Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Галданбошигт хороолол, 115 дугаар байр 23 тоотод байрлах “М” ХК,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн “М     ” ХК-д холбогдох хэсгүүд болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М” ХК нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжийн “М ХК-д холбогдох хэсгүүд болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар өмнөх 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000023288 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийн “М” ХК-нд  холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 0000011144 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгосон захирамжийг  гаргажээ.

 3. Нэхэмжлэгч “М” ХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тайж овогт Цээпилийн Нямсамбуу миний бие 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “М” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Тус компани 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын Төрийн өмчийн хорооны 418 дугаартай тогтоолоор “М” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай шийдвэрээр, Монгол улсын Хөрөнгийн бирж дээр хувьчлагдахад Ц.Н төрийн өмчийн 51хувийг буюу 81588 ширхэг хувьцааг нэг багц болгон худалдан авч 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 608 дугаартай тогтоолоор өмчлөгчийн эрх олгож өөрийн эзэмшилд авснаар тус компанийн үйл ажиллагаа хувийн хэвшилд шилжсэн юмаа. “М” ХК 6 га газар бүхий эдэлбэр газарт 20 барилга, байгууламж бүхий 147 эд хогшил, 30 ажлын машин механизм, 34 тоног төхөөрөмж, 51 тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 1993 онд тус компанийн эд аж ахуй байрлаж байсан байгууламжид гал гарч шатсанаар газрын бичиг баримт болох гэрчилгээ, бусад эд хөрөнгө, шатаж устсан болохыг хувьчилж авсны дараа олж мэдсэн. Увс аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа хүсэлт гаргасныг үндэслэн хуучин эзэмшиж байсан газар дээр гэрчилгээжүүлэхээр миний бие 2019 оноос хэд хэдэн удаа он дамжуулж өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгө, газрыг гэрчилгээжүүлж авахаар удаа дараа хүсэлт гаргаж явсны эцэст 2021 оны 06 дугаар сарын 10-ны А/325 дугаартай захирамжаар 38015м2 газар, 2021 оны  10 дугаар сарын 29-ны өдрийн А/640 дугаартай захирамжаар 9849м2 газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Газрын барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйл Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 16.3. хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө гэж зааж өгсөн.

Монгол улсын Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах. Мөн хуулийн 27 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай заасан байдаг. “М” ХК-ний эзэмшил бүхий газар нь Төрийн өмчийн хорооны тогтоол шийдвэрээр Монголын хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар худалдан авсан 20 барилга байгууламж бүхий үл хөдлөх хөрөнгөтэй газар байсан ба уг компанийн эзэмшил 6 га газраас аймгийн зүүн тойргийн дулааны шугам, бохир зайлуулах шугамд шаардлагатай газар чөлөөлж 4.7864 га газрыг гэрчилгээжүүлж авсан. Түүнээс биш шинээр төлөвлөлтөд тусгаагүй газрыг газрын тухай хууль зөрчиж Аймгийн Засаг даргын захирамж гаргаж авсан газар биш юм. Уг газар газрын кадастрт бүртгэлтэй, тус компанийн нэр дээр бүртгэлтэй байсан газар юм. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжаар 2021 оны 10 дугаар сарын  29-ны өдрийн А/640 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тухай Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 11 дүгээртэй албан бичиг хүлээн авч хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн болохоо мэдсэн. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой байхад Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжоор хүний эрхийг хуульчлан тогтоож өгсөн байдаг.

Сонсох ажиллагаа гэдэг нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн талаас тайлбар гаргах нөхцөл боломжоор хангах явдал болохоос нэгэнт гарсан захиргааны шийдвэрээ дуулгах төдий ажиллагаа биш гэж ойлгож байна. Энэ утгаараа сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхаар хуульчлагдсан. Миний хувьд энэ боломжоор хангагдаагүй гэж үзэж байна. Гэтэл хүний эрхийг зөрчиж тушаал шийдвэр, захирамжаа гаргахдаа хуулийн этгээд болон, хувь хүнд мэдэгдэхгүй, хүсэлтийг хүлээн нь авч шийдвэр гаргахгүй эрх ашиг нь зөрчигдсөнөө мэдэж байгаа явдал нь Монгол улсын иргэн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхэд ноцтой халдсан явдал байсан тул хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжаар “М” ХК-д холбогдох хэсгүүд болон тус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн заалтыг хүчингүй болгуулж, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХК-ийн газрыг эзэмшүүлэхээр даалгаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч “М” ХК-ний гүйцэтгэх захирал Ц.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК нь 2003 онд Төрийн өмчийн хороогоор хувьчлагдсан. Хувьчилж авсны дараа тус газрын гэрчилгээ болон “М” ХК-ийн холбогдох баримт бичгүүд бүгд галд шатсан байдаг. Газрын гэрчилгээг сэргээлгэх хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа тавьсны эцэст өнгөрсөн жил албан ёсоор газрын гэрчилгээ гаргуулж авсан боловч буцаан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан. “М” ХК  нь үйл ажиллагаа явуулахгүй тодорхой хугацаа өнгөрсөн ч уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын гэрчилгээтэй, үйл ажиллагаа явуулж байсан. Цаашид газар болон объектыг нь засаж янзлаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж аймагтаа арьс, ширний үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байсан гэжээ.

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М” ХК-ийн нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/640 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 9849м2 газрыг өмнө нь эзэмшиж байсан гэх боловч уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь газрын тухай хуулийн 21.3.2-д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу аймгийн Засаг даргын захирамж гаргасан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох тухай дүгнэлт ирүүлсний дагуу хүчингүй болгосон” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “М” ХК-д 2022 онд олгосон газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд болон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. 2021 оны Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэгт газрын кадастрын мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг засварлах зорилгоор гэж гаргасан байна. Газрын кадастрын мэдээллийн сан гэдэг нь 2015 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ленд менежер” гэдэг программыг манай аймагт нэвтрүүлсэн. Уг программд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор тухайн газрыг хоёр хуваасан захирамж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Тухайн мэдээллийн санд уг газрыг хэдэн метр квадрат байсныг мэдэхгүй байна. Тухайн үед Газрын харилцаа , барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнээс асуухад тухайн газрын дундуур бохир, дулааны шугам явж учир түүнийг тусгаарлахын тулд 2 хувааж олгосон. Шинээр эзэмшүүлж байгаа бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг шаарддаг. Харин нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг өмнө нь эзэмшиж байсан гэдгийг мэдээгүй. Энэ талаар хэргийн материалтай танилцаад газрын гэрчилгээ болон холбогдох баримт бичгүүд галд шатсан галын дүгнэлт гарсныг мэдсэн” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2022.12.30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай утга агуулга бүхий  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан байх  бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

3. Нэхэмжлэгчээс ““М” ХК-ийн эзэмшил бүхий газар нь Төрийн өмчийн хорооны тогтоол шийдвэрээр Монголын хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар худалдан авсан 20 барилга байгууламж бүхий үл хөдлөх хөрөнгөтэй газар бөгөөд “М” ХК-ийн газрын гэрчилгээ болон холбогдох баримт бичгүүд галд шатсан учраас  газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж дахин авахаар удаа дараа амаар болон бичгээр өргөдөл гаргасны дагуу эзэмшүүлсэн газар юм. Түүнээс биш Газрын тухай хууль зөрчиж, шинээр эзэмшүүлсэн газар биш юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахаасаа өмнө сонсгох ажиллагаа хийж, эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийг тайлбар гаргах боломжоор хангаагүй,  иргэн, хуулийн этгээдийн  эд  хөрөнгө өмчлөх, эзэмших  эрхэд ноцтой халдсан”  гэж үзэн маргаан бүхий захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж,  зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсжээ.  

4. Хариуцагч тал нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэлийг  үгүйсгээгүй байх  бөгөөд  “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох тухай дүгнэлт ирүүлсний дагуу хүчингүй болгосон” гэж тайлбар гаргажээ.

5. Увс аймгийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг  үндэслэн зарим иргэн, хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/325 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000023288 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 сарын 29 –ний өдрийн А/640  дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 0000011144  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгожээ.

6. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон нотлох баримт болох  Газар зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийг хариуцагч болон аймгийн ГХБХБГазраас шаардахад уг баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин  Газар зохион байгуулалт, геодези , зураг зүйн газраас 2021, 2022 онуудад хийгдсэн хяналт шинжилгээний үнэлгээний тайланг ирүүлсэн болно. Тухайн захиргааны байгууллагаас ирүүлсэн  2021, 2022 оны   тайланд Увс аймгийн Засаг даргын “М” ХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох тухай асуудал тусгагдаагүй байна.

7. “М” ХК-ийн Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 8516014338, 8516014485 дугаар бүхий газрын хувийн хэргийн материалаас үзэхэд “М” ХК нь  2021 оны 05 сарын 04-ний өдөр Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт  хандан Улаангом сумын 12 багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан гарааш, конторын барилгын нийт 6.5 га  талбай бүхий газрын гэрчилгээ гаргуулахыг хүсэж өргөдөл, хүсэлт гаргасан байх бөгөөд  уг хүсэлтийг Увс аймгийн  Засаг дарга  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “г”, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тогтоолыг үндэслэн шийдвэрлэж,  2021 оны 06 сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар 38015 м.кв /3.8 га/ газрыг, мөн оны 10 сарын 29-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар 9849 м.кв /0.9 га/ газрыг тус тус тухайн аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, шинээр гэрчилгээ олгожээ.

Ингэхдээ  нэхэмжлэгч  “М” ХК-ийн эзэмшлийн хашаалсан талбайн хэмжээнээс  нийтийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ бүхий талбайг хасаж /6.5 га-1.8 га /  үлдсэн 4.7 га газрыг  2 нэгж талбарын дугаарт эзэмшүүлсэн байна.

8. 1992 оны 03 сарын 30-ны өдрийн Увс аймгийн өмч хувьчлалын комиссын 19 тоот тогтоолоор Зам, барилга ашиглалтын трестийг Төрийн өмч давамгайлсан “Авто зам” хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан байх бөгөөд  улмаар 1996 онд нэрийг нь  сольж “М” ХК болгожээ.

 “М” ХК-ийн  нийт хувьцааны 51 хувь буюу төрийн мэдлийн 81588 хувьцааг иргэн  Ц.Цэрэнсамбуу 2001 онд 58 906 536 /тавин найман сая есөн зуун зургаан мянга таван зуун гучин зургаан/ төгрөгөөр худалдан авсан, тус компанийн   үндсэн хөрөнгөд  20 төрлийн  барилга, байгууламж бүртгэлтэй болох нь  Төрийн өмчийн хорооны 2001 оны 08 сарын 23-ны өдрийн 418 дугаар, мөн оны 11 сарын 15-ны өдрийн 608 дугаар тогтоол, хувьчлалын материал, нэхэмжлэгчийн тайлбар  зэрэг баримтуудаар, мөн “М”  ХК-ийн эзэмшлийн хашаалсан талбай дотор 5 машины гарааш, конторын барилга, модон авто пүү, асфальт бетон заводын склад, бетон уезелийн суурь, цахилгаан шитний барилга,  аж ахуйн склад зэрэг барилга, байгууламжууд  байгаа болох нь 2023 оны 04 сарын 20-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

9. 1992 оны шинэ Үндсэн хуулиар өмчлөх эрхийн суурь зохицуулалтыг тодорхойлсон бөгөөд мөн төрөлжсөн хуулиудаар чөлөөт нийгмийн үндэс суурь болсон өмчлөх эрхийг баталгаажуулан, хувийн өмчийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн орчныг бий болгосон.

 Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж,   мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Арван зургаадугаар зүйлийн 3-т”..хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж заасан нь Монгол улсад нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалж, зохицуулсан байна.

Төрөөс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримталдаг. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 10-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заажээ.

10. Увс аймгийн Засаг дарга 2021 онд “Мөнхжин” ХК-д эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг олгож барилга, байгууламжийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зохицуулалт, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

11. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар  эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан бөгөөд энэхүү зохицуулалт нь  шинээр газар эзэмшүүлж байгаа тохиолдолд хамаарахаар ойлгогдож байна.

12. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан 2021 онд “М”  ХК-д шинээр газар  эзэмшүүлээгүй, урьд нь эзэмшиж ашиглаж байсан барилга байгууламжийн газрын эзэмших эрхийг нь сэргээн эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

14. Хариуцагч шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зэрэг ажиллагааг хийгээгүй нь  Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх, 25 дугаар зүйлийн 25.1 дэх,  26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 Түүнчлэн хариуцагчийн “хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор  холбогдох шийдвэрийг гаргасан” гэх  тайлбар нь холбогдох баримтаар тогтоогдоогүй болно.

Үүнээс үзэхэд захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим хэрэгжээгүй байна.   

15. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн 1 дэх заалтаас “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/325 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000023288 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 сарын 29 –ний өдрийн А/640  дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 0000011144  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

16. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх, 60 дугаар зүйлийн 60.1.11 дэх,  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь, 34 дугаар зүйлийн 34.10 дахь,  Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1 дэх  хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/325 дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000023288 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 сарын 29 –ний өдрийн А/640  дугаар захирамжийн “М” ХК-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 0000011144  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн “М” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ