Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00432

 

 

 

 

 

               2024       05         09

            151/ШШ2024/00432

 

 

 

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ц-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 2,629,993.01 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Ц нь “К“ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 09 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, ^4 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,598,279.62 төгрөг төлөх ёстой хүү 953,713.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,499.83 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 2,629,993.01 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 2,629,993.01 төгрөгийг Ч.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ч.Ц миний бие “К” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,629,993.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К” ХХК нь Ч.Ц-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,629,993.01 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Ч.Ц нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,629,993.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 2,629,993.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,314,996.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,515 төгрөгийг, хариуцагч Ч.Ц-аас 28,515 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

    ШҮҮГЧ                                         Д.ОТГОНЧУЛУУН