Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00060

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******, М.******* нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 11,469,999.52 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч М.******* нар нь Төрийн банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №223 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,957,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Ковидын нөхцөл байдлаас үүдэн харилцагч зээлийн үндсэн төлөлтөөс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 60 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээлийг 12 сараар үндсэн зээлээс чөлөөлж, хугацааг сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,763,979.4 төгрөг, зээлийн хүү 703,915.87, нэмэгдүүлсэн хүү 2,104.25 төгрөг, нийт 11,469,999.52 төгрөг /арван нэгэн сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин хоёр мөнгө/ байна. Иймд зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч М.******* нараас нийт зээл хүүний төлбөр 11,469,999.52 төгрөгийг гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой *******, М.******* бид хоёр Төрийн банкны нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Цаг хугацаанд нь төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Г.*******, М.******* нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 11,469,999.52 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 2.Зохигчид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,857,000 төгрөг дээр 100,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 10,957,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар №223 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ-малчны нэмэлт зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээний хувь, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

4.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж хариуцагч Г.*******, М.******* нараас зээлийн үндсэн төлбөр 10,763,979.4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 703,915.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,104.25 төгрөг нийт 11,469,999.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

5.Зохигч нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан  зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч Г.*******, М.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,469,999.52 төгрөгийг төлөөгүй, хариуцагч нар нь уг зээлийн гэрээний үүргийн дагуу дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, М.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 11,469,999.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.   

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

8.Хариуцагч Г.*******, М.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,469,999.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

9.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,470 төгрөгөөс 99,235 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 99,235 төгрөгийг, хариуцагч Г.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 99,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 11,469,999.52 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Г.*******, М.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,470 төгрөгөөс 99,235 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 99,235 төгрөгийг, хариуцагч Г.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 99,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.*******, М.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ