Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 07

 

 

                                               

   2022          02           22                                      2022/ДШМ/07

 

 

 

Д.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн 2136001590243 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын ******* багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургий овогт *******гийн ******* /*******/ регистрийн дугаартай,

 

2.******* ургий овогт *******гийн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр “Цагаан дов” нэртэй газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 1 тооны зэгсний зэрлэг гахай өвс хаддаг сэрээгээр хатгаж агнаж, улмаар тухайн зэгсний гахайг мориор Ховд аймгийн Мянгад сумын “Багалзуур” гэх газарт тээвэрлэж хүнсэндээ хэрэглэж, экологи эдийн засагт 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутаг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, түүхий эдийн гаралтай зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил, 3/гурав/ сарын хугацаагаар тэнссэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.*******т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морины үнэ 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******т тайлбарлаж,

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.*******оос 4800000/дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Байгал орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна. Шүүгдэгчид шүүхээс хорих я оногдуулахгүйгээр тэнссэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүйн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

Гэрч Л.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын эхээр “Багалзуур” нэртэй газар хадлан хийж байсан чинь Д.*******, Ц.Банзрагч хоёр морьтой ууттай мах авч ирээд манай амбаарт чанаж идсэн. Тухайн зэрлэг гахайг Д.******* агнаж махыг нь авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 34-35х/,

Гэрч Ц.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Тэгээд байж байгаад Д.******* морь мах тавиулахгүй байна, Цагаан дов Ханцуй харгана хоёрын дунд байна гэж хэлэхээр нь морьтойгоо яваад очсон чинь ууттай мах байсан. Тэгээд тухайн махыг морин дээр тавьж өгөөд морио унаад явах гэтэл миний морь янцгаагаад яваад өгсөн”  гэх мэдүүлэг /хх-н 37-38х/,

Гэрч Б.Зоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Угаасаа ойлгомжтой байсан, малын мах биш байсан” гэх мэдүүлэг /хх-н 41-42х/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...зэгсний зэрлэг гахайных гэж үзэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 52-53х/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...зэгсний зэрлэг гахай эр 2,900,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 60-61х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн “Зэгсний зэрлэг гахайны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар эм нь 3,300,000 төгрөг, эр нь 2,900,000 төгрөг байдаг ба үүнийг амьтны тухай хуульд зааснаар 2 дахин төлүүлдэг юм” гэх мэдүүлэг /хх-н 27-28х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-10х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. “Шүүгдэгч Д.*******ын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалтай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, түүний эдийн гаралтай зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.  “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            5. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй“гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

                                                                   

                                                   ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР