| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2026/1138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1150 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | О.Дэлгэрцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1150
2026 4 22 2026/ШЦТ/1150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч О.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 2611000000265 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сийг зодож, байнга хэл амаар доромжилж, харгис хэрцгий догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т: “...Би одоо ингэж зодоод байдаггүй бөгөөд С.С архи уухаар цагдаа дуудаад өгчихдөг. Би одоо хагалгаанд орох бөгөөд саяхан хөлөө түлчихсэн. Би ер нь нээх их зодож цохидоггүй, хааяа нэг уур хүрэхээр чимхдэг байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч С.Сийн цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Гэрч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14937 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 17270 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 000496 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Тн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч С.Сийн цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Т гэх хүнтэй хамт амьдраад 22-23 жил орчим болж байгаа. Дундаасаа 1 хүүтэй. Хамт амьдрах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж хазаж, базаж, чимхэх гэх мэт үйлдлүүд байнгын давтагддаг байсан. Хэдэн жилийн өмнө миний зүүн гарын тохой хэсгийг хугалж бөгс хэсэг рүү өшиглөөд ахар сүүлийг маань хугалж байсан. Тэгээд сүүлд 2022 онд надаас салаад Дорноговь аймаг рүү өөр хүнтэй хамт амьдран гэж яваад 2025 оны хавар ирсэн. Тэгээд ирснээс хойш байнгын архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг болсон. Архи уугаад гэртээ ирэхээрээ орилж чарлаад, гар хуруу мушгиад байнгыг тулгачихдаг бас гуя болон цээж, гарын булчин хэсгээс байнга базаж чимхэж тархи толгой руу хамаагүй цохиж нүддэг. Тэгээд хүнтэй хамт архи ууж гэртээ орж ирсэн үедээ энэнтэй унт гээд намайг татаж чангаагаад өмд ураад тэр хүн рүүгээ түлхэх гэх мэт зүйлс болдог. 2025 онд наадмын үеэр би гэртээ мах авчирсан чинь махыг маань гадаа гаргаж шидээд орилж чарлаад, намайг чимхээд цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгөөд тухайн үедээ 6 хоногоор баривчилгаанд явж байсан. Тэгээд 11 сард согтуугаар тэврийн хэрэгсэл жолоодож 20 хоногийн баривчилгаанд явсан. Тэгээд 2025 оны сүүлээр архи уучхаад гэрийн хамаг юм авч шидээд, цохиж зодоод байхаар нь дуудлага өгөөд 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээр ороод 9 хоногийн баривчлан шийтгэл аваад өчигдөр гараад гэрт орж ирэх үедээ 0.33 литрийн архи барьчихсан би дох тусчихсан, сүрьеэтэй болчихсон гээд орилж чарлаад байхаар нь би гараад ажилдаа явчихсан юм. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирсэн чинь ганцаараа 4 шил архи уучихсан намайг зайл, нүдэнд үзэгдэхгүй чихэнд сонсогдохгүй газар явна гэх мэтээр хэлээд хөлийн шилбэ болон цээж хэсгээс базаж мушгиад толгойны зулай хэсэг рүү 1 удаа цохисон бас угаартуулж ална гээд өмдөө зуухан дээр тавьчхаад нөгөө өмд нь шатаад түлэгдээд байсан. Тэгээд шөнөжингөө агсам согтуу тавиад амраахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Гэрч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нийгмийн ажилтан хийгээд 3 дахь жилдээ болж байна. Б.Т гэх айлын тухайд бол гэр бүлийн хүчирхийлэл байнгын үйлддэг гэж 2026 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ирсэн бичгийн хүрээнд хамтарсан багын хурал хийсэн. Тухайн айлд бага насны хүүхэд амьдардаггүй учраас эрсдэл бага гэсэн дүгнэлт гарсан. Б.Т бол манай хорооны архины хамааралтай иргэдийн судалгаанд 2023 оноос хойш бүртгэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14937 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 17270 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 000496 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Тн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...С бид хоёр хамтран амьдраад 22 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Архи уусан үедээ юу болсон талаар сайн санадаггүй юм. 2025 оны 8 сард эхнэртэйгээ архи уулаа гэж маргалдаад 6 хоног баривчилгаанд явсан бас 2025 оны 9 сард бас архи уулаа гэж маргалдсан чинь цагдаа дуудаж өгөөд 6 хоногийн баривчилгаанд явж байсан. 2026 он гараад бас цагдаад дуудлага өгөөд баривчилгаанд 8 хоногоор явсан. Тэгээд өчигдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баривчлах байрнаас гараад 2 шил 0.33 литрийн архи уучхаад унтчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хүрээнд үл ялих зүйлээр шалтагласан, шалтаг шалтгаангүй, эсвэл эрхшээлдээ байлгах сэдэл, зорилго агуулж хохирогчийн бие махбодод нь халдаж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн, шууд санаатай, идэвхтэй үйлдэл байх ба дээрх үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан байхыг шаардахгүй. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэнд, бие махбодод гэмтэл учруулсан бол учирсан гэмтлийн зэргээс шалтгаалан аль тохирох зүйлчлэлээр давхар зүйлчлэгдэнэ.
Байнга зодсон гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.
Хэргийн тухайд шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зодож, хэл амаар доромжилсон, 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хэл амаар доромжилсон, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэл амаар доромжилж мөнгө нэхсэн зөрчилд холбогдож шүүхээс шийтгэл оногдуулж байсан байх ба хохирогчийн “...хамт амьдрах хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж хазаж, базаж, чимхэх гэх мэт үйлдлүүд байнгын давтагддаг байсан. Хэдэн жилийн өмнө миний зүүн гарын тохой хэсгийг хугалж бөгс хэсэг рүү өшиглөөд ахар сүүлийг маань хугалж байсан.” гэх мэдүүлэг зэргээр байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй тул хуралдаанд оролцохгүй, ажиглагчаар оролцъё гэх хүсэлтийг гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Чингэлтэй ... тоотоос Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээр хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Тгийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналын зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч С.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн шатанд гомдол саналгүй гэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т /РД:/-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Тг 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 08 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар тодорхой газраас буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд ял эдлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ