| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00115/И |
| Дугаар | 136/шш2024/00135 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 136/шш2024/00135
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, .. гудамж ..............тоот өөрийн байранд байрлах И ХХК,
Хариуцагч: .... аймаг, ...сум, ...... баг, .........гудамж ..... дугаар байр .........тоотод оршин суух О.. овогт Б. У.,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,321,917.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.У нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр L28600570 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан цахим зээл гэж зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аплейкшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж Аплейкшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн дүнгийн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Б.У-д цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Рocet/ апплейкшний ......... дугаартай зээлийн дансанд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,043,000 төгрөгийг зээл олголт хийсэн байна.
Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Б.Уртнасан нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,760,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1,043,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан.
Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй.
Харин эргэн төлөлтийн хугацаандаа зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аплликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1,043,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээл 909,867.82 төгрөг, үндсэн хүү 337,124.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,424.93 төгрөг, нийт 1,314,417.48 төгрөг,
2.Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг үүнд нотариатын зардал болно.
Иймд хариуцагч Б.У-аас 1,321,917.48 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.У- нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-д холбогдох 1,321,917.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.И-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.У-д холбогдох 1,321,917.48 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 18,050 төгрөгийг, 18,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ