Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

 “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Б.М нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар холбогдох иргэн, хуулийн этгээд, үүний дотор 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг, тус захирамжийг үндэслэн олгосон 000161062 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.М-д маргаан бүхий актыг Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.Иймд нэхэмжлэгч Б.Мийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, өөрийг нь эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

5.Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:” Б.М миний бие нь ам бүл 6, нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг.Би Газрын тухай хуульд зааснаар 1 хүн 0.7 га газар эзэмших эрхийнхээ дагуу аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт 2013 оноос хойш газар эзэмших талаар хэд хэдэн удаа өргөдөл хүсэлт гаргаж байсан бөгөөд миний өргөдлийг огт шийддэггүй байсан.Тэгээд дахин 2021 оны 4 дүгээр сард газар эзэмших эрхийнхээ дагуу аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт хувьдаа газар хүсэж өөрийн биеэр өргөдөл гаргасан.Миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжийн дагуу Улаангом сумын 5-р багийн нутагт 1500м2 газрыг хувийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.Гэтэл аймгийн Засаг дарга ямар ч үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхийн 000161062 дугаар гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.Би иргэн хүний хувьд хуульд зааснаар өөртөө болон гэр бүлдээ газар эзэмших эрхтэй.Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Б.М нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, нийтийн орон сууцанд амьдардаг. Газрын тухай хуульд заасан 0.07 га газар өмчлөх эрхийнхээ дагуу аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2013 оноос хойш газар эзэмшихээр хэд хэдэн удаа хандаж байсан боловч түүний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэдэггүй байсан. 2021 оны 4 дүгээр сард дахин газар эзэмшихээр хүсэж өргөдөл гаргасны дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А/258 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 1500 мкв газрыг олгосон. Гэтэл газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 тоот захирамжаар хүчингүй болгосонд гомдолтой байна. Яагаад гэвэл ам бүл 6, 4 хүүхэдтэй, иргэн хүнийхээ хувьд газар эзэмших, өмчлөх эрхтэй. Манайх нийтийн эзэмшлийн байранд амьдардаг, бидний хэн нь газар эзэмшиж авч байгаагүй. Тийм учраас тухайн газрыг Засаг даргын захирамжийг хүлээн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэл гаргасан. Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангаагүй, эрх зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргасан.

2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хувийн хэрэг үүсгэгдэж иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг хийгдсэн. Засаг дарга нь шийдвэр гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, хяналт шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон гэж тайлбарласан. Иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу газар олгох нь үндэслэлтэй гэж үзэж газар олгочхоод эргээд бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тухайн иргэнтэй уулзаж сонсох ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл сонсох ажиллагааг хийхгүйгээр шууд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөх шүүх хуралдаанаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргуулахаар хүсэлт гаргасан. Улаангом хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газарт барилга байгууламж, орон сууц барихаар төлөвлөгдсөн байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийг Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Аймгийн Засаг даргаас шийдвэр гаргахад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын агентлагийн даргын шийдвэр болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Иймд Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд,нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Газрын тухай хуульд зааснаар иргэн хүнийхээ хувьд  0.07 га газрыг эзэмших эрхийн хүрээнд өргөдөл гаргасны дагуу надад хувийн хэрэгцээнд газар эзэмшүүлснийг аймгийн Засаг дарга хүчингүй болгохдоо сонсох ажиллагааг хийгээгүй.Мөн Улаангом хотын хөгжлийн төлөвлөгөөнд тухайн эзэмшүүлсэн газарт нь орон сууц барихаар төлөвлөсөн тул эзэмших боломжтой газар байсан.Иймд хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” тухай нэхэмжлэл,тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас “Засаг даргаас шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, ГЗБГЗЗГ-ын хяналт шинжилгээ,үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг тус тус үндэслэн зарим иргэн,хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Бадамын Мягмардоржид холбогдох хэсгийг,тус захирамжийг үндэслэн олгосон 000161062 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

5. Нэхэмжлэгч Б.М нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт  “Б.М миний биед Улаангом сумын 3-р баг шинэ дулааны станцын доод хэсэгт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 1500м2 газрын гэрээ, гэрчилгээг олгож өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг өгчээ.

6. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 дугаар тогтоолыг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 5-р багийн нутагт Б.М-д 1500м2 газрыг барилга,байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.М-д газар эзэмших эрхийн 000161062 дугаартай гэрчилгээ олгогдож, барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

7. Нэхэмжлэгч Б.М-д эзэмшүүлсэн газарт шүүхийн үзлэгийг хийсэн ба үзлэгээр газарт кадастрын зургийн дагуу хэмжилтийг хийж үзэхэд уг газар нь Улаангомын дулааны 2-р станцын зэргэлдээ хашаа татаагүй, сул газар байв.

8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ:

33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;

33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус  зохицуулжээ.

9. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газрыг гэр, хашааны зориулалтаар 0,07 га газрыг иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн талаар тайлбарласан ба тус газар нь Улаангомын Дулааны 2-р станцтай зэргэлдээ оршдог, ойр орчмын газарт гэр хашааны зориулалтаар газар эзэмшүүлээгүй, сул газар байх ба анх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа барилга, байгууламжийн зориулалтаар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн “тухайн газрыг Газрын тухай хуульд заасан гэр, хашааны зориулалтаар 0,07 га газрыг эзэмших эрхийнхээ хүрээнд эзэмшсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Б.М-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн төслийг боловсруулж батлуулсан талаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ шүүхэд мэдүүлсэн байна.

 Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан байх ба хавсралтын хүснэгт 1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил,хэмжээг баталжээ.Уг байршил хэмжээний Улаангом гэх хэсэгт Улаангом сумын 5-р баг,Дулааны 2-р станцын зэргэлдээ барилга байгууламжийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна. Мөн Хүснэгт 6-д иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээг батлахад Улаангом суманд 5-р багт гэр хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна.

 Иймд Увс аймгийн Засаг даргаас газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгаагүй газрыг Б.М-д  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, мөн дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

11. Увс аймгийн Засаг даргаас “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр Б.М-д өмнө нь газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож  шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зохицуулсантай нийцсэн байна.

12. Маргаан бүхий актад Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн 11 дэх хэсэг гэж баримталсан баримтыг шүүхээс нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд холбогдох байгууллагаас шүүхэд гаргаж өгөхийг даалгасан боловч Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын Удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаартай албан бичгээр “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А814 дүгээр захирамжийн үндэслэл болсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Увс аймгийн газрын харилцааны талаар хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан манай архивт хадгалагдаж үлдээгүй байх тул гаргаж өгөх боломжгүй байна” гэх хариуг ирүүлсэн, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн У.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн төслийг би боловсруулж бэлтгэсэн. 2021 оны 9 сард Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд манай аймагт ирж газрын талаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Энэ ажлын дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сард манайд ирүүлсэн байсан. Уг дүгнэлтийн 11 дэх хэсэгт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газрыг хүчингүй болгуулах талаар зөвлөмж ирүүлсэн. Тиймээс уг дүгнэлтийн 11 дэх хэсгийг үндэслэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрүүд гарсан.Энэ хүрээнд Б.М-д газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн байсан тул эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор төсөл боловсруулагдаж аймгийн Засаг дарга хянаж үзээд захирамжийг баталсан” гэж мэдүүлсэн, мөн Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/930 дугаар албан бичигт “2021 онд хийгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт бичгээр хүргээгүй” талаар дурджээ.

13. Харин Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэргэжилтнүүд орон нутагт томилолтоор ажилласан тухай 2021.11.16-ны өдрийн тайланд “Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт газрын зөрчил, маргаан шийдвэрлэлтийн байдалд зөвлөмж өгсөн” тухай тэмдэглэгдсэн, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ,үнэлгээний тайлангийн Ес.Зөвлөмж гэх хэсэгт Газар зохион байгуулалтын чиглэлээр: 2021, 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд олгосон захирамж шийдвэрүүдийг хянаж, зөрчил арилгах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар зөвлөжээ.

Мөн Хяналт шинжилгээ,үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт Увс аймаг 2021.09.18-2021.09.19 гэх баримтын 2111 гэх хэсэгт худалдаа үйлчилгээний зориулалтаар 7 байршилд шинээр газар олголт хийсэн. Мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй хэрнээ уг газрууд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд олгосон Зураг 1-ээс харна уу гэсэн хэсгийн зураг 1 гэх хэсэгт нэгж талбарын дугаар 000161062 дугаартай Б.М-ийн эзэмшлийн газар тэмдэглэгдсэн байна.

14. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:

25.1.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;

25.1.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;

25.1.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл;25.1.4.сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө; гэж заажээ.

Хэрэгт Улаангом сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэх баримтыг авагдсан ба уг баримтад Дулааны 2-р станцын ойролцоо барилга барихаар төлөвлөсөн байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргажээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 25 дугаар зүйлийн 25.4-д “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж тус тус заасан тул Б.М-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь тухайн 2021 оны Улаангом сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Улаангом хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад үндэслэх баримт бичиг биш байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “маргаан бүхий газар нь Улаангом хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

15. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлагын нэг болгож “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал,хууль зүйн үндэслэлийг заасан” байхаар, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар,санал гаргах боломж олгоно” гэж зохицуулсан.

Хариуцагчаас маргаан бүхий актад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, сонсох ажиллагааг явуулаагүй хэдий ч захиргааны хэргийн шүүхээс иргэн, хуулийн этгээдийн хуульд заасны дагуу үүссэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх үүргийг гүйцэтгэдэг, хариуцагчаас тухайн нөхцөлд өөр шийдвэр гарах боломжгүй тул “сонсох ажиллагааг хийгээгүй,газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй” гэх зөрчлийг маргаан бүхий актыг хүчингүй болгоход нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

16. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” тохиолдолд захиргааны байгууллага хүчингүй болгохоор заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий актыг гаргасан байна.

17. Захиргааны байгууллагаас газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

18. Иймд Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжаар Б.М-д газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Б.М-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Цаашид хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болно.

19. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаар захирамжийн Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ