| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/0171/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/178 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ШЦТ/178
2026 3 31 2026/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б.Э-т холбогдох эрүүгийн 2634******дугаартай 1 хавтас хэргийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Э нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн 00-00 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогджээ.
Энэ нь эрүүгийн 2634******дугаартай хэрэгт авагдсан:
Шүүгдэгч Б.Э-ын өгсөн: “Би 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын ажилчдын цасны баярт оролцоод тэмцээнд ороод түрүүлсэн. Тэгээд ажлынхантайгаа ARKHI гэх бичиглэлтэй 0.75 литрийн савлагаатай архи 2 шилийг уугаад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрт байсан 1 литр орчим ингэний хоормогийг уучхаад гэрээсээ найзындаа очих гээд Тоёота Приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан. Тэгээд явж байх замд гандангийн орчим явж байх үед цагдаа зогсоогоод үлээлгэж шалгахад 2.19% байсан. Би урьд өдөр нь шарга морьтод хамт олноороо ARKHI гэх бичиглэлтэй 0.75 литрийн савлагаатай архи 2 шилийг уусан бөгөөд маргааш нь уусан юм гараагүй байх үедээ дахин 1 литр орчим ингэний хоормог уусан. Би Солонго сургуулиас Гандан хүртэл жолоо барьсан ойролцоогоор 800-900 метр газар жолоо барьсан. Би 2026 оны 6 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
“Би тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг Өлзийт суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хөдөө мал дээр өнгөрөөсөн. Баянхонгор аймаг Өлзийт сумын ЕБС-д 1997 онд элсэж ороод 2007 онд амжилттай төгссөн. 2008-2009 оны хооронд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хаасан. 2010-2012 оны хооронд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид гэрээт цэргийн алба хаасан. Тус ангидаа дэд ахлагч цол аваад 2022 оны хүртэл хугацаанд ажилласан. 2022 онд Төв аймгийн Хуурай Замын Цэргийн Командлалд ирээд одоог хүртэл ажиллаж байна. Ам бүл 7-уулаа бөгөөд эхнэр 4 хүүхэд хадам ээжийн хамт амьдардаг. Манай гэр бүлийнхэн Баянхонгор аймаг Өлзийт сумын нутагт амьдардаг би өөрөө Төв аймаг Номт 1 дүгээр багийн 5 дугаар байрны 5 тоотод амьдарч байгаа. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж ярьх зүйл байхгүй. Би өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2025 оны 6 дугаар сард архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 75/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
2026 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай" эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 3/,
2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-ийн ар/,
драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг, баталгаажуулалтын хуудас /хх-ийн 5-6/
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны 11792 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 23-25/,
Төв аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Э нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2634******дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6.Шүүгдэгч Б.Э-т шүүхээс оногдуулсан торгох болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ