Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 157/ШШ2024/00096

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ                                                                                   татгалзсаныг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00062

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Түвшинбаатарт холбогдох “хүүхдийн эцэг тогтоолгох, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жагарванчингийн Мөнхцэцэг миний бие 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Балжиннямын Түвшинбаатартай гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр нь энэ хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр том хүү Энхтэмүүлэн, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр том охин Энх-Учрал, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бага охин Цэлмүүн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бага хүү Тэнүүн нарыгаа төрүүлсэн.2011 онд охин Энх-Учралыг төрүүлсэн үеэс эхлэн нөхөр Түвшинбаатарын хардалт даамжирсаар Энх-Учралыг өөрийн төрсөн охин биш гэж намайг элдвээр хэлж хардаж сэрдэж өдийг хүрсэн. Энэ байдал нь одоо ч хүртэл надад сэтгэл зүйн хувьд асар их дарамт болж, ажлын их ачааллын хажуугаар тайван амьдрах боломжгүйд хүрээд байна. Миний хувьд ханьтайгаа гэрлэсэн цагаасаа хойш ганц ч удаа өөр хүнтэй холбогдож байгаагүй, миний гэр орон ахан дүүст ч тийм буруу зөрүү амьдралтай хүмүүс байдаггүй тул ийм худал гүтгэлгэнд өртөж байгаадаа үнэхээр их гомдож байна. Энэхүү хардалт сэрдэлт худал хуурмаг гүтгэлэг нь хэрээс хэтэрч хэцүү байдалтай байсан тул нөхрийнхөө хүсэлтээр Улаанбаатар хотод 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ган ДНХ Сан лабораторид очиж охинтойгоо хамт гурвуулаа эцэг тогтоох шинжилгээ өгөхөд хариу нь 99 %-тай гарц эцэг мөн болох нь тогтоогдсон. Гэтэл нөхөр маань намайг энэ лабораторитой хуйвалдаж шинжилгээний хариуг өөрийн талд гаргуулсан гэж мөн худал сэрдэж гүтгэсэн тул би өөрийнхөө хүсэлтээр албан ёсны шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж дахин эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэх гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Өсвөр насны охин хүүхэд маань бидний энэ үйл ойлголцлоос болж янз бүрийн асуудалд өртөж, сэтгэл санааны хүнд байдалд орж аавдаа гомдож, аавдаа сэтгэл дундуур явдаг болж амьдралдаа хар толбо үлдээчхвий гэж миний сэтгэл эмзэглэж байгаа ч дээрх шалтгааны улмаас өөрийн нэр хүндийг сэргээлгэхийн тулд энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр танай байгууллагад хандаж байна. Миний хувьд хийсэн гэм, худал хуурмаг явдал огт байхгүй тул энэ шинжилгээг хэзээ ч, хаана ч, ямар ч үед хэдэн ч удаа өгсөн айж эмээх зүйлгүй нүүр бардам байна.

Иймд миний хүсэлтийг хүлээн авч эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэж, нэр төрийг минь сэргээж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч Б.Түвшинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Түвшинбаатар миний бие шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Маргах зүйл байхгүй. Эхнэр Ж.Мөнхцэцэг бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж.Мөнхцэцэг миний бие 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн. Тус шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Том охин Т.Энх-Учралын төрсөн эцэг нь Б.Түвшинбаатар мөн болох нь тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэр төр сэргээлгэх болон хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нөхөр бид хоёр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь хариуцагч Б.Түвшинбаатарт холбогдуулж “хүүхдийн эцэг тогтоолгох, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2428 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Түвшинбаатар нь Т.Энх-Учралын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна.” гэжээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох “хүүхдийн эцэг тогтоолгох, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна. 

 

5.Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох “хүүхдийн эцэг тогтоолгох, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан хэдий ч гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргах эрхтэй бөгөөд шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нэхэмжлэлтэй хариуцагч Б.Түвшинбаатарт холбогдох “хүүхдийн эцэг тогтоолгох, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг, хариуцагч Б.Түвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгт олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ