| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/0132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/218 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.А |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/218
2026 4 22 2026/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг хөтөлж,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Ариунзул,
шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч И.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Цорос овогт Болормаагийн Батсүхэд холбогдох эрүүгийн 2534000000618 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... дүгээр сарын .-ны өдөр . аймгийн .суманд төрсөн, яс үндэс халх, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл ганцаараа, .аймгийн . сумын . дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц. овогт Б. Б., /РД:............/ гэв.
Холбогдсон хэргийн агуулга /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ар булаг” нэртэй газар 2025оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ё.Бийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаожиу маркийн мотоцикл, 20 литрийн савтай бензин зэргийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар авч 2,082,800 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Төв аймгаас хувь хүнд шорооны ажил хийж өгөөд, Ё.Бтэй таарсан. Ё.Б нь надад архи авч өгсөн, би ч гэсэн Ё.Бт архи авч өгсөн. Тэгээд хоёулаа танилцаад, ажил хийхээр болж цалин мөнгөө тохиръё гээд хөдөө гарсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ё.Б нь гэрийнхээ ар талд очоод надад агсам тавьсан. Би таньж мэдэхгүй газарт чамд алуулж чадахгүй, мотоциклоо чи өгөөрэй, тэгвэл би чамд авч ирж өгнө гээд яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2534000000618 дугаартай хэргээс:
Улсын яллагч С.Ариунзул: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “шинжлэн судлуулах зүйл байхгүй” гэх саналуудыг тус тус шүүхэд гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534000000618 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ар булаг” нэртэй газар 2025оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ё.Бийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаожиу маркийн мотоцикл, 20 литрийн савтай бензин зэргийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар авч 2,082,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь,
-Хохирогч Ё.Бийн Төв аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1 хуудас/,
-Хохирогч Ё.Бийн өгсөн: “...Төв аймгийн Зуунмод сумын Дэнж нэртэй газар 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б.Бтэй танилцаад ярьж хөөрч байгаад цалин хөлсөө тохироод манайд Б.Б мал маллахаар болоод маргааш нь Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах манай хөдөө гэр рүү Б.Алтансүх бид хоёр мотоциклтой явсан. Замаараа ганц шил архи уугаад явсан. Хөдөө гэрийн хойд талын давааны ар хэсэгт буугаад тамхи татаад суугаад хэвтэж байх хооронд Б.Б миний Хаожиу маркийн мотоциклийг хулгайлан авч явсан. Мотоцикл дээр 20 литрийн савтай А-92 бензин, хүрэн шаргал өнгийн түрүүвч дотор нь миний иргэний үнэмлэх, төрийн банкны карт зэрэг байсныг аваад явсан... ...надаас Б.Б зөвшөөрөл авч миний эзэмшлийн Хаожиу маркийн мотоциклийг авч яваагүй, би хоёр Төв аймгаас манай гэр хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтсон тул гэрийнхээ хойд талд унтаж амарсан хойгуур мотоцикл унаад явсан байсан. Бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 хуудас/,
-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр Ё.Б гэх хүнтэй тараад танилцсан. Ё.Б гэдэг хүн намайг хөдөө Төв аймгийн Сэргэлэн сум руу мал маллуулна гэхээр нь тэгье цалин мөнгөө тохироод архи уугаад айлд хоносон. Маргааш нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ё.Б мотоциклтойгоо хөдөө гэр рүү нь бид хоёр явахаар нь болсон. Тэгээд дэлгүүрээс гэдэг бензиний мөнгө олоод 2 шил архи Агар нэртэй архи, 1 сав 2 литр 500 граммын пиво аваад хөдөө гэр лүү нь Ё.Б бид хоёр Ё.Бийн мотоциклтой явсан. Замдаа айлаар ороод айраг, архи уугаад Ё.Б бид хоёр нэлээн согтсон. Тэгээд Ё.Бийн хөдөө гэрийн ойролцоо очоод мотоциклоос буугаад Ё.Б над руу агсраад байхаар нь Хаожиу маркийн мотоциклийг унаад Ё.Бийн гэрийнхэн хойно хээр орхиод Архангай аймаг Өлзийт сум руу явсан. Би Төв аймгийн Алтанбулаг сумын төвөөр ороод сумын төвөөс баруун хойш байх модон гүүрээр гараар Аргалант сумын төв ороод хойш явж Баянцогт сумын төв ороод замдаа айлд Сүхээ гэдэг айлд хоноод маргааш нь зам асууж Архангай аймаг Өлзийт сум орсон юм. Миний авч явсан Хаожиу маркийн мотоцикл одоо Архангай аймгийн Өлзийт хүйтний гол нэртэй газар Энхжаргал овогтой Мөнхбат гэдэг айлын гэрийн хаяанд байгаа... ...Ё.Б нь архи уучхаад над руу агсам тавиад байхаар нь би айсандаа мотоциклийг нь унаад явсан. Төв аймгийн Алтанбулаг суманд хоноод тэндээ хонож байхдаа Ё.Б дээр очих гэснэ айгаад очилгүй шууд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 54-55/,
-Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 25/07/243 дугаартай “2,031,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 21-29 хуудас/,
-Гарьд Гүрү үнэлгээний шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 25/07/294 дугаартай “51,800 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 35-43/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа бөгөөд бусдын эд хөрөнгийг авснаар тухайн гэмт хэрэг төгссөн тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг гэдэг ойлголтыг 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ар булаг” нэртэй газар 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ё.Бийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаожиу маркийн мотоцикл, 20 литрийн савтай бензин зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2,082,800 төгрөгийн хохирол учруулсан байх тул үүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцно.
Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь шууд санаатай, шунахай зорилгоор “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Бт 2,082,800 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ё.Бийн төрсөн ах Ё.Үүрцайх нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “хөх өнгийн Хаожиу маркийн мотоцикл 1 ширхэг, мотоциклийн түлхүүр 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Б нь Хаожиу маркийн мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул мотоциклийн үнэлгээ болох 2,031,000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй, харин шүүгдэгч Б.Бээс А-92 бензиний үнэлгээ 51,800 төгрөг, Хаожиу маркийн мотоциклийг очиж авахад гарсан зардалд 130,000 төгрөг, нийт 181,800 төгрөгийг гаргуулав.
Учир нь дээрх гарсан зардал нь хохирогчид учирсан хохирол төлбөртэй шалтгаант холбоотой, шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тус зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг үндэслэн хохирлын нийт 181,800 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч С.Ариунзул: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирлын мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Мөн 51,800 төгрөгийн бензиний үнэлгээ, сүүлд хохирлын баримтаар гаргаж өгсөн 130,000 төгрөгийн хохирол төлбөрийн асуудал яригдаж байна. Үүнийг шүүгдэгч нь хохирогчид төлөх ёстой хохирол төлбөр гэж үзэж байна. Учир нь, хэргийн оролцогч биш гэдэг агуулгаар хандаж байгаа боловч хүсэлтэд дурдагдсан Ё.Бийн хүсэлтээр тухайн мотоциклийг очиж авсан тул бензиний 51,800, мотоциклийг очиж авахад гарсан зардалд 130,000 төгрөг, нийт 181,800 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж хохирогч Ё.Бт олгох нь зүйтэй. Харин мотоциклийг 2,031,000 төгрөгөөр үнэлсэн. Мотоциклийг биет байдлаар нь өгсөн тул үнэлгээг гаргуулах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу дээрээ маргахгүй учраас хэлэх тайлбар байхгүй. Хохирогч Ё.Бийн мотоциклийг биет байдлаар хүлээлгэж өгсөн. 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ах н.Үүрцайхад нь хүлээлгэж өгсөн талаар мөрдөгч н.Батбаатарын тэмдэглэлийг хавсаргасан. Иймд биет байдлаар үндсэн хохирлыг төлсөн гэж үзэж байна. А-92 бензиний үнэлгээ болох 51,800 төгрөгийг тухайн цаг хугацаанд гарсан үнэлгээ байх тул энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 130,000 төгрөгийн шатахууны баримтын хувьд хохирогч Ё.Бийн хувьд баримт нотолгоогоо хуулийн шаардлага хангаж, иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ё.Б нь миний ах намайг төлөөлнө гэсэн утгатай санал, хүсэлт гаргаагүй учраас сүүлд нэхэмжилж буй 130,000 төгрөгийн шатахууны баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.Б “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн шүүгдэгчийн эцгийн үгийг шүүхэд хандаж хэлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 59 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуудас/ зэрэг баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөрийн дийлэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзаж, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүгдэгч Б.Б нь мал маллаж нүүдэллэн амьдардаг нөхцөл байдал, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бэд сануулав.
Эрүүгийн 2534000000618 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулах тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цоров овогт Болормаагийн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Б.Бийн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 181,800 /нэг зуун наян мянга найман зуу/ төгрөг гаргуулж . аймгийн ., ..............оотод оршин суух хохирогч ..................д олгосугай.
6.Эрүүгийн 2534000000618 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бийн 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР