| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 317/2026/0179/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/186 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.А |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/186
2026 4 06 2026/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Элжигэн овогт Мааньчийн Дэмбэрэлнямбууд холбогдох эрүүгийн дугаартай 1 хавтас хэргийг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хохирогч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2634000090078 дугаартай хэргээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж буй нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Бий мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Доржсүрэнгийн мэдүүлэг, Д.Бурмаагийн мэдүүлэг, Т.Бямбажавын мэдүүлэг, шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №D26/06 дугаар дүгнэлт, Гарьд Гүрү Үнэлгээ газрын Үнэлэгээ хийхээс татгалзах тухай тодорхойлолт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/8537 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТӨВ/0726/04 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн системийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэнгийн өгсөн: “...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би, шүүгдэгч М.Дд холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээч О.Халиуны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25/06 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО325/8537 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Болорхүүгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТӨВ0726/04 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1-т заасан замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Бг дайрч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй. Мөн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргуулах ямар нэгэн хохирол төлбөргүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын өгсөн: “...Шүүгдэгч М.Д нь Төв аймгийн Жаргалант сум “Загдал” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дамжин гэх нэртэй газар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. Шүүгдэгч М.Д нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэдэг үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зүйлчлэлтэй холбоотой нотлох баримтууд хангалттай цугларсан. Шүүгдэгчийн зүгээс тухайн зүйлчлэлтэй холбоотой маргадаггүй тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Гэм буруутайд тооцох саналыг тавьсантай холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал 6,000,000 төгрөгийг гаргаж эмчлүүлсэн. Хохирогч Ц.Б нь 5 жилийн дараа хадаасаа авхуулна. Өөр ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэнд нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаалж биеийн байдал дээрдэх эсхүл доордох асуудал яригдахыг дүгнэлтдээ дурдсан. Осол гарсан даруйд шүүгдэгч нь хувийн эмнэлэгт яаралтай эмчилгээ хийлгэсэн. Өнөөдрийн байдлаар хохирогчийн биеийн байдал өмнөхөөсөө сайжирсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж,
Хохирогч Ц.Бгийн өгсөн: “...Надад хэлэх тайлбар байхгүй.” гэх,
Шүүгдэгч М.Дгийн өгсөн: “...Миний буруу. Цаашид хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч М.Д нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч М.Д нь Төв аймгийн Жаргалант сум "Загдал" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дамжин гэх нэртэй газар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"; мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж ухрах үйлдэл хийхдээ ард явсан явган зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай эргэлзээгүйгээр бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4, 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,
Хохирогч Ц.Бий өгсөн: “...би 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нөхөр болох Дэмбэрэлнямбуугийн хамт гэртээ байж байх үед манай гэрт Даваа гээд танил маань ирсэн юм. Даваа ирэхдээ 1 шил хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай архи авч ирсэн. Манай нөхөр Дэмбэрэлнямбуу, Даваа хоёр тухайн архийг хувааж уусан. Тэгээд Даваа явахдаа манайд очиж малын тэжээл аваарай гэж хэлээд явсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Даваагийн гэрт очиж тэжээл авахаар өөрсдийн хувийн хэрэгцээнд унадаг Тоёота Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодоод би хажууд нь суугаад явсан. Тэгээд Даваагийн гэрт очих үед Даваа нь архи уугаад тасраад уначихсан байхаар нь бид хоёр Бурмаагийнд очоод Хараа нэртэй 0.5 литрийн 1 ширхэг архи хувааж уугаад бид гэртээ ирсэн. Гэртээ ирээд манай нөхөр Дэмбэрэлнямбуу нь гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд машинаа байрлуулах гээд ухарч байх үед ард нь машины хучлага байхаар нь би холдуулах гээд явах үед Дэмбэрэлнямбуу нь Тоёота Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ухарч ирээд миний баруун талын гуяны дээд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би хойшоо унаад өгсөн чинь Дэмбэрэлнямбуу машинаасаа бууж ирээд тусламж дуудахад манай урд айлын Хонгороо ирээд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Иргэний нэхэмжлэгч Д.Доржсүрэнгийн өгсөн: “...би Төв аймгийн Жаргалант суманд мал маллаж амьдардаг. Өөрийн төрсөн эцэг Дэмбэрэлнямбууд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 64-01 улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2025 оны 6 дугаар сард өгсөн байсан чинь аав Дэмбэрэлнямбуу нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт ээжтэй хамт явж байгаад архи уугаад буцаж гэрийнхээ гадна ирээд машинаа байрлуулах гэж ухарч байх үедээ ээж Бүрэнг дайрсан байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Д.Бурмаагийн өгсөн: “...би 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт гэртээ байж байтал тухайн өдрийн 16 цагийн орчимд Бүрнээ над руу өөрийнхөө утсаар залгаад намайг чи хаана байна гэж асуухаар нь би айлд байна гэж хэлтэл миний байсан айлд Бүрнээ нөхөр Дэмбэрэлнямбуугийн хамт тэр хоёр миний байсан айлд халамцуухан машинтайгаа ирээд тухайн айлд 0.75 граммын ногоон экс архитай орж ирсэн тухайн архинаас хүн уугаагүй би Дэмбэрэлнямбуу түүний эхнэр Бүрнээ нарын хамт айлаас гарч яваад манай гэрийн гадна ирсэн тэгээд би гэртээ ороод бууз жигнээд тухайн хоёр хүнд өгтөл Дэмбэрэлнямбуу дэлгүүр яваад 0.5 граммын Ногоон экс нэртэй архи, үзмийн шүүс авч ирээд архийг бид 3-лаа хувааж уугаад үзмийн шүүсийг нь би гэртээ дараа нь уусан юм. Тэгтэл Бүрэн надад миний хөгшин манай гэрт очоод бууз хийгээд өгөөч миний гар хугарчихсан буузаа хийж чадахгүй байна гэж хэлхээр нь би за за тэгвэл удахгүй очиж бууз чимхэж өгнө гэж ярьж сууж байгаад тухайн өдрийн 17 цаг 40 минутын орчимд гэр рүүгээ явлаа гэж хэлээд нөхөр Дэмбэрэлнямбуу нь машинаа жолоодоод эхнэр Бүрэн хажуу суудалд нь суугаад явсан. Манай гэрийн үүднээс хөдлөөд явсан тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Т.Бямбажавын өгсөн: “…2025 оны 12 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байхдаа Дэмбэрэлнямбуугийн гар утас руу машины тос асуухаар залгатал Дэмбэрэлнямбуу утсаа аваад манай гэрт хүрээд ирээ би эхнэр Бүрэнг машинаар дайрчихлаа хурдан хүрээд ирээч гэхээр нь би эхнэр Мягмарсүрэнгийн хамт яваад очтол Дэмбэрэлнямуу эхнэр Бүрэнгийн хамт гэрийнхээ зүүн талын хаяанд эхнэрийнхээ толгойг өвдгөнд дээрээ тавьсан тэврээд сууж байсан эхнэр Бүрэн газар хэвтэж байсан Дэмбэрэлнямбуугийн машин зүүн урд талд зогсож байсан юм. Тэгээд Гүнчиндорж манай эхнэр Мягмарсүрэн, Дэмбэрэлнямбуу нарын хамт Бүрэнг өргөж гэрт нь оруулаад сумын эмнэлэгт дуудлага өгүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Сэжигтэн, яллагдагчаар Ц.Энхтүвшиний өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Ц.Бгийн хамт гэртээ байж байтал манай гэрт Загдал багийн төвөөс Даваа гэх хүн хоёр найзтайгаа манай гэрт ирээд цай ууж байгаад 1 шил архийг Даваа машинаасаа оруулж ирээд задалж надад 1 хийж өгсөн би тухайн архийг амсаад өгсөн тухайн Даваатай явж байсан хүмүүс архиа ууж сууж байгаад Даваа дахиж надад өгөхөөр нь би архинаас дахиад уугаагүй тэгээд тэр архийг манай гэрт Даваа хоёр найзтайгаа хувааж ууж дууссан юм. Тэгээд би Даваатай юм ярьж сууж байгаад надад моринд өгөх тэжээл хэрэгтэй байна гэж асуусан чинь Даваа намайг араас очоод авахгүй ах гэж хэлээд тэр 3-лаа машиндаа суугаад явсан би араас эхнэр Бүрэнгийн хамт Т.Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай машинаа би жолоодоод эхнэрээ хажуу талдаа суулгаад явж байгаад Даваагийн гэрт очихын наахан талд морьтой хүнтэй таараад Давааг гэртээ байна уу гэж асуутал нөгөө хүн надад Даваа гэртээ согтоод унасан байна гэж надад хэлсэн тэгэхээр буцаад Загдал баг руу эхнэрийн хамт Цогоо гэх найзынхаа гэрт очиход Цогоогийн гэрт нэлээн олон хүмүүс архи уугаад сууж байсан тэндээсээ гарч яваад Бурмаагийн гэрт очиж нүүрс мод аваад явах гэтэл Бурмаа эхнэр бид хоёрыг 1 шил 0.5 граммын архи хуваагаад уучихъя гэхээр нь эхнэр бид хоёр за тэгье гээд Бурмаагийн гаргаж ирсэн 0.5 граммын Ногоон экс архинаас манай эхнэр 2-3 удаа татаад үлдсэн архийг Бурмаа бид хоёр хувааж уугаад тухайн оройны 19 цагийн орчимд Т.Приус-20 маркийн 64-01 УБО улсын дугаартай машинаа жолоодоод эхнэр Бүрэн хажуу суудалд суугаад бид хоёр гэр лүүгээ явсан юм. Тэгээд бид хоёр гэрийнхээ гадна ирж зогсоод манай эхнэр Бүрэн машинаас буугаад машины хучилгаа өргөөд би тухайн үед машинаа ухрааж эхнэрийн өргөж байсан хучлаган доогуур шургуулж оруулж машинаа байрлуулж хучих санаатай ухарч байтал манай эхнэр машины хучлагатай орооцолдон газар унасан байсаныг би ухарч байхдаа харахгүй машинаараа ухраад эхнэр Бүрэнг дайраад дээгүүр гараад явсан байсан. Тэгээд би машинаас буугаад иртэл манай эхнэр Бүрэн машины урд газар машины хучлаган доор орооцолдсон байдалтай хэвтэж байсан тэгээд би сандарч хажуу айлын Гүнчиндорж, Улаанаа, Мягаа нарыг дуудсан тухайн хүмүүс манай гэрт ирээд манай эхнэр Бүрэнг өргөж гэр рүү оруулж өгөөд эмнэлэг цагдаагийн байгууллагад Хонгороо мэдэгдсэн юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №D26/06 дугаар “...Хэрэг бүртгэлтийн 263400009 дугаартай хэргийн материалтай танилцаад 64-01 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болно. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Ц.Бийг зорчигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Асуулт ойлгомжгүй энэ хэрэг хамааралгүй асуулт байна. Дээрх зам тээврийн осол хэрэг нь 64-01 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон бусад байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 33-39/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/8537 дугаартай шинжээчийн “…Шинжилгээнд Дэмбэрэлнямбуу 65/ нэр гэж хаяглан ирүүлсэн 001658264 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.2 промилли стиртын агууламж илэрсэн. Цусан дахь 1.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТӨВ/0726/04 дугаартай шинжээчийн “…Ц.Бгийн бие цээжний хөндийд шингэн, хий хуралдалт, баруун зүүн уушгины дэлбэнгийн урагдал, няцрал, зүүн дал ясны их биеийн бяцарсан, баруун 1-р хавирга зөрүүтэй, 2, 3, 4, 5, 6-р хавирга зөрүүтэй хоёрлосон, зүүн 1, 4, 5, 6, 7-р хавирга зөрүүтэй, 2, 3-р хавирга зөрүүтэй хоёрлосон хугарал, баруун дунд чөмөгний диафизын дээд төгсгөл хэсэгт ташуу, зүүн шуу ясны дистал эпиметафиз хэсгийн хөндлөн зөрүүтэй битүү хугарал, зүүн эгэм, өвчүүний холбоосын бүрэн тасрал, үений мултрал, цээжинд, баруун дунд чөмөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаа түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Дд холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дд холбогдох эрүүгийн 2634000090078 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоон, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг. Тус гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн тохиолдолд зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан.
Шүүгдэгч М.Дгийн амьсгал дахь спиртийн агууламж 1.35, цусан дахь спиртийн агууламж нь 1.2 промилль хувь согтолттойгоор тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж, нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн шинжтэй бөгөөд шүүгдэгч М.Д нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж машинаа байрлуулах шалтгаанаар ухрах үйлдэл хийхдээ ард явсан явган зорчигч Ц.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгссөн, энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдсон байна.
Улмаар хохирогч М.Бүрэнгийн биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн ангилалд хамаарч, энэхүү гэмтэл нь тухайн ослоос шалтгаалан үүссэн шинэ гэмтэл болох нь шинжээчийн ТӨВ0726/04 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Иймд шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Д.Доржсүрэн нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон эмчилгээний бусад зардлыг хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал 6,000,000 төгрөгийг гаргаж эмчлүүлсэн. 5 жилийн дараа хадаасаа авхуулна, өөр ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүй...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэнгийн өгсөн: “...Шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Д нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өнөөдрийг хүртэл гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчийн эмчилгээний зардал болох 6,000,000 төгрөгөөс төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. М.Д нь 66 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хөнгөн ангиллын гэмт хэрэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын өгсөн: “...Шүүгдэгч М.Д нь одоо 66 настай. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 4 хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд эрүүл саруул, энх тунх өсгөж хүмүүжүүлсэн. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүх харгалзаж үзнэ үү. Хоёрдугаарт, шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед осол гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэмт хэрэг гарсан үеэс эхлэн хэрэгжүүлсэн тул хохирогчийн биеийн байдал нь сайжирсан. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх шинжтэй байдаг. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдал, хор уршиг, хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Өмгөөлөгчийн тухайд нэмэгдэл ял, тэнсэх хугацаатай холбогдуулан хэлэх зүйлгүй.” гэх саналыг тус тус гаргаж,
Хохирогч Ц.Бгийн өгсөн: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэх тайлбарыг,
Шүүгдэгч М.Дгийн өгсөн: “...Хэлэх тайлбаргүй байхгүй.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан.
Шүүгдэгч М.Д нь урьд гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал) урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөргөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзаж, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Харин дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзан,
Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Дг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Дд сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
1. Шүүгдэгч М.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч М.Д нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Дд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэх тоолсугай.
6.Эрүүгийн 2634000090078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ӨСӨХБАЯР