Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00084/И |
Дугаар | 157/ШШ2024/00091 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00084/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороолол 3-305 тоотод оршин суух ******* регистрийн Дөрвөд далай хаан овогт ******* ******* нэхэмжлэлтэй “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэгийг эрэн сурвалжлуулах" тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Нэхэмжлэгч Д.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь А.Наранцэцэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мал мах худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 хоног тутамд тооцоо нийлж байхаар тохиролцсон. Зээлийн гэрээн дээр нь өөрийнх нь амаар хэлснээр Улаанбаатарт оршин суудаг гэсэн боловч хур системээс авсан хаягаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг Баян Ханы 2-181 тоот гэж гарч ирсэн. Өөрийнх нь 80381708 дугаар авдаггүй. Иргэн миний хувьд А.*******олж авахад хүндрэлтэй байдал үүссэн. А.Наранцэцэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж надаас мах авсан. Бидний хоорондох наймаа хэлцэл тухайн орон нутагт болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.
А.Наранцэцэг нь 2,673,600 төгрөг буюу 445.6 кг махыг 6000 төгрөгөөр тооцож авсан боловч одоо хүртэл ямар нэгэн тооцоо хийгээгүй болно. Удаа дараа худлаа ярьж байгаад миний итгэлийг далимдуулан намайг хохироосон болно.
Иймд хариуцагчийн одоо оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир МЖ91042101 регистрийн дугаартай Тайж овогт ******* Наранцэцэгийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч Д.Нансалмаагаас 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 2,673,600 төгрөгийн зарлагын баримт, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэгийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,
-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,
-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь “...иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр малын мах худалдах-худалдан авах гэрээг амаар тохиролцож байгуулсан байна.
Уг гэрээний дагуу 2,673,600 төгрөгийн үнэтэй 445,6 кг махыг А.Наранцэцэгт 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн. А.Наранцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д.Нансалмаагаас мах хүлээж аваад одоо болтол төлбөрийг төлөөгүй байгаа учир А.*******эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэг нь нэхэмжлэгч Д.Нансалмаатай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул А.*******шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
А.Наранцэцэг нь гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн, А.Наранцэцэг нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл А.Наранцэцэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
5.Иймд нэхэмжлэгч Д.******* “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЖ91042101 регистрийн дугаартай Тайж овогт ******* *******эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Наранцэцэг нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчид гудамж 679Б тоотод оршин сууж байсан, 8038-1708 дугаарын холбоо барих утастай байсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ