Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 08

 

 

                                            

 

   2022          02           22                                      2022/ДШМ/08

 

 

 

 

Ц.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн 2036000000136 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийнхээ хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багт амьдардаг,  бүрэн дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 5 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, ******* овогт *******гийн ******* ******* регистрийн дугаартай,

2. ******* овогт *******гийн нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын *******  багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хөлсөөр маллуулахаар А.*******ийн итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сард тус сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Улиастайн бэлчээр” гэх газарт нядалж хувьдаа завшиж түүнд 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1050000/ нэг сая тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтиан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******гээс 1500000/нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.*******т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгчид хохирлыг 6/зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоож,

2036000000136 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн 3 тооны үхрийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/55 дугаартай жд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Хэргийн оролцогчдын давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5.1 Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж тодорхойлсон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон А.******* нь хуулинд заасан хохирогч мөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй, А.******* нь удаа дараа мэдүүлгээ өөрчлөн мэдүүлж байгаа нөхцөл байдлыг шүүх тодруулж дүгнэлт өгөөгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар эх сурвалжаар нотлогдоогүйд хууль зүйн дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулсан  бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт цуглаараагүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинж тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.2 Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шийтгэх тогтоол шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.3 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Ц.*******гийн үйлдэл нь гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч тухайн үхрийг хариулж өгнө гээд 400000 төгрөгийг авсан. Хүлээлгэж өгсөн 2 тооны үхрийг нядалж зарчихаад 15 сая төгрөгийн хохирол учруулсан. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд

Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Бүх үхрийг нийт 3 сарын хугацаанд 5 тугал 1 бяруу өгөхөөр тохиролцсон. Б.Түмэнжаргал энэ тугал бяруугаар юу хийх вэ, Ц.*******д мөнгө нь хэрэг болох байлгүй гэж хэлсэн. ...Тэгээд би Ц.******* рүү утсаар яриад “одоо энэ тугалыг яах вэ, чи үхэрт нийлүүлэх юм уу, өөр хүнд зарах юм уу гэж асуусан. Зарагдвал та зараад мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Тамир руу залгаад Мөнгөн гэдэг залуугийн торноос тугал бяруу аваад зар гаж хэлсэн. Тэгээд манай хүргэн аваад н.Бямбадорж гэдэг хүнд 600,000 төгрөгөөр зарлаа гэж хэлэхээр нь би Ц.******* рүү залгаад тугал зарагдсан байна, үхрийн хөлсийг манай хүргэн Тамираас аваарай гэж хэлсэн. Тэгээд Ц.******* манай хүргэн н.Тамираас 200,000 төгрөг 2 удаа дансаар шилжүүлж авсан байсан. 12 сарын 20-25-ны хооронд над руу Ц.******* залгаад үхрийн хөлс үлдэгдэл 200,000 төгрөгөө өгөөч гэхээр нь үхрээ тоолж авахдаа өгнө гэж хэлсэн. Тэгэхэд Ц.******* уурлаад утсаа тасалсан гэх мэдүүлэг /1хх-н 17-18х/,

Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Үхрийн хөлсийг 600,000 төгрөгөөр тохиролцсон, 400,000 төгрөгийг өгөөд үлдсэн 200,000 төгрөгийг үхрээ авахад өгөхөөр тохиролцсон. Ц.*******гийн утсаар ярьж хөлсөндөө 2 үхэр авах зөвшөөрөл авсан гэдэг нь худлаа” гэх мэдүүлэг /1хх-н 26-27х/,

Гэрч А.Алтанхуягийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн үед ахын хамт үхрээ тууж хүргэсэн. 5 тооны тугал зараад 400,000 төгрөгийг Ц.*******д өгсөн. 200,000 төгрөгийг дараа үхрээ авахдаа өгөхөөр болсон. Хоёр үхэр нядалж авах талаар ярилцсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 29х/,

Ц.*******гийн гуйлтаар “Бэлчир” гэх газарт очиж 2 тооны сарлаг үхэр гаргалцсан гэрч Б.Баттүвшин, мөн түүний гуйлтаар уг газраас 2 тооны сарлаг үхрийн мах ачиж авчран 1 үхрийн махыг 550,000 төгрөгөөр худалдан авсан гэрч Г.Баянмөнх нарын мэдүүлэг /1хх-н 24-25, 33-34х/,

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 6-10х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.“Шүүгдэгч Ц.*******гийн үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. “Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэт буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5. Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлын тухайд.

Хэрэгт авагдсан дээр дурсан баримтуудаар “196 тооны сарлаг үхэр 3 сарын хугацаагаар хариулах ажлын хөлсөнд анх 5 тугал 1 бяруу өгөхөөр ярилцаж байсан боловч тугал, бярууг зарж борлуулан 600,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Уг тугал бярууг хохирогч А.*******ийн хүргэн н.Тамир 600,000 төгрөгөөр н.Бямбадорж гэх хүнд худалдан борлуулсан. Ц.******* нь Тамираас 200,000 төгрөгөөр 2 удаа 400,000 төгрөг шилжүүлэн авсан, хариулсан үхрүүдээ буцаан хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл 200,000 төгрөгийг өгөхөөр тохирсон үйл баримт тогтоогдсон” байна.

“Мөн дээр дурдсан 196 тооны сарлаг үхрийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд хөлсөөр хариулахаар талууд тохирсон, Ц.******* нь ажлын хөлсөнд 400,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан” үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч маргаагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******гийн “2019 оны 12 сард үхрийн бэлчээрт очиж нядалсан 2 тооны сарлаг үхрийг үлдэгдэл ажлын хөлсөнд авахаар хохирогч А.*******аас зөвшөөрөл авсан” гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

“Өөрөөр хэлбэл үхрийг хүргэж өгөөд нэг сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн байхад 400,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан атлаа үлдэгдэл хөлс гэх нэрээр 2 тооны үхэр гаргаж авсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийн шинжтэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

“Шүүгдэгч Ц.*******д анх 196 тооны сарлаг үхрийг тууж аваачин хүлээлгэж өгсөн, хөлс мөнгийг нь тохирсон хүн нь А.******* байх тул мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг хохирогчоор тогтоосон, шүүх шүүгдэгчээс хохирлыг гаргуулан А.*******т олгохоор шийдвэрлэсэн зөв байна” гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 2021/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

           

                                                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

                                                                     

                                                   ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР