Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00075/И |
Дугаар | 157/ШШ2024/00083 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2024/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00075/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 02-04 тоотод оршин суух ЖЮ89061414 регистрийн дугаартай Долоод овогт Болдбаатарын Энхбаатарын нэхэмжлэлтэй
-“иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулах" тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Нэхэмжлэгч Б.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Энхбаатар миний бие Т.*******д экскаваторын оператораар ажиллуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цалингийн урьдчилгаа болгож 1,404,000 төгрөг 5077314241 Т.*******ын дансанд шилжүүлж өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр экскаваторын урд талын цонх хагалж, ажиллаагүй. Чойроос эхнэр ирсэн Бор-Өндөр сумын төвд буудалд хоноод 10-ны өдөр ирье гэж худал хэлээд зугтаасан. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 99216857 гэх өөрийн дугаараас ярьж ажиллахгүй гэх зүйл хэлсэн. Т.*******ын гэрийн хаяг, оршин суугаа газрыг мэдэхгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УЗ93052537 регистрийн дугаартай Дааган овогт Түвшинтөгсийн *******тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу 10 хоногийн ажлын хөлс 1,404,000 төгрөгийг Т.*******д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,404,000 төгрөг аваад ажлаа хийхгүй явсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир УЗ93052537 регистрийн дугаартай Дааган овогт Түвшинтөгсийн *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч Б.Энхбаатараас Т.*******ын фото зураг, экскаваторын фото зураг /хх-н 4/, нэхэмжлэгч Б.Энхбаатар нь хариуцагч Т.*******д 10 хоногийн ажлын хөлс 1,404,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн баримт /хх-н 5/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Энхбаатар нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,
-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Б.Энхбаатар нь “...иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УЗ93052537 регистрийн дугаартай Дааган овогт Түвшинтөгсийн *******тай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож байгуулсан байна.
Уг гэрээний дагуу 10 хоногийн ажлын хөлс 1,404,000 төгрөгийг Т.*******д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,404,000 төгрөг аваад ажлаа хийхгүй явсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Т.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УЗ93052537 регистрийн дугаартай Дааган овогт Түвшинтөгсийн ******* нь нэхэмжлэгч Б.Энхбаатартай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1,404,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул Т.*******ыг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлыг хийгээгүй, ажлын хөлсийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Т.******* гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн, Т.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Т.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Т.******* нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхт 27 дугаар гудамж 500 тоотод оршин сууж байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.
5.Иймд нэхэмжлэгч Б.Энхбаатарын “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УЗ93052537 регистрийн дугаартай Дааган овогт Түвшинтөгсийн *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхт 27 дугаар гудамж 500 тоотод оршин сууж байсан, 9921-6857 дугаарын холбоо барих утастай байсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ