Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2024/00079

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00068/И

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Э.Мөнхтулгын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Дашнямд холбогдох “гэм хорын хохирол 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад

      

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Миний бие Эрдэнэбаатарын Мөнхтулга нь 2023 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө 01 цагийн үед Л.Дашнямд зодуулж баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд үүдэн баруун 2-р шүдний цогц хэсгийн хугарал, дээд үүдэн шүдний 1-р шүдний хугарал, дээд үүдэн зүүн шүдний сулрал, уруул хэсгийн язрал зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны хэсгийн хазагдсан шарх, баруун шуу, тохой, духны баруун хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан. Л.Дашням 5,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн сар бүр 500,000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж дуусгахаар тохирсон. 12 сард 500,000 төгрөг шилжүүлсэн, түүнээс хойш төлөөгүй учир шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Иймд гэм хорын хохирол 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.    

 

Хариуцагч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дашням шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Л.Дашням нь одоогоор ажилгүй байгаа тул ажилд орохоороо Э.Мөнхтулгад өгөх мөнгийг төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Мөнхтулга нь хариуцагч Л.Дашнямд холбогдуулж “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.гэж заасан байна.

3.Хариуцагч Л.Дашням нь хохирогч Э.Мөнхтулгын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч Э.Мөнхтулгын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Л.Дашням арилгах үүрэгтэй байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Дашням нь нэхэмжлэлийн шаардлага болох  4,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

5.Хариуцагч Л.Дашням нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч Э.Мөнхтулгын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

7.Нэхэмжлэгч Э.Мөнхтулгын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Дашнямд холбогдох иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” буюу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамж 43,475 төгрөгийг хариуцагч Л.Дашнямаас гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Мөнхтулгын нэхэмжилсэн 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч Л.Дашням нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхтулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Дашнямаас улсын тэмдэгтийн хураамжид 43,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Дашням нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ