Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ШЦТ/177

 

                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

 

 

 

 2026           3            31                                                    2026/ШЦТ/177

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.А.Б-д холбогдох эрүүгийн 2634**** дугаартай 1 хавтас хэргийг 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Говь-Алтай аймаг Сум дундын шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хонгийн хугацаагаар хорих ялаар,

2.Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

3.Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.А.Б, ******** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж "Х.Соната-7" маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үед цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлж холбогдогчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тогтоохоор регистрийн дугаарыг асуух үед өөрийн төрсөн ах А.Б регистрийн дугаарыг бүртгүүлсэн буюу зөвшөөрөлгүйгээр задруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2634******* дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч А.Баасанцэрэнгийн өгсөн: “Би А.Б гэх хүнийг танина. А.Б бид хоёр нь төрсөн ах дүү байгаа юм. Х.Сонота-7 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэрийн нэр дээр эзэмшилтэй байдаг. Тэгээд 2025 оны намар сар, өдрийг нь санахгүй байна манай эхнэр рүү цагдаагийн алба хаагч залгаад "танай нөхөр чинь Төв аймагт явж байгаад согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаад алга болчихлоо" гэж ярьсан байсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62, 82/,

Шүүгдэгч А.Б-ийн өгсөн: “Би тогтоолыг ойлгосон. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Төв аймгийн Сэргэлэн сумын төмөр замын засварын ажилд ажиллаж байсан. Тэгээд манай ажлынхан Сэргэлэнгээс ирсэн. Хамт ажиллаж байсан залуу болох Ууганбаярын тамганы найранд орой ажил буугаад буюу 17 цагийн үед очоод тэнд найран дээр айраг л их уусан. Тэгээд найраас орой 23 цагийн үед Зуунмод сумын нутаг дэвсгэрт болох CU дэлгүүрийн баруун талд хүргүүлээд тухайн үед ажлын залуу болох Нямбаатарыг хүргэж цагдаа нар зогсоож шалгасан. Цагдаагийн газар ирж согтолтын зэрэг шалгуулах үед 1,87% согтолттой байсан. Ганбаатарын Нямгаравын эзэмшлийн Саарал өнгийн Х.Сонота-7 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5-6 метр газар жолоодсон байх. Тухайн үед машинаа асаагаад хойшоо ухрах үйлдэл хийгээд урагшаа хөдлөх гэхэд цагдаа зогсоосон. Тухайн үед машин дотор төрсөн ах болох А.Баасанцэрэнгийн гадаад паспорт явж байхаар нь сандарсандаа тэрийг хэлчихсэн. Өмнө нь ашиглаж байгаагүй. Регистрийг нь ч мэддэггүй байсан. Би өмнө нь 2024 оны 9 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1755 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-35/,

2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай" эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 18/,

2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-ын ар/,

драгер багаж үлээлгэсэн гэрэл зураг, баталгаажуулалтын хуудас /хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Төмөр замын засварын ажилд ажиллаж байхдаа хамт ажилладаг Ууганбаярын тамганы найранд очиж айраг уусан байхдаа Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байх CU дэлгүүрийн хажуу байх Х.Сонота-7 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хүргүүлэн тухайн тээврийн хэрэгслээр хүн хүргэж өгөхөөр хөдлөхдөө цагдаагийн алба хаагчид шалгуулж 1,87 %-ийн согтолттой гарч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгахад өөрийн төрсөн ах А.Б-н регистрийн дугаарыг  хэлсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11-т заасан "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжгүй бусад мэдээллийг" ойлгохоор хуульчилсан байна.

 

Бусдын регистрийн дугаар дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний шууд болон шууд бусаар тодорхойлох мэдээлэлд хамаарах тул шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэл Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч А.Б нь өмнө нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, модны хоёрын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №1755 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 400 000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн болох нь шийтгэврийн хуулбараар /хх-ийн 34-35/ тогтоогдсон.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан 1 жилийн хугацаа нь дуусаагүй байхдаа буюу 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 1,87% согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

"Согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль эсхүл, цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг;

 

"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг;

 

"Тээврийн хэрэгслээ жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг; ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Иймд шүүгдэгч А.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын эзэмшлийн "Х.Соната-7" маркийн 00-00 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.",

Замын хөдөлгөөнд оролцож байх үед цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлж холбогдогчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тогтоохоор регистрийн дугаарыг асуух үед өөрийн төрсөн ах А.Б-н регистрийн дугаарыг бүртгүүлсэн буюу зөвшөөрөлгүйгээр задруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчийн нэр хүндэд бусад байдлаар хор уршиг учруулсан байхыг шаардана гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй" гэж үзэн дээрх зүйл хэсэгтэй маргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

            Өөрөөр хэлбэл "Хувь хүний нууцыг задруулах" гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувь хүний хуулиар хамгаалагдсан хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг бичлэг, бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст ярих, мэдээлэх, үзүүлэх, харуулах, хэвлэл мэдээлэл болон бусад олон нийтийн сүлжээгээр мэдээлэх байдлаар тараасан байхыг ойлгох ба заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 350 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт торгох ялыг 4 350 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.",

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа “Тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ 1.63 бүхэлтэй байсныг харгалзаж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж өгнө үү. Мөн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.”,

            Шүүгдэгч А.Б “Дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Торгож өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан байна. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд: Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан талаарх Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан авсан лавлагаа, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх 37-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 91-94, 95-97, 98-99/ зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн гэмт буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялуудыг нэмж нэгтгэн торгох ялын нийт хэмжээг 4 350 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн 2634******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2.Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 000 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 350 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 4 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 350 000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 4 350 000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

    7.Шүүгдэгч А.Б-д шүүхээс оногдуулсан торгох болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             8.Эрүүгийн 2634******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ