| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03431/И |
| Дугаар | 184/ШШ2024/02319 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02319
| 2024 04 29 | 184/ШШ2024/02319 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, залуус гудамж, өөрийн байр хаягт байрлах Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар /рд:9091606/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* овоо ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,219,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Яллагдагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын дугаар сургуулийн спорт зааланд тоглож байгаад найз Отгонбаатарыг цохих гэж байна гэх шалтгаанаар ын баруун шанаа тус газар гараараа цохиж эрүүл мэндэд баруун нүдний ухархайн доод хана, хацар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан тус дүүргийн прокурорын газраас 2024 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр 02 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаар лавлагааг тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхэд нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 3,219,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын мэдээллийг ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай ...Тус прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан нэхэмжлэх, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул насанд хүрээгүй *******, түүний хууль ёсны төлөөлөгч О.******* нараас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,219,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэсний дагуу насанд хүрээгүй яллагдагч *******гийн бусдад учруулсан гэм хорыг түүний хууль ёсны төлөөлөгч О.******* хариуцах тул түүнээс дээрх хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй юм. О.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хор болох 3,219,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар нь хариуцагч О.*******д холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,219,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй О.*******д холбогдох 3,219,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,219,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд 2024 оны 05 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2025 оны ******* сарын 30-ны өдөр 321,900 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 321,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энэрэл, хариуцагч О.******* нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.*******д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,219,000 төгрөг гаргуулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 3,219,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 321,900 төгрөгөөр 10 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид *******,227 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ