Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 

                                                 

 

   2022          02           22                                      2022/ДШМ/05

 

 

Д.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 2136000000239 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /*******/ регистрийн дугаартай,

2.******* овогт *******ын ******* Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Ургамал захын 50 номерын лангуунаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 07:30 цагийн үед Ш.*******ийн цүнхэн дотор байсан Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 759200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаадынхан овогт *******ын *******г хорих ял оногдуулахгүйгээр 7/долоо/ сарын хугацаагаар тэнссэж,

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж,

Эрүүгийн 2136000000239 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг шүүдэгчид тайлбарлаагүй байна.

Шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Д.*******гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан нөхцөл боломжуудыг хангаж орж ирсэн. Прокурортой ялыг тохироод гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 2136000000239 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өглөө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ургамал” зах дотор байрлах 50 номерын павилоныг онгорхой эзэнгүй байх үед дотор нь байсан хохирогч Ш.*******ийн цүнхэн дотроос “Samsung A51” маркийн гар утсыг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би “Ургамал” зах дээр  50 болон 52  номерын тавилгын павилон ажилуулдаг. 2021 оны 8 дугаар сарын 17-ны 7 цагийн үед 50 номерын павилон дээрээ очоод онгойлгоод цүнхээ оруулж тавьчхаад 52  номерын  павилоноо онгойлгочихоод буцаад 50  номерын  павилон дээрээ  ирэхэд миний цүнхэнд байсан зүйлсийг гаргаад тавьчихсан “Samsung A51” маркийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-12/

Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр манай ээж Өнөрийнд ирээд байдаг Д.******* гэх хүн “Samsung A51” маркийн гар утас гаргаж ирээд би олж авсан юм би энэ утсыг мэдэхгүй байна гэхээр нь манай хүүхэдтэй утсаа сольчих гээд манай хүүхэд утсаараа сольж авсан...” гэх мэдүүлэг /хх-14/

 “Вендо” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ХЦ21-92 дугаартай эд зүйлийн үнэлгээгээр ... “Samsung A51” маркийн гар утас 759200 төгрөг гэх дүгнэлт /хх-19-22/

2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-43/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

5. Хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж тодруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хангасан байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******гийн үйлдлийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь  хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9  дүгээр  зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэглэн, шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс энэ алдааг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Ховд  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт   “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь  хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

 

 

.