2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1239

 

 

 

 

 

 

 

 

2026           4             29                                      2026/ШЦТ/1239

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

улсын яллагч З.Өлзийхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О,

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн “2606 00000 0096” дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.О /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... тоот нийтийн байрны 13 тоотод өөрийн төрсөн хүү болох бага насны хүүхэд 07 нас, 01 сар, 05 хоногтой Э.Мыг төрсөн эцгийг маань миний хүүхдийн мөнгийг ээж рүү шилжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар уурлаж, түүний үснээс зулгаах, газар хүчтэй шидэж унагаах, баруун гарын шуу орчмоос гараараа чанга барьж татах, мөн гарын шуу, нуруу орчим нь хутгаар зүсэж биед нь халдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь нуруунд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, баруун дал, шуу, гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О: “...Хүүхэдтэй холбогдоход ээж, аавыгаа санаж байна гэсэн. Гомдол, саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

- Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №ЕГ0726/1101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, нийслэлийн түргэн тусламжийн төвд үзүүлсэн баримт /хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн Аюулгүй байдлыг хангах газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад М.Саруултөгс, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч цолтой Б.Мүттасирын нарын илтгэх хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар Сарын 04-ний өдрийн №ЕГ0326/1157 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ЕГ0126/447 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 105-110 дахь тал/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” 118 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Энхнямын 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Энхнямын насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” №ЕГ0826/99/ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 135-137 дахь тал/- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... нийтийн байрны 13 тоотод өөрийн төрсөн хүү болох бага насны хүүхэд 07 нас, 01 сар, 05 хоногтой Э.Мыг төрсөн эцгийг маань миний хүүхдийн мөнгийг ээж рүү шилжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар уурлаж, түүний үснээс зулгаах, газар хүчтэй шидэж унагаах, баруун гарын шуу орчмоос гараараа чанга барьж татах, мөн гарын шуу, нуруу орчим нь хутгаар зүсэж биед нь халдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь нуруунд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, баруун дал, шуу, гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн ... нийтийн байранд ээж С.О, хойд аав М нарын хамт амьдардаг юм тэгээд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 23-00 цагийн үед л байсан байх гэж бодож байна, цагийг нь яг тодорхой бол сайн санахгүй байна, манай ээж С.О архи уучихсан, согтуу байх үедээ төрсөн эцгийг маань миний хүүхдийн мөнгийг ээж рүү шилжүүлэхгүй байна гэж уурлаад уурандаа гэрт байсан цагаан өнгийн бариултай, бариулан дээрээ жижиг хар цэгүүдтэй, жижиг хутгаар миний нуруу, баруун гарын шууны орчимд маань нийтдээ 4 удаа зүсэж биед маань гэмтэл шарх учруулсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон, надад өөр хэлж ярих зүйл алга байна. Тухайн үед ээж бид хоёр л байсан, өөр ямар нэгэн хүн хажууд байгаагүй. Тийм ээ, манай ээж С.О нь урьд өмнө намайг зодож цохиж байсан, манай ээж архи уучихаараа заримдаа миний нуруу, нүүр лүү маань гараараа цохиж, хөл рүү маань өшиглөдөг, мөн заримдаа миний хойд аав М нь архи уучихаараа намайг зодож цохидог.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Тухайн үед манай ээж С.О нь миний үснээс маань гараараа чанга зулгаагаад намайг газар луу чулуудаж газарт хүчтэй унагасан, миний баруун гарын шууны орчмоос маань гараараа чанга бариад татаад байсан. Мөн нурууны орчим луу маань 1 удаа гараараа цохисон, өөрөөр тухайн үед намайг зодож цохиогүй. Тийм ээ, манай ээж С.О нь заримдаа архи уучихаараа миний нуруу, нүүр рүү маань гараараа цохиж, хөл рүү маань өшиглөдөг, гэхдээ яг хэзээ болохыг нь би хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан өнгөрсөнд л болсон, би он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй, хааяа нэг заримдаа л архи уучихаараа намайг зодож цохидог юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би ээждээ гомдолгүй, би одоо Дорноговь аймагт эмээ дээрээ байгаа учир дахиж ирж чадахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн .... тоотод 2025 оны 12 дугаар сарын 26-ны 21 цагийн орчимд манай нийтийн байрны оршин суугч, манай хөрш айл уугаад шуугиад амраахгүй байна гэхээр нь 13 тоот өрөөнд орж ууж байсан хүмүүсийг 3 залуу 1 эмэгтэйг гаргаад тухайн гарсан хүмүүс бараг уугаагүй эрүүл байж байхад араас нь С.О гараад явтал хүүхэд нь бас өрөөнөөсөө гараад 1 давхарт байрлах айл руу орсон. Мөн удалгүй 20-30 минутын дараа С.О ирээд хүүхдээ надаас асуугаад байхаар нь доод айлд байгаа талаар хэлсэн. Дараа нь 11 цагийн орчимд Номин гэдэг түрээслэгч манай өрөөнд орж ирээд хүүхэд нь цусанд холилдсон, нуруу нь зүсэгдсэн ороод ирлээ гэхээр нь Номингийн өрөөнд ортол хүүхдийн нуруу хэсэг нь цус болсон Номин цэвэрлэсэн байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

- Гэрч Г.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би С.О гэх хүнийг танина. С.О нь миний хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байна. Бид хоёр хамтран амьдардаг хүмүүс байгаа юм. Би 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээслэх гэж байсан хашаа байшиндаа очиж ойр зуурын юм хийсэн юм, тэгээд намайг түрээслэх гэж байсан хашаа байшиндаа ганцаараа байж байхад 2025 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цагийн үе л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь тодорхой сайн санахгүй байна, тухайн үед миний хамтран амьдрагч С.О бид хоёрын амьдарч байсан нийтийн байрны эгч, нэрийг нь мартчихаад сайн хэлж мэдэхгүй байна, над руу утсаар яриад надад хандан С.О хүүхдээ гэмтээчихсэн юм шиг байна, хүүхдээс нь цус гараад байна, С.Оийг цагдаа дуудаж өглөө шүү гэх утгатай зүйлийг хэлж ярьсан. Миний хувьд тухайн үед түрээслэх гэж байсан хашаа байшиндаа ганцаараа байж байсан. Мөн дээр нь цаг орой болчихсон байсан учир уг шөнөдөө би гэртээ очоогүй, харин маргааш өглөө нь гэртээ очиход С.О, С.Оийн дундах хүү Э.М хоёр гэрт байгаагүй, миний мэдэх зүйл ийм л байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №ЕГ0726/1101 дугаартай “...Э.Мын биед нуруунд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, баруун дал, шуу, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нурууны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсэх бөгөөд. Цээж, баруун гуянд цус хуралт, баруун дал шуу гуянд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Нурууны шарх, баруун дал, шууны зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. Цээж, баруун гуянд цус хуралт, зулгарал гэмтэл нь 72 цагаас дээш хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох Журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Аюулын зэргийн үнэлгээний “...нийлбэр оноо 3 бага...” гэх тэмдэглэл, нийслэлийн түргэн тусламжийн төвд үзүүлсэн баримт /хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн Аюулгүй байдлыг хангах газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад цолтой М.Саруултөгс, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч цолтой Б.Мүттасирын хамт Цэц-116 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Цэц-110-аас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өДөр 00:12 минут 57 цагт 95176717 утасны дугаараас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байрны 234 -тоот нийтийн байр 8-тоот “Согтуу эмэгтэй 7-8 насны эрэгтэй хүүхдээ хутгаар нурууг нь хатгасан байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч очиж шалган хутгаар нурууг нь хатгасан гэх Энхмөнх овогтой Э.М гэх хүүхдийг 103-д үзүүлж 108-д хүлээлгэж өгөв. Согтуугаар хүүхдээ хутгаар нурууг нь хатган танхайрсан Сүхбаатар овогтой С.О 32 настай эмэгтэй /ЕЭ92123021/ гэгчийг Гүнт-120 эрүүлжүүлэх байрны эрүүлжүүлэхэд хийлгэв.” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар Сарын 04-ний өдрийн №ЕГ0326/1157 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хутга нь хуурай, ялзарч муудаагүй тул шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн бариултай хутган дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №ЕГ0126/447 дугаартай “шинжилгээнд биет байдлаар ирүүлсэн 1 ширхэг хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 105-110 дахь тал/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” 118 дугаартай “...С.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. С.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. С.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. С.О нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон ухамсарлах чадвартай байна. С.О нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж, баримт үгүй байна. С.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Энхнямын 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хутганд” үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Энхнямын “...гэмт хэрэг үйлдэгдэх үед 7 нас 1 сар 5 хоногтой байсан байна.” гэх насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” №ЕГ0826/99/ дугаартай “...Хохирогч Энхмөнхийн Э.М /РД:/-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 135-137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.М нь С.Оийн дунд хүү бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, С.О нь хамтран амьдагч Г.М, дунд хүү Э.М нартай хамт гурвуулаа амьдардаг, харин том хүү, бага охин нар нь С.Оийн төрсөн эцэг, эхтэй хамт тусдаа амьдардаг зэргээс дүгнэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг ба хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байдаг.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “онц харгис хэрцгийгээр” гэж, 2.7 дахь хэсэгт “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж” гэж, 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хуульчилсан байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү болох бага насны хүүхэд 07 нас, 01 сар, 05 хоногтой Э.Мыг “төрсөн эцэг нь хүүхдийн мөнгө шилжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар уурлаж, түүний үснээс зулгаах, газар хүчтэй шидэж унагаах, баруун гарын шуу орчмоос гараараа чанга барьж татах, мөн гарын шуу, нуруу орчим нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь нуруунд шарх, цээж, баруун гуянд цус хуралт, баруун дал, шуу, гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Мын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч С.Оийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг гэж хүүхдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг ойлгоно.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т эцэг, эхийн үүргийг заасан байх ба мөн зүйлийн 26.3-т “эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч С.О нь /1992 онд төрсөн, 33 настай/ дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хохирогч Э.Мыг асран хамгаалах үүрэг хүлээсэн буюу хамт амьдардаг, түүний ээж байтал өөрийн төрсөн хүү Э.Мтой удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Мын “...Тийм ээ, манай ээж С.О нь заримдаа архи уучихаараа миний нуруу, нүүр рүү маань гараараа цохиж, хөл рүү маань өшиглөдөг, гэхдээ яг хэзээ болохыг нь би хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан өнгөрсөнд л болсон, би он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй, хааяа нэг заримдаа л архи уучихаараа намайг зодож цохидог юм.” гэх мэдүүлэг болон дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

            Иймд дээрхийг нэгтгэн дүгнэж шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч зүгээс шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өрнөл, хохирогчийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.От ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч С.Оийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэл тогтоогдсон байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч С.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бариултай, барил хэсэг 11.5 см, ажлын хэсэг 8.5 см, нийт 20 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 /дөрвөн зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О нар нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бариултай, барил хэсэг 11.5 см, ажлын хэсэг 8.5 см, нийт 20 см урттай хутга 1 ширхгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ