Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2024/00104

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00089

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Болорчимэгт холбогдох “1,694,577.45 (нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Болорчимэг нь манай компанитай 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр L15700180 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж Аппликейшн дээр харилцагчийг үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Э.Болорчимэгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7703041047 дугаартай зээлийн дансанд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 779,000 (долоон зуун далан есөн мянган төгрөг), 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 65,550 (жаран таван мянга таван зуун тавин төгрөг), 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 156,098 (нэг зуун тавин зургаан мянга ерэн найман төгрөг) -ийн зээлийн олголтыг хийсэн.

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Э.Болорчимэг нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 779,000 (долоон зуун далан есөн мянган төгрөг)-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 65,550 (жаран таван мянга таван зуун тавин төгрөг)-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 156,098 (нэг зуун тавин зургаан мянга ерэн найман) төгрөгийн зээлийн хугацааг 90 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.

Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

 

1.2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 779,000 (долоон зуун далан есөн мянган төгрөг)-ийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 779,000 (долоон зуун далан есөн мянган төгрөг) төгрөг

- Шимтгэл: 37,700 (гучин долоон мянга долоон зуун төгрөг) төгрөг

- Үндсэн хүү: 488,529.05 (дөрвөн зуун наян найман мянга таван зуун хорин есөн төгрөг таван мөнгө) төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 97,705.80 (ерэн долоон мянга долоон зуун таван төгрөг наян мөнгө) төгрөг

-Нийт: 1,402,934.85 (нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг наян таван мөнгө) төгрөг

 

2. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65,550 (жаран таван мянга таван зуун тавин төгрөг)-ийн зээлийн үлдэгдэл нь:

-Үндсэн зээл: 32,775 (гучин хоёр мянга долоон зуун далан таван төгрөг) төгрөг

-Шимтгэл: 0 төгрөг

-Үндсэн хүү: 20,855.68 (хорин мянга найман зуун тавин таван төгрөг жаран найман мөнгө) төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 4,171.14 (дөрвөн мянга нэг зуун далан нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг

- Нийт: 57,801.82 (тавин долоон мянга найман зуун нэг төгрөг наян хоёр мөнгө) төгрөг

 

3. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 156,098 (нэг зуун тавин зургаан мянга ерэн найман төгрөг)-ийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 129,969.22 (нэг зуун хорин есөн мянга есөн зуун жаран есөн төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг

- Шимтгэл: О төгрөг

- Үндсэн хүү: 81,058.05 (наян нэгэн мянга тавин найман төгрөг таван мөнгө) төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 15,313.52 (арван таван мянга гурван зуун арван гурван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг

- Нийт: 226,340.79 (хоёр зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин төгрөг далан есөн мөнгө) төгрөг

 

4.Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 (долоон мянга таван зуун төгрөг) үүнд нотариатын зардал болно.

Иймд хариуцагч Э.Болорчимэгээс нийт 1,694.577.45 (нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Говх овогт Энхтайваны Болорчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Э.Болорчимэг нь дээр дурдагдсан зээлүүдээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд сар болгон 100,000 төгрөг төлөөд дуусгана. Өмнөх жилд ажилгүй байсан тул төлөх боломжгүй байна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Болорчимэгт холбогдох “1,694.577.45 (нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК, хариуцагч Э.Болорчимэг нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №215700180 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,1,694,577.45 (нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Болорчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,694,577.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Э.Болорчимэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,694,577.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,063 төгрөгийн тал хувь болох 21,031 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,031 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 21,031 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “1,694,577.45 (нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга таван зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Болорчимэг нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,063 төгрөгийн тал хувь болох 21,031 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,031 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 21,031 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Болорчимэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ