Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2024/00082

 

 

 

 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00074/И

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Иргэн Лхагваа овогтой Батчоож, Банзай овогтой Эрдэнэбаяр  нар нь 2022 оны 08 сарын 19-ний өдөр ВишнФанд ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10616196 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээлийг Хэрэглээ /Өрхийн ахуй сайжруулах зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3,95 %-н хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн төлбөрөө төлж байгаад төлөхөө больсон. 2023 оны 11 сарын 21-с хойш огт зээлийн эргэн төлөлт ороогүй. Зээлдэгч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,316,965 төгрөг, зээлийн хүү 261,261 төгрөг, хуримтлагдсан хүү 15,393 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг, нийт 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөг төлөх төлбөртэй.

Вишнфанд ББСБ" ХХК нь зээлдэгч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нарт зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байна.

Иймд дугаар 10616196 тоот зээлийн гэрээний гэрээ цуцлах заалт болох 5.1.3, 5.14-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,316,965 төгрөг, зээлийн хүү 261,261 төгрөг, хуримтлагдсан хүү 15,393 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг нийт 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Боржигин овогт Лхагваагийн Батчоож шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие Л.Батчоож нь “Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 1,609,619 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сарын 200,000 төгрөгөөр төлж дуусгана. Б.Эрдэнэбаяр ээжтэй маань сүүлд суусан хүн. Энэ хүнд хамаарахгүй. Л.Батчоож миний бие өөрийн биеэр сард төлж дуусгана.” гэжээ.

Хариуцагч Сүх овогт Банзайн Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Банзай овогтой Эрдэнэбаяр миний бие хамтран зээлсэн мөнгийг төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/10616196 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн үндсэн төлбөр 1,316,965 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 261,261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,393 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг, нийт 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,609,619 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,609,619 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,710 төгрөгийн тал хувь болох 20,355 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,355 төгрөгийг, хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нараас улсын тэмдэгтийн хураамж 20,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,609,619 (нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун арван есөн) төгрөгийг хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,710 төгрөгийн тал хувь болох 20,355 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,355 төгрөгийг, хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нараас улсын тэмдэгтийн хураамж 20,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Батчоож, Б.Эрдэнэбаяр нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ