Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан  тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч : Увс аймгийн Улаангом сумын 5-р багт оршин суух “Баян хангай1” нөхөрлөлийн ахлагч  Борлууд овогт Чимэдийн Батзулын гомдолтой,

Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-д холбогдох,

            Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-ын  2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Б нь тус шүүхэд  Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  гомдол гаргасан.

2. Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаар шийтгэлийн хуудсаар  “Баянхангай 1” нөхөрлөлийн гишүүдийг Газрын хэвлийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч “Баянхангай 1” нөхөрлөлд 1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо : “ Миний бие Ч.Б бичил уурхай эрхлэхээр Тариалан сумын Бор хавцал гэх газарт бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлохоор 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр очсон боловч бидний өмнө нь хэрэглэж байсан ажлын багаж болох өргөгч тайл, банз зэргийг 2018 онд малтагдсан хуучин нүхэнд хийсэн байсан. Иймд багаж хэрэгслээ гаргаж авсан юм. Уг нүх булагдаагүй заасан талбайн гадна байсан тул намайг цагдаагийн байцаагч Чимэд-Очир хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав дуудаж нөхөрлөл нэрээр 1500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нөхөрлөл байгуулж тамга, тэмдэг авч байгаагүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 4. Гомдол гаргагч “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа : Би 2023 онд Бор хавцал гэдэг газар очиж үйл ажиллагаа явуулах гэхэд Тариалан сумаас нөхөрлөл байгуулсны дараа зөвшөөрөл олгоно гэж хэлсэн. Үүний дагуу 15 хүн олж авч бүртгүүлэх гэсэн боловч нөхөрлөл нь өөрийн нэр, тамга тэмдэгтэй байх ёстой гэж хэлсэн. Ийм учраас Баянхангай гэдэг нэр өгөөд тухайн газар луу явсан. Урьд нь 2019 онд ажиллаж байсан газар дээрээ очиход нүх нь булагдаагүй байсан. Тухайн нүхэнд машинд багтахгүй үлдсэн банз, өргөгч тайл, дээвэр туургаа хийчихсэн байсан. 2023 оны 2 сарын 01-ний өдөр очиж нөгөө нүхнээсээ хийсэн эд зүйлээ гаргаж авсан. Энэ нүх нь бид нарт зааж өгсөн газраас 65 метр зайтай байсан. Нүхэнд хийсэн зүйлээ гаргаж авснаас хойш уг газарт дахин ажил хийгээгүй байхад намайг ажиллаж байна гэж хардаж цагдаа ирж миний багажуудыг хурааж авсан. Би араас нь ирээд багажаа авъя гэхэд зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий ашигласан гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс болон би цагдаад байцаалт өгөхөд хуучин малтчихсан байсан нүх рүү машин багтахгүй үлдсэн ачаагаа хийчхээд гаргаж авсан гэж хэлсэн. Намайг цагдаагаас дуудаж байна гэж хэлэхэд явж очиход байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 1.500.000 төгрөгийн торгууль бичсэн байсан. Яагаад торгож байгаа юм бэ гэж асуухад таныг газрын хэвлийд халдсан гэж үзэж хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэхэд аж ахуйн нэгж байгууллагын хувиар биш хувь хүн гэдгээр нь тооцож арга хэмжээ авч болохгүй юм уу гэж хэлсэн. Нөхөрлөл байгуулсан боловч надад тамга тэмдэг нь байхгүй. Анх Бор хавцал руу очиж ажиллана гэхэд нөхөрлөл байгуул гэж хэлэхэд аж ахуйн нэгжийн тамга тэмдэггүй, зөвхөн Баянхангай гэдэг нэр өгсөн. Тариалан сумын орон нутгийн дансанд 1.100.000 төгрөг тушаачхаад Бор хавцалд очсон. 2 дугаар сарын 01-ний өдөр очоод мөн сарын 04-ний өдөр буцаж ирсэн. Үүнээс хойш дахиж очоогүй. Улсын байцаагчийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаагч нь тухайн нүхийг метрээр хэмжиж үзсэн. Тухайн нүхийг анх 33 метр ухсан. Олс оруулаад хэмжиж үзэхэд газрын гадаргаас доошоо 28 метр болчихсон байсан. Тэр нүхнээс зөвхөн хийсэн зүйлээ гаргаж авсан. Хэрэв малтаагүй нүх байсан бол 2 хоногийн дотор 28 метр ухаж орох боломжгүй. Ийм  учраас шүүхэд гомдол гаргасан. Би хариуцагчийн гаргасан тайлбарыг уншиж танилцсан. Тухайн газар нь хэвийн буюу ямар нэгэн байдлаар шороонд булагдсан нөхцөл байдалтай байгаагүй. Малтчихсан нүх рүү хийчихсэн байсан зүйлээ гаргаж авсан. Миний гаргасан зөрчил бол ийм л зүйл болсон. Надад оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд урьд өмнө нь малтагдсан нүх байсан гэдгийг байцаагч нар очиж зураг дарж баталгаажуулсан. Хоёр хоногийн дотор малтах боломжгүй, уг газар нь тусгаарлагдсан газраас зайтай, эрт малтагдсан нүх” гэжээ.

5. Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.Сэнгэжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д “ хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

Иргэний тухай хуулийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлан хөрөнгөтэй, өөрийн нэрээр олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ ” гэж заасан.

Мөн хуулийн 481.1-д “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно” гэсэн.

Эдгээрээс гадна Монгол улсын Засгийн газрын 2022 оны 08  дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.4-д “Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгүүлээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын  03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам “ батлагдсан. Энэ журмын 2.5-д “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна.” гэсний дагуу “Баян хангай-1” бүртгэгдээгүй нөхөрлөл нь хуулийн этгээдийг төлөөлж, нөхөрлөлийн ахлагч иргэн Ч.Б тус гэрээг байгуулсан бөгөөд нөхөрлөлийн гишүүд хуулийн этгээдийг төлөөлж үйл ажиллагаа явуулсан байна. Уг журмын 1.4-д “Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд мөн хуулийн 481.1-д заасан бүртгүүлээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна.” гэж заасан. Эндээс үзэхэд тухайн сум, дүүргийн Засаг дарга нь иргэнтэй гэрээ байгуулна гэж заагаагүй байна.

Нөгөө талаас Иргэний хуулийн 25.1-д заасан хуулийн этгээдийн тодорхойлолтоор “ ... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, ... хариуцагч байж чадах,” гэж тодорхойлсноос үзэхэд “Баян хангай-1” гэсэн нэрээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах эрх олж авсан, мөн тодорхой үүрэг хүлээсэн, нийгмийн өмнө хариуцагч болж чадсан гэж үзэж байна.

Иймээс “Баян хангай-1” нөхөрлөлийг хуулийн этгээд гэж үзэх үндэслэлтэй хэмээн хуулийн этгээдээр шийтгэл оногдуулсан болно” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  “Баян хангай-1” нөхөрлөлийн ахлагч  Ч.Б нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг шүүхэд ирүүлжээ.

           2. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагчийн  тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч  Ч.Бын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. “Баян хангай-1” нөхөрлөлийн ахлагч  Ч.Б “2018 онд малтагдсан хуучин нүхэнд ажлын багаж болох өргөгч тайл, банз зэргийг хийсэн байсныг гарган авсан, би нөхөрлөл  байгуулж, тамга тэмдэг аваагүй байхад нөхөрлөл нэрээр 1500000 төгрөгийн  шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй ” гэж улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хариуцагч байгаль орчны хяналтын  улсын байцаагч  “ахлагч Ч.Б нь “Баянхангай 1” нөхөрлөлийг төлөөлж Тариалан сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан,энэхүү  гэрээгээр эрх олж авч үүрэг хүлээсэн, нийгмийн өмнө хариуцагч болж чадсан” гэж тайлбарлан гомдлын шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

5. Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Чимэд-Очир  2023 соны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа нөхөрлөлүүдээс нэр бүхий нөхөрлөл дүгнэлтээр олгогдсон талбайн гадна олборлолт явуулсан байж болзошгүй” гэх гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.  Улмаар гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг  баримтуудаар “Баянхангай 1” нөхөрлөл нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зорилготойгоор бус тухайн газраас багаж хэрэгсэл авах зорилгоор газрын хэвлийд халдсан нь гэмт хэргийн шинжгүй боловч Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд 233500023 дугаартай хэргийг хаах саналыг Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлжээ.

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 17 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан ба   мөн өдрийн 2 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  хяналтын улсын байцаагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.    

7.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан зөрчлийг  шалган шийдвэрлэх эрхтэй.

 2023 оны 04 сарын 18-ны өдөр хариуцагч  байгаль орчны хяналтын улсын байцаагч прокурорын тогтоолыг үндэслэн  холбогдогч “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Баас  мэдүүлэг авсан байх ба  тэрээр зөвшөөрөлгүй газрын хэвлий дур мэдэн ашигласан үйлдлээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн төлбөрийг хэсэгчлэн төлөх зохицуулалт хийж  өгөхийг хүсжээ. Уг хүсэлтийг үндэслэн  улсын байцаагч зөрчлийг  хялбаршуулсан журмаар  шийдвэрлэсэн  нь   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Зөрчлийн тухай хуулийн  7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох”-оор заажээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох”  журам  батлагдсан. Уг журмын 2.5-т Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна” гэж, мөн журмын 1.4-т “Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 53.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна”  гэж  заажээ.

9. 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн   нөхөрлөлийн гэрээгээр 9 гишүүнтэй  “Баянхангай 1” нөхөрлөл үүсгэн байгуулагдсан ба нөхөрлөлийн ахлагч Ч.Б нь   2023 оны 01 сарын 25-ны өдөр  Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргал, Увс аймгийн бичил уурхайчдын нэгдсэн холбооны захирал Ч.Батсүх нартай харилцан тохиролцож бичил уурхайгаар олборлох гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр тус нөхөрлөл нь  Тариалан сумын “Бор хавцал” нэртэй газарт орших талбайд 3 сарын хугацаагаар алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болж, мөн гэрээнд заасан газар үйл ажиллагаа явуулах үүргийг хүлээсэн байна.

 Бичил уурхайгаар олборлох гэрээний 7.5-д Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс гаргасан дүгнэлттэй талбайн гадна зөвшөөрөлгүй шруф малтсан /газрын хэвлий ашигласан/ тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахаар хариуцлагын асуудлыг давхар  тусгаж өгсөн байна.  “Баянхангай 1” нөхөрлөлийн хувьд зөвшөөрөл олгосон дүгнэлттэй  талбайгаас  гадна зөвшөөрөлгүй газрын хэвлий дур мэдэн ашигласан нь зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болжээ. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

10. Иймээс дээрх үндэслэлүүдээр  гомдол гаргагч “Баян хангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Бын “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дэх хэсэгт  заасан  гомдлоор үүсэх хэрэг, маргаан  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул  “Баян хангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Бын гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасныг тус тус  баримтлан гомдол гаргагч “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Бын “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч Д.С-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0613601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1 дүгээр зүйлийн 41.1.2, 41.1.5  дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч “Баянхангай 1” нөхөрлөлийн ахлагч Ч.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ОЮУНГЭРЭЛ