Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: К.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон

“Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох, сумын Засаг дарга С.У-ыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Б-г сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Банзрагч,түүний өмгөөлөгч Г.Жанчив,гуравдагч этгээд К.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Д нь тус шүүхэд анх Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны сумын Засаг дарга С.У-ыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Б-г сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдсан Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаантай холбогдох маргаан бүхий нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... 2023 оны 01 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт товлосон Увс аймгийн Баруунтуруун сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг ажлын бус цагаар буюу мөн өдрийн 20:40 цагт эхэлж, 21:50 цагт дуусгасан тухай, хуралдаанаар мөн сумын засаг дарга огцруулах асуудлыг хууль зөрчин хэлэлцүүлж, шийдвэр гарган аймгийн Засаг даргад уламжилж байгаа тухай зэрэг албан бус мэдээллийг тус хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүн, төлөөлөгч миний бие өнөөдөр авлаа.

Сумын Засаг даргыг огцруулахтай холбоотой хийсэн ээлжит бус хуралдаан, гаргасан тогтоол, өргөн мэдүүлж буй шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж . хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан "сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчдийн сумын Засаг дарга С.У-ыг огцруулах саналын тухай " гэсэн томьёолол бүхий асуудал Монгол Улсын засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалт "Энэ хуулийн 47.1 -д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэсэн заалтыг бүхэлд нь зөрчсөн.

Тус хуралдааны хэлэлцэх асуудлын шийдвэрийн төсөл, холбогдох лавлагаа материалууд хуульд заасны дагуу төлөөлөгчдөд хүргэгдээгүй. 2023 оны 01 сарын 10-ны өдөр төлөөлөгч тус бүрт дараах 3 хуудас материалыг л хүргүүлсэн болно.Хуралдааны урилга, Увс аймаг Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Д-ийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлд гаргасан санал хүргүүлэх тухай төлөөлөгчдийн гарын үсэг бүхий бичиг, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 01 тоот захирамж

2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг товлон зарласан үйл явц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дэх заалтад "Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна" гэж заасныг зөрчсөн болно.

Тус хуралдааныг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 01 тоот захирамжаар 2023 оны 01 сарын 12-нд хуралдуулахаар товлосон нь хуульд заасан долоогоос доошгүй хоногийн өмнө бус гурван хоногийн өмнө зарлаж, ажлын бус цагаар хийсэн байна.

3. Мөн засаг даргыг огцруулах үйл явц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтад "Дээд шатны засаг дарга , Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн хурлын саналын дагуу засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн догор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй" гэж заасныг зөрчсөн болно.

Учир нь 2022 оны 06 сарын 26-ны өдрийн хуралдаанаас сумын засаг даргыг огцруулах тухай тогтоолыг гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлж хариу хүлээн авсан байдаг.

4. Мөн хурал дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд нь мөн хуулийн 38 дугаар зүйл 38.1 дэх заалт ИТХ-ын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн" гэж заасныг зөрчин өөрсдийн эрх ашгийн төлөө асуудалд хавдаж, зарим мэдээлэл, ирсэн явсан албан бичиг. материалыг Ардчилсан намын бүлгийн гишүүдээс нууц байдалд байлгаж, үндсэн зарчмаасаа хэт хазайсан үйлдлийг гаргасан.

Тухайлбал 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 'Аймгийн засаг дарга Ч.Ч-ийн ирүүлсэн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 1/1227 дугаар албан бичгийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 сарын 26-ны өдрийн хуралдаанаас гарсан сумын Засаг дарга С.У-ыг огцруулсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах саналыг аймгийн Засаг дарга Ч.Чимидэд дахин уламжлах асуудлын тухай" гэсэн томьёолол бүхий асуудлыг хууль зөрчин хэлэлцүүлэн шийдвэрлэсэн боловч ямар шийдвэр гаргасан , аймгийн Засаг даргад тухайн шийдвэрийг хүргүүлсэн эсэх, хариу хүлээн авсан эсэх талаар төлөөлөгчдөд мэдээлээгүй. Холбогдох материалыг төлөөлөгчдөд хүргүүлээгүй.

5. Тус хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй бөгөөд шөнийн цагаар хулгайгаар хийж, шийдвэр гаргасан. Энэ нь Иргэдийн төлөөлөгч миний эрхийг буюу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 болон 39.1.3 дахь заалтуудыг зөрчиж, ард иргэдээ төлөөлөх хуулиар олгогдсон эрхийг минь хангаагүй.

Иймд дээрх үндэслэлээр Увс аймгийн Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны дугаар сарын 12-ний өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:” Л.Д нь 2020 оны орон нутгийн сонгуулиар багийн иргэдийн итгэл хүлээж сонгогдсон төлөөлөгч хүн.Төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх,үүргийг эдлэх эрхтэй.Гэтэл сумын ИТХ-ыг хуралдуулах тухай зарлан мэдээлэхдээ хэлэлцэх асуудлын талаар холбогдох материалыг хүргүүлээгүйн дээр хурал зарласан цагтаа хурал хийгээгүй,ажлын цаг дууссан хойно нууцаар хуралдаж шийдвэр гаргасан нь төлөөлөгчийн бүрэн эрхэд халдсан цаашилбал, МУ-ын ҮХ-д заасан төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих эрхэнд халдсан үйлдэл тул тухай хурал бүхэлдээ хууль бус мөн гаргасан шийдвэр нь хэрэгжих боломжгүй тул Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны сумын Засаг дарга С.У-ыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Б-г сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Л.Д-г хуралд оролцуулахгүйгээр товлосон цагаасаа өөрт цагт, нууцаар сумын ИТХ-ын хуралдааныг хуралдуулсан нь төлөөлөгчийн бүрэн эрх буюу хэлэлцэж байгаа асуудалд таслах эрхтэй оролцох гэсэн эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар хэлэлцэж байгаа асуудлаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг зөрчиж засаг даргыг огцруулах талаар тооцоо, судалгаа байхгүй, шийдвэрийн төсөл байхгүй байхад хуралд оруулж хэлэлцүүлсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж байна. Төлөөлөгч нарт хурлын урилга, нэр бүхий төлөөлөгч нарын гарын үсэг бүхий баримт, хуралдаан товлон зарлах тухай хурлын даргын захирамж зэрэг 3 төрлийн бичиг баримтыг тус тус хүргүүлсэн. С.У-ыг ямар учир шалтгаанаар огцруулах гэж байгаа талаарх тооцоо судалгаа, лавлагаа тодорхойлолт байхгүй. Мөн гаргах шийдвэрийн төсөл байгаагүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан шаардлагыг  хангаагүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-т анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана гэж заасныг зөрчсөн. Л.Д өглөө 9 цагт ирээд хурлын заал руу ороход хурал эхлээгүй байсан учраас Засаг дарга С.Уын өрөөгөөр орж хурал эхлэхийг хүлээсэн боловч  эхлээгүй. Хурал хойшилсон талаар ИТХ-ын даргаас ямар нэгэн шийдвэр ирээгүй учраас гэртээ харьж амарсан. Л.Д нь амарч байх хугацаанд буюу шөнийн 10 цаг өнгөрч байхад хурал хуралдсан. Тухайн хурлын тэмдэглэлд хурлыг 16 цагт эхэлснээр бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Л.Д-г хуралд оролцуулахгүй байхыг санаатай зохион байгуулж, нууцаар хийсэн. Хэрвээ би оролцсон бол хэлэлцэж байгаа асуудлаар таслах эрхтэй оролцож, хуулийн шаардлагыг хангуулж, яагаад С.У-ыг огцруулах асуудлыг яаравчлан хийж байгаа талаар ярина.Үүнийг мэдэж байгаа учраас санаатайгаар нууцаар далд хийсэн нь миний эрхийг зөрчсөн асуудал болсон. Тийм учраас хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, хуралдаанд биечлэн оролцож дахин энэ асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйл нь Засаг даргыг чөлөөлөх, огцруулах харилцааг зохицуулж байгаа. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-64.2.5 хүртэл засаг даргыг огцруулах үндэслэлийг заасан. Энэ зүйлийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан гэж заасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн, 65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн гэж заасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас энэ 2 үндэслэлээр огцруулсныг дээд шатны Засаг дарга хүлээж аваагүй. 2022 оны 6 дугаар 22-ний өдрийн нөхөн сонгуулиар олонх болсон тул огцруулсан гэж хэлсэн. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд олонх болсон бол Засаг даргаа огцруулна гэсэн зүйл заалт байхгүй учраас хуульд нийцээгүй байна гэж үзэж байна.  6 дугаар сарын 22-ний өдрийн албан бичгийг аймгийн Засаг дарга нь хүлээж аваад ямар хариу өгсөн бэ гэвэл хууль хэрэглээний хувьд алдаатай байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 56 дугаар зүйл, 35 дугаар зүйлийг баримталсан нь засаг даргыг огцруулах үндэслэлд хамаарахгүй байгаа учраас Засаг даргыг огцруулсан нь хууль бус байна гэсэн хариу өгсөн. 6 дугаар сарын 26-нд огцруулах санал авсан учраас 2023 оны 6 дугаар сарын 26-ний өдөр хүртэл энэ хүнийг огцруулах асуудлыг дахин сөхөх боломжгүй байсан. Л.Д төлөөлөгч нь энэ хуралдаанд орсон бол хуулиуд зөрчигдсөн асуудлаар ярих байсан. Хууль зөрчсөн асуудал байгаа эсэх дээр санал хураагаад олонхоороо шийдэх байсан. Л.Д төлөөлөгчийн хуралд орж энэ талаар тайлбарлах, Засаг даргыг огцруулах асуудалд таслах эрхтэй оролцох энэ эрхийг нь яаж хязгаарласан вэ гэвэл цагтаа хурлаа эхлүүлээгүй, ажлын цаг дууссаны дараа нууцаар хуралдсан. Ийм учраас энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хэрэв хуралдаан цагтаа эхэлсэн бол Л.Дд гомдол гаргах эрх байхгүй. Харин хуралдаан нь товлосон цагтаа эхлээгүй нь нэхэмжлэгчийн бүрэн эрхэд халдсан асуудал гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн хурлын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь монгол ардын намын бүлгийн дарга Д.Д-гээс сумын ИТХ-ын даргад “сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ээлжит бусаар хуралдуулж өгнө үү гэх утгатай сумын засаг даргыг огцруулах тухай” асуудлаар албан бичгээр хандсан. Энэ бичгийг хүлээж аваад ИТХ-ын зөвлөлийн хурлыг зарласан. Зөвлөл хуралдах гэсэн боловч ирц бүрдээгүй учраас 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан. Энэ хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааны товыг 01 дүгээр сарын 12-ний өдөр хийхээр захирамж гаргасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирц бүрдэхгүй байх шалтгаанууд байсан учраас яаралтай хуралдуулах шаардлага байсан. Хуралдааны товыг сумын Иргэдийн төлөөлөгч нарт хурлын урилга, монгол ардын намын бүлгээс ирүүлсэн албан бичиг, хуралдаан зарласан захирамж зэрэг материалуудын хамт хүргэсэн. Улаанбаатар хотод байсан нэг төлөөлөгчид утсаар  мэдэгдэж, цахимаар явуулсан.  Бусад төлөөлөгч нарт өөрт нь мэдэгдэж гарын үсэг зуруулж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зарласан хуралд Монгол арлын намын бүлгийн 10 төлөөлөгч хуралд ирсэн. Харин ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар ирээгүй. Ийм учраас хурлын ирц бүрдээгүй. Энэ нь ардчилсан намын төлөөлөгчдийн санаатай үйлдлээс болсон. Нэгэнт зарласан хурал учраас иргэний танхимд өдөржингөө хүлээгээд байж байтал орой 19 цаг 40 минутад ардын намаас сонгогдсон нэг төлөөлөгч ирсэн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны ирц 11 хүн буюу 50-иас дээш хувьтай байсан. Тэнд байсан төлөөлөгч нар ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид рүү залгаад хурал эхлэх гэж байна, ирж хуралдаа сууна уу гэж хэлсэн боловч хэн ч ирээгүй. Нэгэнт хуралдааны ирц бүрдэж байгаа учраас 22 цагаас өмнө нь дуусгах ёстой гэсэн заалтаа баримтлан хурлын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 30 минут хүлээгээд 20 цаг 10 минутад хурлыг нээгээд 21 цаг 40 минутад хаасан. Энэ хуралдаанаар асуудлыг хэлэлцээд 01,02 тоот тогтоолыг баталгаажуулсан. Сумын Засаг дарга С.У-ыг огцруулах үндэслэлийг надад тодорхой тайлбарлах ёстой байсан гэж Л.Д хэлсэн. Энэ асуудал нь 2022 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдсэн. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан хуралдаанаар 15 чиг үүрэг бүхий даалгаврыг сумын Засаг дарга С.У-д албан бичгээр өгсөн. Энэ үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Засаг даргаас шаардаж танилцахад 9 заалт нь огт хэрэгжээгүй учраас Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй гэсэн үндэслэл байгаа. Энэ асуудлыг 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаан дээр дахин тавьж энэ үндэслэлээр сумын Засаг даргыг огцруулах нь зүйтэй гэж хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Нөгөө талаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчийн 11 төлөөлөгч нь Монгол ардын намаас сонгогдож олонх болсон учраас Засаг даргын албан тушаалыг ардын намаас хаших ёстой гэж үзсэн. Ийм учраас С.У-ыг огцруулах асуудлыг хуралдаанаар хянан хэлэлцээд чөлөөлөх тухай тогтоол баталж гаргасан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргадаг шийдвэр нь улс төрийн шийдвэр байдаг. Энэ асуудал Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал байдаг. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг Засаг дарга С.У-ыг биелүүлээгүй байна гэж үзэж нэр бүхий төлөөлөгч гарын үсэг зурж ИТХ-ын даргадаа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн. Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан баримтад “сумын Засаг дарга С.У нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул гэсэн албан бичгийг өгсөн. Энэхүү асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тодорхой зааж өгсөн. Энэ чиг үүргийнхээ дагуу 15 хоногийн дотор шийдсэн гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас хууль зөрчсөн асуудал байхгүй.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөгч Л.Д миний санал өгөх эрхийг зөрчсөн гэж үзсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн гэдэг асуудал харагдахгүй байна. Уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. Мөн энэ хуулийн 33 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд байгууллага нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна гэж заасан. Ийм учраас Засаг даргыг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг төлөөлөгч боловсруулах боломжгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа эсэхийг олонхын саналаар шийдвэрлэдэг болохоос биш санал гаргасан төлөөлөгч шийдвэрийн төслийг бариад явж байх боломжгүй. Нэхэмжлэгч Л.Д нь төлөөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн. Гэтэл хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт байгаа. Урилга хүргүүлсэн жагсаалтын 8 дугаарт Л.Д гэдгийг зөвлөөд гарын үсэг зурсан. Урилгаа хүлээж авсан учраас хуралдаа оролцох эсэх нь түүний эрхийн асуудал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх хэдий нотлох баримт цуглуулах үүрэг хүлээдэг гэсэн ч хэргийн оролцогч өөрөө мэдсээр байж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс нууцаар, ажлын бус цагаар хуралдсан гэж үзэж байгаа бол  нотлох ёстой. Тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан 21 цаг 50 минутад хаасан гэдгээ хариуцагч Б.Б өөрөө ч хэлсэн. Шүүхээс хэрэгт нотлох баримтаар ИТХ-ын хуралдааны дэгийг гаргуулж авсан. Энэ баримт нь хавтаст хэргийн 37-р дугаар талд авагдсан. Хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан хуралдааны дотоод журмын 4.2-т өглөөний хуралдааныг 08-12 цагийн хооронд, өдрийн хуралдааныг 13-17 цагийн хооронд, 2 цаг тутамд 20 минут ба 4 цаг тутамд 1 цаг 30 минутын завсарлагаатай явуулна гэж заасан. Шаардлагатай бол хуралдааны цагийг сунгаж нэмэлт хуралдаан хийж болно. Нэмэлт хуралдааны хугацааг 4 цагаас илүүгүй байна гэж заасан. Энэ журмыг Иргэдийн төлөөлөгч Л.Д гэдэг хүн хуралдаа оролцож баталсан гэж ойлгож байна. Оройн цагаар хуралдсан явдал нь хууль журамдаа нийцэж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т шөнийн цаг гэдгийг орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өглөөний 06 цаг хүртэл хугацааг хэлнэ гэж заасан. Баруунтуруун сумын ИТХ-ын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/02 тоот тогтоол нь өдрийн цагаар хуралдаж гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлэлцэж батлан гаргасан хуралдааны дэгтэйгээ нийцсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл энэ заалтаар анхдугаар хуралдаанаас бусад хурлыг хуралдаан эхлэхээс өмнө 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан. Харин хариуцагч Б.Банзрагч нь 3 хоногийн өмнө зарлан хуралдуулсан гэдгийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Нэхэмжлэгчийн тухайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн асуудал яригдана. Түүнээс биш Л.Д-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал байхгүй байна. 7 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг 3 хоногийн өмнө зарлаж хийснээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэдэг эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт нь ямар зарчимд үндэслэх вэ гэдгийг заасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн. Сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Энэ бичиг 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний тухай баримт бичиг байдаг. Харин Л.Д гэдэг хүний эрх ашиг хөндөгдөөгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.4-т дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч тал нь үүнийгээ нотлох ёстой. Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах асуудлыг хүлээж авахаас татгалзсан асуудал байхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийн зүгээс 2022 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 05/04 дугаартай хурлын тогтоолыг гаргаж өгсөн. Тухайн тогтоолын үндэслэлийг харахаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.2-т заасан асуудлаар хандаагүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг тус тус баримтлан засаг дарга С.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсүгэй гэж бичсэн. 56 дугаар зүйлийг яагаад баримталж байна гэвэл  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олонх болсон нам засгийн эрхийг удирддаг, мөн ялгаагүй УИХ-ын тухай хуулиар олонх болсон нам засаг барьдаг тогтолцоотой. Үүнтэй адилхан 2022 оны 6 дугаар сарын 22-нд Баруунтуруун суманд нөхөн сонгууль явагдаад монгол ардын нам нь олонх болсон учраас манай нам засаг барих ёстой гэж үзэж Удаанжаргалыг огцруулахаар санал хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд К.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлөөлөгч Л.Дд өгсөн хурлын урилгад хуралдаан хаана, хэзээ болохыг тодорхой бичсэн. Тийм учраас нууцаар, хурал хийсэн гэж гүтгэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Д нь тухайн өдөр хуралдаа ирсэн гэж хэлсэн. Хэрвээ хуралдаа ирсэн бол хурлын ажлын албанд яагаад ажлын цагаа бүртгүүлээгүй вэ. Бүртгүүлсэн байсан бол Л.Д төлөөлөгчийг хуралдаанд дуудаж оролцуулах байсан. Хуралд ирээгүй учраас цагаа бүртгүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Л.Д төлөөлөгч нь хуралдаа ирээгүй учраас төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ 2023 оны 01 сарын 12-ны өдрийн хуралдааныг 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэснийг зөрчиж хурлын товыг тогтоосон, хурлыг эхлэх цагтаа эхлээгүй, шөнийн цагаар нууцаар хуралдсан, хэлэлцэх асуудлын талаарх тооцоо судалгаа хийж, холбогдох баримтыг хавсаргаагүй тул хурлын төлөөлөгч Л.Д-ийн хуралд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, асуудлын талаар асуулт асууж, санал дүгнэлт гаргах,санал хураалгах эрхийг эдлүүлээгүй, сумын Засаг даргыг огцруулах үндэслэл байгаагүй байхад шийдвэр гаргасан” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон өмгөөлөгчөөс  “Хурлын хуралдааны ирцийг бүрдүүлэх шаардлагын улмаас 3 хоногийн өмнө хурлын товыг зарласан, хурал шөнийн цагаас өмнө дууссан, тов зарласан захирамж, сумын Засаг даргыг огцруулах төлөөлөгчдийн санал, урилгыг төлөөлөгч Л.Дд хүргэсэн, Л.Д нь хуралд ирээгүй тул хурлаас гарсан шийдвэр Л.Д-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Гуравдагч этгээд К.Б-гаас  “...Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Л.Д төлөөлөгч нь хуралдаа ирээгүй учраас төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна...” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

5. Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Д, С.Л, Б.Т, Э.С, Ө.Д, Ц.А, Б.Банзрагч, М.М нарын 8 төлөөлөгч Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Сумын ИТХ-аас өгсөн үүрэг,хурлаас гарсан шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул сумын Засаг дарга С.У-ыг огцруулах асуудлыг хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлт”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр хүргүүлжээ.

6. Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай захирамжаар Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас хуралдуулан нэр бүхий төлөөлөгчдийн ирүүлсэн сумын Засаг дарга С.У-ыг огцруулах асуудлыг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

7. Хуралдааны урилгыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурлын төлөөлөгчдөд хүргүүлсэн байх ба хурлын төлөөлөгч Л.Д урилгыг хүлээн авч гарын үсгээ зурсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Мэндбаярт гэж хаягласан хуралдааны урилгыг хавсаргаж ирүүлсэн ба хуралдааны урилгад хуралдааныг 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 09:00 цагаас сумын ЗДТГ-ын иргэний танхимд болохыг дурдаж, хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдийн сумын Засаг дарга С.У-ыг огцруулах саналын тухай хэлэлцэхийг тэмдэглэжээ.

8. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан хуралдаж 01 дугаартай тогтоолоор Баруунтуруун сумын Засаг дарга С.У-ыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг дэмжиж, шийдвэрийг Увс аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэхийг,  02 дугаартай тогтоолоор Баруунтуруун сумын Засаг даргаар К.Б-г нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад холбогдох баримтын хамт хүргүүлэхийг Хурлын даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

9. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “ Хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” ,  35.1.4-д “Тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх” нь тухайн хурлын бүрэн эрхэд хамаарахаар, мөн хуулийн  65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.2.Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ гэж, 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” , 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;, 39.1.3-д хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

10. Маргаанд тогтоогдсон үйл баримтын хувьд Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд ээлжит бус хуралдааныг товыг хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө зарласан нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан хугацааг баримтлаагүй байна.

11. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан урилгад заасан газраа буюу сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д хуралдсан, хуралдаан товлосон цагтаа эхлээгүй байх ба хуралдааны тэмдэглэлд 16.00 цагт эхэлсэн гэж тэмдэглэсэн боловч “хуралдааны ирц 19:40 цагийн үед бүрдэж 20 минут бусад төлөөлөгч нарыг хүлээсэн тул хуралдаан 20:00 цагийн үед эхэлж,21:40 цагийн үед хаасан” талаар Хурлын дарга Б.Банзрагч тайлбарласан, С.Лоохууз гэрчийн мэдүүлэгтээ “хуралдаанд 19:00 цагийн орчимд очсон“ гэж мэдүүлсэн байна.

12. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хувьд сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцсэн байх ба хурлаас гаргасан “Засаг даргыг огцруулах тухай санал” нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр тул Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар холбогдох тооцоо судалгаа,гарах шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт тараагаагүй гэж үзэх боломжгүй, уг тогтоолуудын үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй, мөн хуралдаанаас гарсан сумын Засаг даргыг огцруулах тухай 01 дугаар,сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 02 дугаартай тогтоолууд нь нэхэмжлэгчид чиглээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

13. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан ба Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Д нь хурлын урилгыг хүлээн авсан боловч хуралдаанд ирсэн ирцийн бүртгэлгүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт  “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор тодорхойлсон.

15. Нэхэмжлэгч Л.Д нь  зарлагдсан иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хурлын төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хуралдаанд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

16. Иймд шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хуралдааныг нууцаар хийсэн, хуралдааны журмыг зөрчсөн, иргэдээ төлөөлөх эрхийг хангаагүй, сумын Засаг даргыг огцруулах шийдвэр нь хууль бус” гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхээс дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

17. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Д-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хүчингүй болохыг тогтоолгох, сумын Засаг дарга С.У-ыг огцруулах тухай 01 тоот тогтоол, К.Б-г сумын Засаг даргад өргөн мэдүүлэх тухай 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭ