Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00072/И |
Дугаар | 157/ШШ2024/00076 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2024/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00072/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Хүсэлт гаргагч Н.Батчулуун нарыг оролцуулан хүсэлт гаргагч Боржигон овогт Наваанцэндийн Батчулууны “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Наваанцэнд овогтой Батчулуун нь Политехникийн дээд сургуулийг “Механикч инженер” мэргэжлээр 1992 оны 05 дугаар сард төгссөн. Механик инженер мэргэжлийн дагуу Бэрхийн уулын үйлдвэрийн Хүнд механизмын хэсэгт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хүнд механизмын мастерын ажлыг хийж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Энэ хугацаанд ажилласан жил нь 2 жил 2 cap 2 хоногоор тооцогдож миний хөдөлмөрийн дэвтэр дээр баталгаажсан байдаг. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж, тухайн үеийн орсон гарсан тушаалууд Бэрхийн уурхайн буюу одоогийн “Бэрх-Уул” ХК-ийн бичиг баримт, архиваас шүүлгээд олдоогүй.
Иймд Н.Батчулууныг Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүнд механизмын засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүнд механизмын мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч Боржигон овогт Наваанцэндийн Батчулуунаас:
-Боржигон овогт Наваанцэндийн Батчулууны иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 03/,
-2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №3/20 дугаартай Бэрх-Уул ХК-иас олгосон Н.Батчулууны ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 04/
-1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Политехникийн дээд сургуулиас Н.Батчулуунд олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29/,
-1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:
-Гэрч Н.Насанбат, Ч.Сайнцолмон нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Батчулуун нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.
Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Н.Батчулууныг Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүнд механизмын засварчны ажилд томилсон, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүнд механизмын засварчны ажлаас чөлөөлсөн, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хүнд механизмын мастераар ажилд томилсон, 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хүнд механизмын мастерын ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Бэрхийн уулын үйлдвэр нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08/172 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Н.Батчулуун нь Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүнд механизмын засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүнд механизмын мастераар ажиллаж байсан гэдэг нь:
-2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №3/20 дугаартай Бэрх-Уул ХК-иас олгосон Н.Батчулууны ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 04/
-1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Политехникийн дээд сургуулиас Н.Батчулуунд олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29/,
-1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30/
-Гэрч Н.Насанбатын “Би 1991 оны 04 дүгээр сарын 09-нд “Монголросцветмет” нэгдлийн Бэрхийн геологийн хайгуулын ангид өрмийн туслахаар ажилд орж байсан. Уурхай дотроо олон цехтэй байдаг. Н.Батчулуун нь 1992 оны хавраас хүнд машин механизмын цехэд засварчнаар ажилд орсон. Би геологи хайгуулын анги болохоор 15 хоногоор томилолтоор ирж очоод явдаг байсан. Тэгэхэд ажилладаг байсан. 1993 оны сүүлээр уулзахад мастер хийж байгаа гэсэн 1994, 1995 оны үед ажлаасаа гарсан гээд явж байсан. Би 1992 оноос Багахангай нүүрсний уурхай нээгдэж байхад хайгуулын ажил хийж байсан. Тэгээд 15, 15 хоногоор Бэрхийн уурхай болон Багахангай нүүрсний уурхайд ирж очиж ажилладаг байсан. 2002 он хүртэл геологийн хайгуулын ангид ажиллаж байсан. Тэгээд 2003 оноос 2005 он хүртэл Бэрхийн тохой булгийн алтны уурхайд өрмийн машинистаар ажилласан. 2008 онд Бор-Өндөрт шилжиж ирээд 2009 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд өрмийн машинистаар ажиллаж байна. Н.Батчулуун Бэрхийн уурхайн Хүнд машин механизмын цехэд анх ажилд орохдоо засварчнаар ороод сүүлдээ мастер хийж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
-Гэрч Ч.Сайнцолмонгийн “Би 1991 онд Бэрхийн уурхайн ялгах цехэд засварчнаар ажилд орсон. Тэгэхэд Н.Батчулуун 1992 оны хавар Бэрхийн уурхайн Хүнд машин механизмын цехэд засварчнаар ажилд орж байсан. Тэгээд жилийн дараа мастераар ажиллаж байсан. Токарийн цех, Хүнд машин механизмын цехтэй нийлээд мастераар ажиллаж байсан. Би 1989 оноос Худалдаа бэлтгэлийн ангид хөргөгч, тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1991 онд Бэрхийн уурхайн ялгах цехэд засварчнаар шилжиж очсон. 1995 онд фабрик түр зогсоод Дулааны цехэд цахилгаан засварчнаар ажилласан. Тэгээд 2000-2004 он хүртэл Шинжлэх ухаан техникийн их сургуульд цахилгаан автоматжуулалтын инженерээр суралцаж төгссөн. Дараа нь Бэрхийн уурхайд Дулааны станцад орлогч дарга, инженерийн гүйцэтгэх ажлыг давхар хариуцаж явсан. 2017 онд Бор-Өндөрт шилжиж ирээд “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн тохиргооны инженерээр 1 жил ажиллаад дараа нь Дулааны цехэд 2 жил цахилгааны инженерээр ажиллаж байгаа цэвэр мастераар одоог хүртэл ажиллаж байна. Н.Батчулуун нь Бэрхийн уурхайн Хүнд машин механизмын цехэд засварчнаар ажиллаж байсан. Тэгээд хоёр цехэд нийлээд тэр үед токорийн цехэд мастераар ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Н.Батчулуунд тухайн үед олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1 дүгээрт Уурхайн даргын 1992 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай тушаалаар дээд сургууль төгсөж ирсэн тул Бэрхийн уурхайд хүнд механизмын засварчнаар 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулав” гэсэн бичилт хийж тамга дарсан,
-мөн дэвтрийн 2 дугаарт Уурхайн даргын 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тушаалаар хүнд механизмын засварчны ажлаас хүнд механизмын мастераар дэвшүүлэн ажиллуулав” гэсэн бичилт хийж тамга дарсан,
-мөн дэвтрийн 3 дугаарт Уурхайн даргын 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 120 дугаартай тушаалаар өөр газар шилжих болсон тул хүнд механизмын мастерын ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийж тамга дарсан нь Н.Батчулууныг Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүнд механизмын засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүнд механизмын мастераар ажиллаж байсан болох нь давхар нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
6.Иймд хүсэлт гаргагч Н.Батчулууныг Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүнд механизмын засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүнд механизмын мастераар ажиллаж байсныг тус тус тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Наваанцэндийн Батчулууныг Бэрхийн уулын үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүнд механизмын засварчнаар, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүнд механизмын мастераар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ