Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00062

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Цэвэлмаад холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,  1,800,000 (нэг сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн захирал Р.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Цэвэлмаа нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хэрэгцээнд зориулж 1,800,000 төгрөгийг сар бүр 15%-ийн хүүтэй зээлийг 10 сарын хугацаатай сар бүр хүү төлнө, үндсэн зээлийг бага багаар төлөх нөхцөлтэй гэрээ хийж авсан. Зээлдэгч нь  зээлээ төлөхгүй удаа дараа шаардуулж байна. Зээлдэгчээс хүү нэхэмжлэхгүй, үндсэн зээлээ төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт Лхамсүрэнгийн Цэвэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л.Цэвэлмаа миний бие Р.Оюундарийн нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК нь хариуцагч Л.Цэвэлмаад холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,800,000 (нэг сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

3.Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн захирал Р.Оюундарь нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Л.Цэвэлмаад 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Р.Оюундарийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 4.Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн захирал Р.Оюундарь, хариуцагч Л.Цэвэлмаа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох  1,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбарыг ирүүлсэн.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

7.Хариуцагч Л.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

8.Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгөөс 21,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,875 төгрөгийг, хариуцагч Л.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 21,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн нэхэмжилсэн 1,800,000 (нэг сая найман зуун мянган) төгрөгийг хариуцагч Л.Цэвэлмаа нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгөөс 21,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,875 төгрөгийг, хариуцагч Л.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамж 21,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Сөндийн цагаан уул” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Цэвэлмаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       М.ЭНХМАНДАХ