| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2136000000215 |
| Дугаар | 04 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 04
2022 02 22 2022/ДШМ/04
Т.Ариунбилэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: З.Алтансолонго
нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Т.Ариунбилэгт холбогдох эрүүгийн 2136000000215 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8-11 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 680 нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Олзвой ургийн овогт Түмэн-Өлзийгийн Ариунбилэг /ПИ86062901/ регистрийн дугаартай,
2.Олзвой ургийн овогт Түмэн-Өлзийгийн Ариунбилэг нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд иргэн Т.Хишигтогтохыг ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр хуурч, түүнээс 3 удаагийн үйлдлээр нийт 1350000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас: Т.Ариубилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олзвой ургийн овогт Түмэн-Өлзийгийн Ариунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбилэгийг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Ариунбилэгт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Аринбилэгт тайлбарлаж,
2136000000215 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 1350000 төгрөгийн хохирлыг төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж иэрээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна.
Шүүгдэгч Т.Ариунбилэгт шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүй байна. Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг тайларлах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өөррчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:
Хохирогч Т.Хишигтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл Ариунаа гэх хүн би чамайг 9 дүгээр цэцэрлэгт оруулж өгье” гэж хэлсэн. Тэгээд надаас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг Мөнхцэцэг гэх хүний 5862150540 тоот данс руу шилжүүлж авсан. Маргааш нь Отгонхүү гэх хүний 5845572798 тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлж авсан, дараа нь удахгүй дуудна, чиний цалин чинь данс руу чинь ороод явна, өөрийгөө ажлаа хийж байна гэж бод гээд 5855038854 тоот данс руу 350,000 төгрөг шилжүүлж авсан. Би 9 дүгээр цэцэрлэг дээр очоод Н.Тодбаяр гэдэг эрхлэгчтэй уулзаад хүнд залилуулсан гэдгээ ойлгосон” гэх мэдүүлэг /хх-н 12х/,
Гэрч Н.Тодбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би гайхаад та ямар хүн бэ? юу яриад байна гэхэд та надаас ажилд оруулж өгнө гэж хэлээд Ариунаа гэдэг хүнээр дамжуулж 1,350,000 төгрөг авсан. Би Хишигтогтох гэдэг хүн байна, одоо ажилдаа ормоор байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 13-14х/,
Шүүгдэгч Т.Ариунбилэг нь дансаар 200,000 төгрөг шилжүүлж авсан гэрч Г.Мөнхцэцэг, 800,000 төгрөг шилжүүлж авсан гэрч И.Отгонхүү нарын мэдүүлэг /хх-н18-19, 20-21х/,
Шүүгдэгч Т.Ариунбилэг нь мөрдөн шалгах ажиллагаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн” мэдүүлэг /хх-ийн 16-17х, 38-39х/,
Хохирогч Т.Хишигтогтохын Хаан банкны 5860043845 тоот дансны хуулга /хх-н 4-5х/, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. “Шүүгдэгч Т.Ариунбилэгийн үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунбилэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
5. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй“гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна“ гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР