Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000520005 дугаартай хэргийг 2017 оны 09 дугаар сарын 08- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн Э  33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Э нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхий плазагийн дэргэдэх Хаан банкны АТМ-ны төхөөрөмжний бүхээгт иргэн Мийг хуурч, бодит байдалыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх болох Хаан банкны картыг шилжүүлэн авч данснаас нь 650.000 төгрөгийг нь авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт Э мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэнд бичигдсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв. Шүүгдэгч Э нь 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхий плазаагийн дэргэдэх Хаан банкны АТМ-ны төхөөрөмжний бүхээгт иргэн Мийг хуурч түүний Хаан банкны картыг шилжүүлэн авч данснаас нь 650.000 төгрөгийг нь авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Мийн “Би 2017 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найзынхаа хамтаар Хан Уул дүүрэгт байрлах Пийс брижийн баарны гаднаас үл таних таксинд суусан, тэгээд тэгээд хороолол руу явна гэсэн хороолол руу яваж байхдаа би Хаан банкны картнаасаа мөнгө авах гээд БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний автобусны буудал байсан шиг санагдаж байна, би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна тэгээд араас жолооч нь гарч ирээд наад АТМ чинь болохгүй байна хажуу тал нь болж байна гээд миний хаан банкны картыг аваад пин код асуусан тэгээд би пин код 1733 гэж хэлсэн. Тэгэхэд надад 100.000 төгрөг авч өгсөн. Тэгээд надад нэг Хаан банкны карт өгсөн тэрийг нь анзаараагүй аваад маргааш өглөө нь гэртээ байж байтал миний данснаас гүйлгээ гарсан мессэж ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Аванте ХД мөнгөлөг өнгийн урд гупер нь цагаан өнгийн автомашины 7050 гэсэн байсан үсгийг нь мэдэхгүй байна. Их том биетэй залуу байсан, өндөр, өөр сайн санахгүй байна. Хаан банкны дансны дугаар 5003644684” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12, 24-26 дугаар хуудас/ Мөнгө хүлээж авсан “Хохирогч М миний бие нь Э 650,000 төгрөг хүлээж авлаа. Санал гомдол байхгүй” гэсэн тэмдэглэл. /хэргийн 46 дугаар хуудас/ Шүүгдэгч Эын яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчим би 70-50 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хьюндай Аванте ХД маркийн автомашинаар халтуураа хийгээд явж байхад Хан-Уул дүүргийн Энхтайваны гүүрний хажуугийн баарнаас хоёр эрэгтэй хүн согтуу гарч ирсэн ирээд миний машинд суугаад эхлээд 10 дугаар хороолол орно гэж хэлсэн. Тэгээд би хөдлөөд явж байхад тэр хоёр залуу 10 дугаар хороолол орохоо болилоо Модны 2 орно гэхээр нь Модны 2 ортол тэр хоёр залуу буугаагүй. Хорооллын эцэс орно гэж хэлсэн. ... Нэхий плазагийн Хаан банкны АТМ рүү очоод мөнгө авахаар хоёр залуу машинаас буусан. Тэгээд удаагүй нэг залуу нь АТМ-с мөнгө авч чаддаггүй, чи аваад өг гээд надад картаа өгөөд надаар картнаасаа 100.000 төгрөг авхуулсан. Тухайн үед надад нууц кодыг нь хэлж өгч байсан. ... Машиныхаа тооцоог аваад картыг нь өгөөгүй юм. Нөгөө хоёр залууг буулгаад буцаад нөгөө Нэхий плазагийн АТМ дээр очоод картыг нь хийгээд мөн нууц кодыг нь хийгээд үзтэл дансанд нь 780.000 төгрөг байхаар нь би АТМ-ээс 500.000 төгрөгийг нь авсан. Дараа нь цаашаа яваад хорооллын эцсийн Оранж нэртэй дэлгүүрийн худалдаа Хөгжлийн банкны хажуугийн АТМ-ээс 150.000 төгрөг авсан. Ингээд нийт 650.000 төгрөгийг уг хүний картнаас авсан” /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч Э нь Мийн ХААН банкны картнаас мөнгө авч өгөөд буцааж өөрийнх нь картыг өгөлгүй өөр карт өгч хуурч улмаар хохирогчийн картыг ашиглаж 650,000 төгрөгийг авсан хохирогчийг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгийн шинжтэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэгт “Хохирогч М миний бие нь Эаас 650,000 төгрөг хүлээж авлаа. Санал гомдол байхгүй” гэсэн /хэргийн 46 дугаар хуудас/ баримтаар Эыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Эыг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ