Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

 

 

   Ж.Н-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Г.Чанцалдулам,

Шүүгдэгч: Ж.Нн,

Хохирогч: А.Т,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Н-д холбогдох 2138003010015 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хариад овгийн Ж-ын Н, ....... оны ..... дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, тэтгэвэрт,  ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн ........... сумын...... дүгээр багийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Ж.Нн нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн ........... сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Ц-гийн эзэмшлийн Приус-30 маркийн ........... /одоогийн улсын дугаар .........../ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Т-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Ж-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын Н-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Ж.Н-ны зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ........... сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглож, шүүгдэгч Ж.Нн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2138003010015 дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор иргэний хариуцагч П.Цэцгээгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч П.Цэцгээд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 2,598,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Төртогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Төртогтох давж заалдах гомдолдоо:  ...Би Мөрдөн байцаалтын шатанд өөрийн эмчилгээнд гарсан зарим зардал болох 2,598,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн үүнээс гадна 2,790,000 төгрөгийн бусад зардлын баримтыг Цагдаад гаргаж өгсөн боловч “Эмчилгээний зардалд хамаарахгүй баримт байна. Шаардлагатай бол шүүх хурал дээрээ гаргаж өгөөд шийдвэрлүүл” гэсэн. Тиймээс ч би шүүх хуралд өөрийн биеэр биечлэн оролцоно гэдгээ цагдаагийн мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Прокурорт мөн мэдэгдсэн. Ингээд хэрэг шүүх рүү шилжсэнийг мэдээгүй, шүүх рүү шилжлээ гэж ч надад мэдэгдсэн зүйл байхгүй. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутад “шүүхээс ярьж байна. Шүүх хуралдаа ирж оролц” гэж хэлсэн даруйд нь шүүх дээр 17 цаг 55 минутад ирэхэд “хурал эхлээд 5 минут болсон байна. Хурлаас хоцорсон байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл надад шүүх хурал болох гэж байгаа тухай 10 минутын өмнө л мэдэгдсэн юм. Би аль болох хурднаар ирсэн боловч хурлаас 5 минут хоцорсон байсан. ...Би Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт:

1. Шүүх хуралд оролцох тухайгаа мэдүүлэг өгөхдөө мэдэгдсээр байтал оролцох эрхийг минь хангаагүй, хурал эхлэхээс 10 минутын өмнө буюу хүрэлцэн ирж амжихгүй хугацаа хэлж эрхийг минь зөрчсөн. Иймээс би шүүх хуралд биечлэн оролцож өөрт учирсан хохирол нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлтээ хэлж чадаагүй.

2. Энэ бүх байдлаас шалтгаалан шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан ял хөнгөдсөн байна гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг давж заалдах журмаар хянан хэлэлцэж уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж.Нн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн тогтоосон хэмжээнд хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна гэв.

Хохирогч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутад надад шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Би 18 цаг 05 минутын үед шүүхэд ирэхэд шүүх хурал эхэлсэн байсан гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ж.Нн нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн ........... сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэцгээгийн эзэмшлийн Приус-30 маркийн ........... /одоогийн улсын дугаар .........../ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Т-ын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Жамъянжавын Наранчулууныг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн    1.4-д зааснаар “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй байхаар хуульчилжээ.

Гэтэл хохирогч А.Төртогтоход дээрх эрхийг нь эдлүүлэлгүй 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 37 минутад прокуророос шилжиж ирсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг мөн өдрийн 17 цаг 50 минутаас хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг хохирогчид 17 цаг 30 минутад утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацаа олгоогүй байна.

Иймд хохирогч А.Төртогтохын гаргасан “...Шүүх хуралд оролцох тухайгаа мэдүүлэг өгөхөө мэдэгдсээр байтал оролцох эрхийг минь хангаагүй, хурал эхлэхээс 10 минутын өмнө буюу хүрэлцэн ирж амжихгүй хугацаа хэлж эрхийг минь зөрчсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч А.Төртогтохын давж заалдах гомдлыг хүлээн авч,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын  26-ны  өдрийн  2021/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                                   Б.СОСОРБАРАМ

                                                                             Н.БАЯРХҮҮ