь  газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гээчихсэн гээд газар эзэмших эрхээ шилжүүлээгүй явчихсан тул газрын албанд өргөдөл гаргаж газар эзэмших болсон.Иймд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Засаг даргын шийдвэр хууль бус...” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Иргэн П.Агийн эзэмшиж байгаа газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгогдоогүй газар байх тул газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй”  гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг тус тус үндэслэн зарим иргэн,хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Пүрвээгийн Ариунзаяад холбогдох хэсгийг,тус захирамжийг үндэслэн олгосон 000161063 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

5. Нэхэмжлэгч П.А нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болон 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт “Миний бие нь Билэг төвийн хойд талд 48м 2 авто гараашийг худалдаж авсан ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.Тухайн үед газрын гэрчилгээг авч амжаагүй тул миний эзэмшлийн 48м 2 авто гараашийн гэрчилгээг олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг, тойм зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хамт өгчээ.

6. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тогтоолыг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 3-р багийн нутагт П.А-д 48м2 газрыг авто гараашийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр П.А-д газар эзэмших эрхийн 000161063 дугаартай гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

7. Нэхэмжлэгч П.А-д эзэмшүүлсэн газарт шүүхийн үзлэгийг хийсэн ба үзлэгээр П.Агийн эзэмшлийн газарт кадастрын зургийн дагуу хэмжилтийг хийж үзэхэд уг газар нь Билэг худалдааны төвийн хашаанд байршилтай баригдсан гарааш байх ба гараашийн хэмжээгээр 48м2 газрыг олгосон байв.

8. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч П.Аг Улаангом сумын 3-р баг, 1-64 айлын урд хаягт байршилтай гараашийн зориулалттай 48м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-1520005194 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543622 дугаартай гэрчилгээг олгожээ.

9.Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй эрхийн улсын бүртгэлийн Y-1520005194, Y-1520002495 дугаартай хувийн хэргийн материалд шүүхээс үзлэг хийн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хавсаргасан.

Иргэн Б.У, П.А нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1520002495 дугаарт бүртгэлтэй 48м2 гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.Уг Улаангом сумын 3-р багт байршилтай гараашны зориулалттай 48м2, 36м2 талбайтай 2 тусдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-1520002495 дугаарт бүртгэж 000061595 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Б.У нь Улсын бүртгэлийн хэлтэст анх 2 гараашийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргахдаа Б.Уд 24м2,30м2 газрыг эзэмшүүлэх гэрчилгээний /№655,551/ нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, Улаангом сумын 3-р баг, 1-64 айлын урд талд авто гараашийн зориулалтаар 24м2  газрыг эзэмшүүлэх гэрээ, 2-64 айлын урд талд авто гараашийн зориулалтаар 30м2 газрыг эзэмшүүлэх гэрээг хавсаргасан байна.

10. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх журмын талаар тус тус  зохицуулжээ.

Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-д “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” зарчмыг тусгасан байна.

11. Маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг, мөн Газар зохион байгуулалт,геодези,зураг зүйн газрын хяналт шинжилгээ,үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг гэж баримталсан баримтыг шүүхээс нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд холбогдох байгууллагаас шүүхэд гаргаж өгөхийг даалгасан боловч Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын Удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаар албан бичгээр “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А814 дүгээр захирамжийн үндэслэл болсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Увс аймгийн газрын харилцааны талаар хийсэн хяналт шинжилгээ,үнэлгээний тайлан манай архивт хадгалагдаж үлдээгүй байх тул гаргаж өгөх боломжгүй байна” гэх хариуг ирүүлсэн, Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн төслийг би боловсруулж бэлтгэсэн.2021 оны 9 сард Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд манай аймагт ирж газрын талаар хяналт шинжилгээ,үнэлгээ хийсэн.Энэ ажлын дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сард манайд ирүүлсэн байсан.Уг дүгнэлтийн 11 дэх хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газрыг хүчингүй болгуулах талаар зөвлөмж ирүүлсэн.Тиймээс уг дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрүүд гарсан” гэж мэдүүлсэн, мөн Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/930 дугаар албан бичигт “2021 онд хийгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт бичгээр хүргээгүй” талаар дурджээ.

Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд орон нутагт томилолтоор ажилласан тухай 2021.11.16-ны өдрийн тайланд “Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт газрын зөрчил, маргаан шийдвэрлэлтийн байдалд зөвлөмж өгсөн” тухай тэмдэглэгдсэн, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ,үнэлгээний тайлангийн Ес.Зөвлөмж гэх хэсэгт Газар зохион байгуулалтын чиглэлээр 2021, 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд олгосон захирамж шийдвэрүүдийг хянаж, зөрчил арилгах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах гэжээ.

12. Хэрэгт авагдсан Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр  Улаангом сумын 3-р багт авто гараашийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөгүй болох нь тогтоогдсон ба уг үндэслэлээр П.А-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

13. Гэвч хариуцагчаас П.А-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгч П.А-д захиргааны байгууллагаас 48м2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр байгаа, өмнө нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч байсан Б.У нь газар эзэмших эрхийн гэрчилгээ,гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, П.А нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн уг тохиолдолд газар эзэмших эрхийг олгохгүй байх нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх,Б.Угийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн санд Б.Угийн газар эзэмших эрх бүртгэлтэй эсэх, газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжтой эсэхэд захиргааны байгууллагаас дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргахаар байжээ.

14. Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай захирамжийн П.А-д холбогдох хэсэг нь  П.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх тул маргаан бүхий актын П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

15. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх  хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн П.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.АЛТАНЦЭЦЭГ