Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1828

 

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/01772 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НБГ-т холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын19-ний өдрийн Б/151 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сард ажлаасаа үндэслэлгүй халагдан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 сарын 15-ны өдрийн Б/186 дугаар захирамжаар 107 дугаар сургуулийн захирлаар 2018 оны 12 сарын 12-нд буцаан томилогдон одоог хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Тус сургуулийн 5 дугаар ангийн а, б, в, д бүлгийн 4 багш эцэг эхийн зөвлөлийнхөнтэйгөө санаачилга гарган 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хурд фото аялал” ХХК-тай хамтран танхимын бус сургалтаар хөдөө явсан байсан. Ингэж явахдаа хүүхэд бүрээс 30.000 төгрөгийн зардал гарган явсан байсан бөгөөд энэ тухай сургуулийн захиралд мэдэгдэлгүй явсан байсан. Уг нь танхимын бус сургалт хийх талаар миний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан захирал Э.Энхтуяа 2018 оны намар 10 дугаар сард “Хурд фото аялал” ХХК-тай аман тохироо хийж зарим хүүхдийн эцэг эхээс мөнгийг нь хурааж эхэлсэн байсан ч намар хүйтэрсэн, үзэж харах юм цөөнтэй гэдэг шалтгаанаар хавар хийхээр хойшлогдсон байсан юм билээ. Энэ талаар албан ёсоор гэрээ хийгээгүй байсан учир би огт мэдээгүй, багш нар гэрээ хийсэн гэж бодоод хэлэлгүй явсан нь тогтоогдсон. Хөдөө явсан сурагчид аяллын талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа ирээд хийсэн зохион бичлэгтээ дурдсан байсны дээр хураасан мөнгөний тайланг нэг бүрчлэн хийж, уралдаан тэмцээний дүнг тодорхой тусгасан тайлан тавьсан юм. Ангиудын эцэг эхчүүд аяллыг үр дүнтэй болно гэж үзсэн учир хүүхдүүдээ явуулахаар анги удирдсан багш нартай уулзаж, мөнгийг хурааж зарцуулсан байсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ талаар 5а ангийн нэг сурагчийн ээжийн гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалт ирсэн. Ингээд юу болсон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Цогт ирж шалгаад сургуулийн захиргаанд мэдэгдэлгүй мөнгө хурааж танхимын бус сургалт явуулсан нэр бүхий багш нарт арга хэмжээ авахыг сануулсан албан тоот ирүүлж, 4 багшид 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/40 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч НБГ-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар надад сануулах арга хэмжээ ногдуулсан байсан. Уг тушаалыг би хууль бус гэж үзэж байгаа тул НБГ-ын даргын Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Ц- нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4-т заасан үүрэг болон боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургууль, багшийн үйл ажиллагаа, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, 5 дугаар ангийн а, б, в, д бүлгийн сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авч амралт аялалд явсан зөрчлийг таслан зогсоож, хяналт тавьж ажиллаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, 5 дугаар хэсгийн 5.1-д Ажилтан тухайн сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, энэхүү гэрээ болон дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй, 7 дугаар хэсгийн 7.1 Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтын 3-т Үйл ажиллагаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зарлиг, захирамж, тогтоол, тушаал шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, заавар журам, зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, Г хэсгийн 2-д Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан нийслэлийн Засаг дарга болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд тавигдсан шалгуур шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж тодорхойлсон. Иймд Ш.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтыг баримтлан НБГ-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/65 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НБГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3, 5 дугаар хэсгийн 5.1, Ажлын байрны тодорхойлолтын 3, "Г" хэсгийн 2-д тус тус тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх "Ш.Цэрэннармид нь багш нар хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагчдаас мөнгө хураан авч уг үйл ажиллагааны зардалд зарцуулсан талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Бага дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.4, 20.2.15-д тус тус гэж захирлыг үүргийг тодорхой хуульчилж заасан атал захирал мэдээгүй, байгаагүй гэх тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч НБГ-т холбогдуулан тус газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/65 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

НБГ-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2 дах заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх хэсэгт заасан үүрэг болон боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургууль, багшийн үйл ажиллагаа, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, 5 дугаар ангийн а, б, в, д бүлгийн сурагчдаас хууль бус төлбөр хураамж авч амралт, аялалд явсан зөрчлийг таслан зогсоож, хяналт тавьж ажиллаагүй сахилгын зөрчил гаргасан гэж  Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн захирал Ш.Ц-ад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 12/

Сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн дээрх тушаалын талаар нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын дотор  шүүхэд гомдлоо гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн 5 дугаар ангийн а, б, в, д 4 бүлгийн эцэг эхийн зөвлөлөөс санаачилга гарган 2019 оны 4 сарын 23-нд “Хурд фото аялал” ХХК-тай хамтран танхимын бус сургалтаар хөдөө явахдаа хүүхэд бүрээс 30 000 төгрөгийн зардал хураасан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд гэрч Н.Жаргалсүрэн, Б.Насанбуян нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Дээрх үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон багш Н.Жаргалсүрэн, Б.Насанбуян нар танхимын бус сургалтаар хөдөө явах талаараа сургуулийн захиралд мэдэгдээгүй талаар мэдүүлсэн, Ш.Ц- захирал уг багш нарын гаргасан зөрчлийн талаар мэдсэний дараа тэдэнд хариуцлага тооцон ажилласан байхад боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургууль, багшийн үйл ажиллагаа, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, сурагчдаас хууль бус төлбөр хураамж авч амралт, аялалд явсан зөрчлийг таслан зогсоож, хяналт тавьж ажиллаагүй гэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зүйн  үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад “Ажилтан нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж болон ажил олгогч, эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, захирамж, дүрэм, журмыг мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтад “Ажилтан нь ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх, тайлагнах үүрэгтэй” гэж тус тус заасан байх бөгөөд эдгээр заалт нь ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон ерөнхий заалтууд байх бөгөөд ажилтан тухайлсан зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Иймд НБГ-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/65 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/01772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                               Н.БАТЗОРИГ