Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0015

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Улаангом сумын 9-р багт оршин суух иргэн П.Бийн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Ариунаагийн бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Y-1520003758 дугаар бүртгэлд өөрчлөлт оруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543689 дугаар гэрчилгээнд П.Б намайг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.А-д холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “П.Б миний бие 2012 онд Буянжаргал овогтой Банзрагчтай хамтарч 27 м гүний худаг гаргуулж авсан. Гэтэл Банзрагчийнх хашаагаа 2017 онд Б.Хд зарсан юм. Зарсан хашаанд нь хамтарч гаргасан худаг байгаа учир миний нэр өмчлөх нэр дээр хамт байх ёстой байтал П.Бийн нэр бүртгэлгүй ганц Б.Хгийн нэр дээр гэрчилгээг гаргасан байсан.

 Банзрагч худгаа шилжүүлэхдээ Б.Х, П.Б хоёрт бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулаад өгсөн байсныг улсын бүртгэгч Б.Ариунаа материалыг шалган үзэхгүйгээр чирэгдэл учруулсан. Би 2017 оноос хойш иргэний бүртгэл мэдээллийн бүртгэгч Ариунаа, ахлах Отгонням, Бурмаа зэрэг хүмүүстэй олон удаа очиж уулзсан боловч шийдэж өгч чадаагүй өдий хүрсэн. Миний бие 2023 оны 2-р сард өргөдөл гаргасан боловч шийдэж чадахгүй боломжгүй гэсэн хариу өгсөн тул захиргааны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Хгийн нэр бичигдсэн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Иргэн Банзрагч нь 2013 онд 9-р баг 15-8 тоот хаягт байрлалтай, 27м гүний худаг зориулалтай үл хөдлөх хөрөнгийг анх удаагийн бүртгэлээр бүртгүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  хуулийн 7-р зүйл 7.4 зүйлд зааснаар 2017 оны 12-р сарын 11-ны өдөр Б.Х нь мэдүүлэг гаргасан байна. Мөн хуулийн 7-р зүйл 7.7 зааснаар мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчснөөс бусдад учруулсан хохирлыг хариуцана гэж мэдэгдсээр байхад зөвхөн өөрийн нэрээр буюу нэг өмчлөгчөөр мэдүүлэг гаргаж бэлэглэх гэрээний үндсэн дээр, өмчлөх эрх шилжих бүртгэл хийлгэсэн байна. Тухайн үед би нотлох баримтыг шалган үзэж, нягталсан боловч ажлын ачааллын улмаас бэлэглэх гэрээнд байгаа хамтран өмчлөгчийн мэдээллийг орхигдуулж, мэдүүлэг гаргагчийг үнэн зөв мэдүүлсэн гэж итгээд бүртгэсэн болно. Бүртгэл үнэн зөв нотлох баримтад үндэслэх зарчимтай байдаг ба гаргасан алдаагаа засах үүднээс өнөөдрийг хүртэл Б.Х-тэй холбогдож гэрчилгээгээ аваад ир бүртгэлээ засах шаардлагатай байна гэж мэдэгдсэн боловч авч ирж өгөхгүй, Батхишиг эгчтэй би өөрөө учраа олно гэсээр байгаад өдий хүрлээ. Иргэн Б. Батхишиг манайд өргөдөл өгч шийдвэрлүүлэх гэсэн боловч ЭХЭУБТ хуулийн 6-р зүйлийн 6.3-д зааснаар Б.Х үйлдлээрээ эс зөвшөөрч байгаа тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр засах, өөрчлөлт оруулах боломжоо алдсан юм” гэжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Улсын бүртгэгч Б.Ариунаа миний бие Улсын бүртгэлийн Y-1520003758 дугаартай худгийн гэрчилгээг гаргахдаа иргэн Б.Х-гийн нэр дээр нэг хүний өмч гэж гаргасан ба П.Б-ийг өмчлөгчөөр бүртгүүлээгүй. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын улсын байцаагчийн 3533 дугаартай П.Б-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Миний бие гэрчилгээг хүчингүй болгож байж дахин гэрчилгээ гаргадаг. дүгнэлт ирүүлсэн тул уг бүртгэлийг Б.Х, П.Б нарын нэр дээр бүртгэхээс татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Ариунаагийн бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Y-1520003758 дугаар бүртгэлд өөрчлөлт оруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543689 дугаар гэрчилгээнд П.Б намайг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Ариунаа нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчаас иргэн П.Б-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч байгаа тухай хүсэлтийг бичгээр гаргажээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 3533 дугаар дүгнэлтээр Эрхийн улсын бүртгэлийн Y- 1520003758 дугаарт бүртгэлтэй Улаангом сумын 9-р баг, 15-08 тоот хаягт байрлах гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэлийн өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, иргэн П.Б-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэгчид даалгасан байна.

3. Хяналтын улсын байцаагч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэн П.Бийн өргөдлийг хянаад, Y-1520003758 дугаартай улсын бүртгэлийг  буруу ташаа хийсэн болохыг тогтоож, уг бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн заалтад  нийцсэн байна.

4. Хариуцагч улсын бүртгэгч нь улсын байцаагчийн шийдвэрийг биелэлтийг хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543689 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, иргэн П.Б-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэж дахин гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн П.Бээс ирүүлсэн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.Ариунаагийн бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Y-1520003758 дугаар бүртгэлд өөрчлөлт оруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543689 дугаар гэрчилгээнд П.Б намайг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, П.Бийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Б.А-д холбогдох 124/2023/0010/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭР