Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Б-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдох,

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0218993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б холбогдогч Я.Б-ын иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчлийн шинжгүй байхад шийтгэл оногдуулсан албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 0218993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт ирүүлжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0218993 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Я.Б-ыг Иргэний бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох шийтгэлийг түүнд оногдуулжээ.

3. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О нь Иргэний үнэмлэхээ гээсэн гэх 153 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Я.Баттулгад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалд авагдсан, үйлдсэн зөрчлөө сайн сайн дураараа илчилсэн тухай мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай танилцахад Я.Баттулгад нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн холбогдогчид шийтгэл оногдуулжээ. Гэтэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралтаар Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 1.1-д Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэл хөтлөхөд энэ журмыг баримтална. , мөн журмын 8.1-т Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний бүртгэгч, бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний үнэмлэхийн дүрмийг баримтална гэж тус тус заасан байх бөгөөд эдгээр иргэний улсын бүртгэлийн ажилтны бүртгэл хөтлөхөд баримтлах журмыг тогтоосон байна. Түүнчлэн хүн өөрийн эзэмшилд буй эд зүйлсээ хаях, гээгдүүлэх, алдах зэрэг нь түүний үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй буюу хүсэл зоригоос үл хамаарах үйл явдал бөгөөд уг үйл явдлын төлөө тухайн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэхээр хуульчлаагүй байна.

Холбогдогч Я.Б нь иргэний үнэмлэхээ ямар шалтгааны улмаас хаяж гээсэн, хулгайчид алдсан эсэхээ мэдэхгүй бөгөөд уг үйл баримтыг зөрчлийн хэрэг бүртгэлээр шалгаж тогтоогоогүй байна. Иймд холбогдогч Я.Б-д иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчлийн шинжгүй байхад түүнд уг зүйл, хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. гэж, 4 дэх хэсэгт энэ хуулийг төстэй хэрэглэхгүй гэж тус тус заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Оын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0218993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлсэн гэв.

4. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О би 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Я овогтой Б /ОБ87072814/-ийн гаргасан хүсэлтэд иргэний хүчинтэй үнэмлэхээ хөдөө явж байгаад гээсэн хайгаад олохгүй байгаа E-Mongolia-с захиалж авах гэхэд өөрийн нэр дээр утасны дугаар бүртгэлгүй тул захиалах боломжгүй байна. Иймд иргэний үнэмлэх шаардлагатай байгаа тул холбогдох хууль журамд заасны дагуу шийдвэрлэж, дахин иргэний үнэмлэх олгож өгнө үү. Иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж зүй бусаар ашигласан зүйл байхгүй гэж хүсэлт гаргасан. Тухайн иргэний гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг/эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно гэж заасныг баримтлан тус дүрмийн 2.7.1 дэх Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дугаар зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулсан. Иргэний үнэмлэхийн дүрэмд иргэн нь хүчинтэй бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд дахин ямар журмаар авах талаар дурдсан. 2018 оны 12 дугаар сард Улсын бүртгэлийн Ерөнхий газраас улсын байцаагч нарт сургалт өгсөн. Энэ сургалтаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлд иргэний үнэмлэхийн дүрэм зөрчсөн бол гэсэн заалт байхгүй байна. Иргэдийг иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд торгож болох эсэх талаар зөвлөгөө, чиглэл авч байсан. Энэ чиглэлээр нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газарт хандсаны дагуу ирүүлсэн чиглэлийг бид нарт танилцуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний үнэмлэхээ гээгээд хүчинтэй баримт бичгээ дахин авч байгаа тохиолдолд энэ арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж хэлсэн гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан прокурорын тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Оын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0218993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ дэмжиж, холбогдогч Я.Б-ын иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжгүй байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. гэж, 4 дэх хэсэгт энэ хуулийг төстэй хэрэглэхгүй гэж тус тус заасныг зөрчсөн, хүн өөрийн эзэмшилд буй эд зүйлсээ хаях, гээгдүүлэх, алдах зэрэг нь түүний үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй буюу хүсэл зоригоос үл хамаарах үйл явдал бөгөөд уг үйл явдлын төлөө тухайн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэхээр хуульчлаагүй, холбогдогч Я.Б нь иргэний үнэмлэхээ ямар шалтгааны улмаас хаяж гээсэн, хулгайчид алдсан эсэхээ мэдэхгүй бөгөөд уг үйл баримтыг зөрчлийн хэрэг бүртгэлээр шалгаж тогтоогоогүй гэж тайлбар гарган оролцов.

3. Хариуцагч улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Г.О прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч холбогдогч Я.Б-ын иргэний үнэмлэхээ гээсэн үйлдэл нь Засгийг газрын тогтоолоор баталсан Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, хадгалах үүргээ биелүүлээгүй иргэний бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчил тул шийтгэл оногдуулсан гэж тайлбар гаргажээ.

4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О 2023 оны 03 сарын 20-ны өдөр холбогдогч Я.Б-ын иргэний үнэмлэхээ гээсэн гэх өргөдөл, хүсэлтийг үндэслэн зөрчлөө өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тэмдэглэлээр баталж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, 0218993 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 30000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил гэдгийг Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох-оор заажээ.

6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх хэсэгт Иргэний улсын бүртгэлийн төрөлд иргэний үнэмлэхийн бүртгэл багтахаар, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах -аар тус тус зохицуулжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 1.1-д Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэл хөтлөхөд энэ журмыг баримтална гэж, мөн журмын 8.1-д Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний бүртгэгч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний үнэмлэхийн дүрмийг баримтална гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д Иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүргийг хүлээнэ гэж, 2.5-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний иргэний үнэмлэхийг эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно гэж тус тус журамласан байна.

7. 2018 оны Монгол Улсын Засгийн газрын 396 дугаар тогтоол нь Монгол Улсын нутагт дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэхүү тогтоолоор баталсан Иргэний үнэмлэхийн дүрэм-ээр иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.

Иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэн болохыг гэрчлэх баримт бичиг бөгөөд Засгийн газрын тогтоолоор иргэнд иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, хадгалах үүргийг хүлээлгэж, энэхүү харилцааг үүрэгжүүлэн тусгайлан журамласан ба өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн шинжийг уг захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлж өгсөн байна. Эрх бүхий захиргааны байгууллагын журамласан иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцаа нь иргэний үнэмлэхийн утга учир, үнэ цэнийг ойлгуулах, иргэний эрх зүйн хүмүүжлийг бий болгох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх шинжүүдийг агуулсан байна. Иймээс иргэний үнэмлэхийг хувь хүний эзэмшилд буй эд зүйлстэй адилтган үзэх боломжгүй.

8. Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь болон 2.7.1 дэх хэсгийн заалтаас үзэхэд иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэнийг иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, хадгалах үүргээ биелүүлээгүй гэж ойлгохоор байгаа бөгөөд холбогдогч Я.Б-н иргэний үнэмлэхээ гээсэн үйлдэл нь иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журамласан харилцааг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.

Хариуцагч хяналтын улсын байцаагч хууль тогтоомжийг зөв хэрэглэн холбогдогч Я.Б-н үйлдсэн зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулсан байна.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх-ээр, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээх-ээр тус тус зохицуулжээ.

Хариуцагч хяналтын улсын байцаагч Г.О нь холбогдогч Я.Б-н иргэний үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, хадгалах үүргээ биелүүлээгүй иргэний үнэмлэхээ гээсэн гэх зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэн явуулсан ба холбогдогч Я.Б зөрчил үйлдсэнээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Харин прокурорын дүгнэлтэд дурдсан иргэний үнэмлэхээ ямар шалтгааны улмаас хаяж, гээсэн, хулгайчид алдсан эсэх үйл баримтыг зөрчлийн хэрэг нээж, шалган тогтоох үндэслэлгүй байна.

10. Иймээс шүүх Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0218993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дэх хэсэгт заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул прокурорын дүгнэлт бүхий гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх, 2.1 дугаар зүйлийн 1 дэх, тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ОЮУНГЭРЭЛ