Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1835

 

Г.Ж-гийн нэхэмжлэлтэй                                                                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01174 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТЦК” ХХК-д холбогдох

Автомашины үлдэгдэл төлбөр, алданги 13 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Ж, “ТЦК” ХХК-ийн тухайн үеийн захирал Ц.Энхтулгатай, Г.Жгийн эзэмшлийн Бенз СЛС-350 маркийн авто машиныг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахдаа машины үнийн дүнг 18.000.000 төгрөгөөр үнэлж, эхний төлбөрт 9.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 9.000.000 төгрөгийг нэг сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 23-нд төлөхөөр тохиролцсон. Тохиролцсон ёсоор Г.Ж “ТЦК” ХХК-ийн оффис байрлах, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Юнион буйлдинг гэдэг газарт бенз 350 маркийн автомашиныг түлхүүрийн хамт Ц.Энхтулгад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагт хүлээлгэн өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 23-нд 9.000.000 төгрөгийг бэлнээр төлнө гэсэн боловч цаг хугацааны хувьд амжаагүй учраас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Жгийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлөх байсан үлдэгдэл 9.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 9.000.000 төгрөг, гэрээний 2.7-д заасны дагуу алданги 4.500.000 төгрөг буюу нийт 13.500.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хавтас хэргийн материалд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт дээр “ТЦК” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батжаргал нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг тээврийн хэрэгслийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг манай компани барагдуулна гэсэн мэдүүлэг өгсөн боловч миний хувьд алданги хүлээн зөвшөөрөхгүй байна. Бенз СЛС-350 маркийн машин нь ТЦК ХХК болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжиж ирээгүй. Машин Г.Жгийн нэр дээр байгаа учраас алданги хэзээнээс тооцох нь эргэлзээтэй, талуудын хооронд байгуулсан худалдан авах гэрээн дээр төлбөр тооцооны асуудал болон хугацаатай холбоотой асуудал тодорхой биш.Энэ худалдан авах гэрээ өөрөө хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар компанийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд гүйцэтгэх захирал байна гэж заасан. Хариуцагч нь 2015 онд үүсгэн байгуулснаас хойш О.Отгонжаргал гэдэг хүн гүйцэтгэх захирлаар байгаа, Ц.Энхтулга гэдэг “ТЦК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч тал хавтас хэрэгт өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.-т зааснаар төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус, төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос шалтгаалж, хүчин төгөлдөр байдал тогтоогддог. “ТЦК” ХХК болон эрх бүхий албан тушаалтан Ц.Энхтулга гэдэг хүнд ямар нэг байдлаар итгэмжлэл олгосон баримт хавтас хэрэгт байхгүй. Гэрээн дээр алдангитай холбоотой 0,1%, 0,5% гэсэн 2 өөр заалт байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа гэрээг байгуулаад 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж байна.Тэгвэл алданги нь аль аль хувиар бодож үзэхэд 4.500.000 төгрөг болохгүй байна. Ийм үндэслэлүүдээр алданги гэж нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТЦК ХХК-иас 11 412 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 088 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцах хураамжид 212.492 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хуулийн эдгээр заалтуудыг хэрэглээгүй, гэрээг хүчин төгөлдөр эсэхийг дүгнээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж хуульчилсан. Анхан шатны шүүх гэрээнд заасан хугацааг хэд хоногоор хэтэрсэн гэж, ямар үндэслэлээр тооцсон талаараа дурдаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Ж хариуцагч “ТЦК” ХХК-д холбогдуулж автомашины үнийн төлөгдөөгүй төлбөр 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг,                 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 9 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Ж хариуцагч “ТЦК” ХХК-ийг төлөөлж захирал Ц.Энхтулга нарын хооронд  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байгуулагдсан Худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн “Бенз 350” маркийн автомашиныг 18 сая төгрөгөөр худалдан авах, 9 сая төгрөгийг бэлнээр төлөх, үлдэгдэл 9 сая төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ж нь бенз 350 маркийн автомашиныг түлхүүрийн хамт Ц.Энхтулгад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагт хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээнд зааснаар автомашины үнэ 9 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 9 000 000 төгрөгийг төлөөгүй үйл баримт зохигчдын тайлбар, бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 7, 25/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн нь үндэслэлтэй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автомашины үнэ 9 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин алданги 2 412 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах учиртай бөгөөд талууд  худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үздэг.

 

Хариуцагч “ТЦК” ХХК-ийн эрх баригч  буюу гүйцэтгэх захирал нь дээр дурдсан Худалдан авах гэрээнд  гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээг байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзэх учиртай.

 

Гэтэл хариуцагч “ТЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь О.Отгонжаргал болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд гарын үсэг зурсан Ц.Энхтулгад итгэмжлэл олгоогүй байх тул талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх, улмаар анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд байгуулагдаагүй буюу хүчин төгөлдөр болоогүй гэрээний дагуу анз тооцсон нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01174 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТЦК” ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “212 492” гэснийг “158 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар  хариуцагч “ТЦК” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 000 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Н.БАТЗОРИГ