Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/200

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 2026           4            14                                                   2026/ШЦТ/200

                                                                                                                         

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шинжээч И.Б, Т.А /онлайнаар/,

Хохирогч У.М Б.З, О.О тэдгээрийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Н.Батцэнгэл,

Шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О.Л-д холбогдох эрүүгийн 2434****** дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагынЗО арга хэмжээ авагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.О, 88888 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Л нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн замын 123 дахь километрын шонгийн асфальтан замд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэд Toyota prius-41 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-р заалт буюу "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчиж, эсрэг урсгал руу шууд эргэсний улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлд зорчиж явсан "Mistibushi autolander" маркийн 00-00 ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.М түүнийг тойрч гарах үйлдэл хийх үедээ эсрэг урсгал руу орж "Toyota allion" маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, "Mistibushi autolander" маркийн 00-00 ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд 9 000 000 төгрөгийн хохирол, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.З, Ш.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол, С.Чийн жолоодож явсан 00-00 ӨӨӨ улсын дугаартай Т.Allion маркийн тээврийн хэрэгсэлд 6 992 100 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч У.М өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 ГГГ улсын дугаартай Мistibusi autolander маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуу талд З, хойд талын суудалд Ш.Д, О нар суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг орох зорилгоор 10 цагийн орчимд хөдлөн Төв аймгийн Лүн сумын Цагдаагийн пост орохын өмнө Мандал цайны газрын орох, гарах гарц дээр миний эсрэг талын урсгалд буюу Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн замд нэг тээврийн хэрэгсэл Мандал цайны газар руу эргэх гээд дохио өгч зогсоод араас нь 3-4 тээврийн хэрэгсэл зогссон байсан. Би өөрийн урсгалаар хажуугаар нь зөрөөд гартал уг 3-4 тээврийн хэрэгслийн араас нэг Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж миний урсгал руу орж ирээд өөдөөс яг мөргөлдөх гэхээр нь би зүүн гар тал руу буюу эсрэг урсгал руу машин байхгүй болохоор нь самбаачлаад жолооны хүрдээ эргүүлж дараад уг Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөөд эсрэг урсгал ортол өөдөөс Аллион маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би 60 км/цаг орчим хурдтай явж байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед намайг цагдаа үлээлгэж согтуурлыг шалгаж эрүүл гэдгийг нотолсон. Би болон З бид хоёр хамгаалалтын бүсийг хэрэглэсэн байсан. Миний хавирга хугарсан байсан. Би гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн хохирлын мөнгө болон эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 хх 56-58, 162-163, 2 хх 1/,

Хохирогч Б.З-ийн өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз М эзэмшлийн 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubushi autolander маркийн тээврийн хэрэгсэлтэй би жолоочийн хажуу талд суугаад, М жолоо бариад, манай ээж Д, үеэл дүү О хоёр хойд талын суудалд суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг орохоор 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос хөдөлсөн. Төв аймгийн Лүн сумын цагдаагийн пост орохын өмнө Мандал цайны газрын орох, гарах гарц дээр эсрэг талын урсгалд буюу Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн урсгалд замд нэг машин Мандал цайны газар руу эргэх гээд дохио өгөөд зогсоод араас нь бас хэдэн машин зогсоод байж байтал хамгийн араас нь нэг машин гэнэт ямар ч дохио өгөөгүй урсгал сөрөөд манай машины өөдөөс чиглэхээр нь М зүүн гар тал руугаа жолоогоо эргүүлээд эсрэг урсгал руу ортол өөдөөс ирж байсан машинтай мөргөлдөөд осол болсон. Ослын дэр задраад түр зуур хэсэг ухаан балартсан. Тэгээд эмнэлэг ирээд ээж Д, дүү О хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Манай машин гулгаа ихтэй тул 80 км/цагаас дээшлүүлж болохгүй гээд удаан явж байсан. Тэр үед эсрэг урсгалд машин ихтэй байсан тул хурдаа сааруулж байсан. Тэгээд манай машин тэр үед 60 км/цагаас бага хурдтай явж байсан. Жолооч М архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. М бид хоёр суудлын бүсийг хэрэглэж байсан. Ээж Д, дүү О хоёр суудлын бүсийг хэрэглээгүй байсан. Миний биеийн баруун, зүүн талын 5,6-р хавирга гэмтэлтэй, нуруу бас гэмтэлтэй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Мөн би ослоос болж 2 сар ажилдаа явж чадаагүй тул түүнийгээ нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 хх 168-169, 2 хх 28/,

Хохирогч Ш.Д-гийн өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubushi autolander маркийн тээврийн хэрэгсэлтэй манай охин З жолоочийн хажуу талд суугаад, найз нь болох М жолоо бариад зээ охин бид хоёр хойд талын суудалд суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг орохоор 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос хөдлөөд Төв аймгийн Лүн сумын цагдаагийн пост орохын өмнө Мандал цайны газрын ойролцоо явж байтал хүхдүүд машин мөргөлөө гээл орилоод унасан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд манай машин нэг машинтай мөргөлдчихсөн манай зээ охин цустайгаа холилдчихсон байж байсан. Тэгээд бид нар Мандал цайны газар руу ороод байж байхад Лүнгийн эмч ирээд зээ охин бид хоёрыг эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед их халтиргаатай байсан тул манай машин их зөөлөн удаан явж байсан. Яг хэдэн км/цаг гэдгийг мэдэхгүй байна. М архи уугаагүй эрүүл байсан. М зээ охин бид хоёрыг суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлж байсан боловч бид хоёр зүүгээгүй явж байсан. З, М нар суудлын бүс зүүсэн байсан. Миний зүүн талын хөлийн өвдөгний үенд гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Бас эмнэлэгт хэвтэхэд хүнээр сахиулах шаардлагатай болсон. Түүнтэй холбоотой гарсан зардал зэргийг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1 хх 174-175, 2 хх 19-20/,

Хохирогч О.О-ын өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 00-00 ГГГ улсын дугаартай Мitsubushi autolander маркийн тээврийн хэрэгсэлтэй З эгч жолоочийн хажуу талд суугаад, найз нь болох М ах жолоо бариад эмээ Ш.Д бид хоёр хойд талын суудалд суугаад Улаанбаатар хотоос Архангай аймаг орохоор 10 цагийн орчимд Улаанбаатар хотоос хөдөлсөн. Төв аймгийн Лүн сумын цагдаагийн пост орохын өмнө Мандал цайны газрын орох гарах гарцан дээр эсрэг талын урсгалд буюу Лүн сумаас Улаанбаатар чиглэлийн урсгалд замд нэг тээврийн хэрэгсэл Мандал цайны газар руу эргэх гээд дохио өгөөд зогсоод араас нь бас хэдэн машин зогсоод байж байтал араас нь нэг машин гэнэт урсгал сөрөөд манай машины өөдөөс чиглэхээр нь М ах зүүн гар тал руугаа жолоогоо эргүүлээд эсрэг урсгал руу ортол нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэг дээр сэргэсэн. Манай машин 60 км/цагаас бага хурдтай явсан. Жолооч М ах эрүүл байсан. М ах, З эгч хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Эмээ Д бид хоёр хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан. Миний толгой, хөл, тагнай, эрүүнд гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1 хх 179-180/,

Хохирогч С.Ч өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот чиглэлд явж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 11 цагийн орчимд хөдөлсөн бөгөөд Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн пост өнгөрөөд Мандал гэх зоогийн газрын гарц хэсэг рүү дөхөж байхад миний урд дөрвөн тээврийн хэрэгсэл цуваанд ороод хурдаа хасаад, удаашраад явж байтал яг миний урд явж байсан өнгө, улсын дугаарыг нь санахгүй байна нэг приус маркийн тээврийн хэрэгсэл гэнэт зоогийн газар руу буюу хойшоо эсрэг эргэтэл эсрэг талын урсгалаас миний өөдөөс нэг машин гэнэт гарч ирээд мөргөчихсөн. Тухайн үед ямар ч самбаачлах боломж гараагүй, маш хурдан болоод өнгөрсөн. Би 5 км/цаг орчим хурдтай явж байсан. Явах зогсох хоёрын хооронд л маш удаан явж байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Миний биед зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Би уг тээврийн хэрэгслийг 2018 онд Улаанбаатар хотоос эхнэрийн хамт худалдаж аваад гэрчилгээг эхнэр Одмандахын нэр дээр гаргуулсан байсан. Тэгээд 2019 онд мөнгөний хэрэг гараад машинаа ломбардад барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл аваад гэрчилгээний нэрийг уг ломбардад шилжүүлсэн байсан. Уг ломбардаас авсан зээлээ 2021 онд бүрэн төлж дуусгасан. Одоо нэрээ л өөр рүүгээ шилжүүлж авч чадаагүй явж байна. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний машин ямар ч засах боломжгүй болтлоо эвдэрсэн тул би тухайн үед Мт уг машиныг өгөөд яг адилхан машиныг авна гэсэн. Зах зээлийн үнэлгээ нь 8 сая төгрөг болсон байсан.” гэх мэдүүлэг /1 хх 50-52, 184-185/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. У.М нь 2024 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 480,000 төгрөгийн үйлчилгээ, Б.З нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 120,000 төгрөгийн үйлчилгээ, О.О нь 2024 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр, 02 сарын 06, 07-ны өдрүүдэд 1,698,000 төгрөгийн үйлчилгээ, Ш.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 27, 28, 29-ний өдөр, 02 сарын 06, 07-ны өдрүүдэд 659,000 төгрөгийн үйлчилгээнүүдийг тус тус авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /2 хх 71-72/,

Шүүгдэгч О.Л-гийн өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг осол болох үед би гарц руу зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийж байхад эсрэг урсгалаас ирж байсан машин зайтай байсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй шороогоороо яваад нөгөө талын гарцаар гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /2 хх 53/,

 

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №00 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Ч биед баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, хэвлийн доод хэсэгт хаван гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, өнгө, шинж байдлаараа авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Тунгалаг таславчийн төрлөхийн уйланхай өвчин тогтоогдлоо. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэжээ /1 хх 65-67/,

 

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №00 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.У.М-ын биед зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /1 хх 197-198/,

 

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн №000 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Зийн биед баруун 5, 6-р хавирга, зүүн талын 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /1 хх 201-202/,

 

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүрс оношилгоо “1.Ш.Д-гийн биед баруун 3,4-р хавирга, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, дух, хоёр нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /1 хх 208-212/,

 

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №000 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүрс оношилгооны хариу: “1.О.О-ын биед дух, ухархай яс, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийн хий, духны хэсгийн тархины эдийн няцралт, зүүн тавхайн 2-р шивнүүр ясны хугарал, дух, нүд, нүүр, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /1 хх 215-221/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт “ 2.У /РД:00000/-ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ /1 хх 248-249/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.О /РД:000000/-ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ /2 хх 6-7/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ш /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ /2 хх 14-16/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №000 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Бямбасүрэнгийн З /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ /2 хх 24-25/,

 

            Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №????? дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Уг зам тээврийн осол гарах гарцыг мэдээллэсэн ямар нэгэн замын тэмдэг байгаагүй нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх магадлалтай байна. 2.Зөрчлийн хэрэгт авагдсан ослын газрын гэрэл зураг, бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, хатуу дискэнд хуулбарласан бичлэгээс дүгнэхэд Toyota Allion маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Зөрчлийн хэрэгт авагдсан ослын газрын гэрэл зураг, бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, хатуу дискт хуулбарласан бичлэгээс дүгнэхэд 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашины жолооч У.М нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4.Зөрчлийн хэрэгт авагдсан ослын газрын гэрэл зураг, бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, хатуу дискэнд хуулбарласан бичлэгээс дүгнэхэд Toyota Prius-41 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5.Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Манлайбаатарын камерын бичлэгт үзлэг хийсэн зохицуулагчийн тэмдэглэл болон хатуу дискэнд хуулбарласан бичлэгээс харахад 2024.01.27-ны өдөр 16 цаг 26 минут 29 секундэд Цайвар өнгийн тээврийн хэрэгсэл гарц уруу гэнэт зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас 2024.01.27-ны өдөр 16 цаг 26 минут 30 секундэд зүүн зүгээс баруун тийш явж байсан тээврийн хэрэгслийн хурд, чиглэл өөрчлөгдөж эсрэг урсгалын эгнээнд орж өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй 2024.01.27-ны өдөр 16 цаг 26 минут 31 секундэд мөргөлдсөн байна. Эдгээрээс үзэхэд Toyota Prius-41 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь аюул, осолтой байдал үүсгэж, МУ-ын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; дагуу хөдөлгөөнд оролцоогүй нөхцөл байдал нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 6.Асуултад дурдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно." гэжээ /1 хх 83-85/,

 

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт: “1.00-00 ӨӨӨ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашины жолооч С. Ч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашины жолооч У.М нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн автомашины жолооч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалт буюу “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 2.Зам тээврийн осол гарахад 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн автомашины жолооч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. 3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 4.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.

Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуултаас: 1.1. Дээрх 3 автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. 1.2. 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн автомашины жолооч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг баримтлан замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үүсэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж, улмаар 00-00 ГГГ улсын дугаартай автомашин эсрэг урсгалд орж 00-00 ӨӨӨ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байна. МУ-ын ЗХД-ээр “Зам тавьж өгөх” гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж заасан байдаг. Жолооч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг зөрчсөнөөс давуу эрх бүхий 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашины чиглэлийг өөрчилсөн байна.” гэжээ /1 хх 229-231/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №0000 /ДД№00000 дугаартай үнэлгээний тайланд: "Toyota Allion маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын шууд зардал 4 815 000 төгрөг, шууд бус зардал 1 170 500 төгрөг, нийт 5 821 600 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 6 992 100 төгрөг." гэжээ,  гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 89-92/,

“Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №00 дугаартай үнэлгээний тайланд: "00-00 ГГГ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын шууд зардал 6 515 000 төгрөг, шууд бус зардал 1 135 000 төгрөг, нийт 7 865 000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 9 000 000 төгрөг." гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 31-35/,

2024.01.27-ны өдрийн 00000 дугаартай зөрчлийн талаар ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 40-46/,

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт бах Мандал зоогийн газрын хяналтын камерын 2024 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хх 122-123/, 

2024.10.04-ний өдрийн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын 2 бичлэгтэй DVD 1 ширхэг /1 хх 155-157/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч О.Л нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн замын 123 дахь километрын шонгийн асфальтан замд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд өөрийн эзэмшлийн Toyota prius-41 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-р заалт буюу "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэснийг зөрчиж эсрэг урсгал руу шууд эргэсний улмаас;

 Улаанбаатараас Өвөрхангай чиглэлд зорчиж явсан "Mistibushi autolander" маркийн 00-00 ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.М түүнийг тойрч гарах үйлдэл хийх үедээ эсрэг урсгал руу орж "Toyota allion" маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж,

 "Mistibushi autolander" маркийн 00-00 ГГГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хохирогч У.М тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.З, Ш.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч О.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол, У.Мын тээврийн хэрэгсэлд 9 000 000 төгрөгийн,  жолооч С.Чийн жолоодож явсан Toyota Allion маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6 992 100 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч О.Л-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэх ойлголтыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.  

 

Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг" гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасны улмаас эсрэг урсгалаас ирж явсан жолооч У.М тойрох үйлдэл хийхдээ эсрэг урсгал руу орж С.Чийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. 

 

Шинжээчийн дүгнэлтээр “Зам тавьж өгөх” гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж заасан байдаг. Жолооч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг зөрчсөнөөс давуу эрх бүхий 00-00 ГГГ улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашины чиглэлийг өөрчилсөн нь шүүгдэгч О.Л нь МУ-ын ЗХД-ийн 10.3-р заалтыг зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотой зам тээврийн ослын шалтгаан болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч О.Л-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.М-ын эрүүл мэндэд зүүн талын 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, түүний тээврийн хэрэгсэлд 9 000 000  төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл,

Хохирогч Б.З-ийн эрүүл мэндэд баруун 5, 6-р хавирга, зүүн талын 5-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл,

Ш.Д-гийн эрүүл мэндэд баруун 3, 4-р хавирга, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, дух, хоёр нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл,

Хохирогч О.О-ын эрүүл мэндэд дух, ухархай яс, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийн хий, духны хэсгийн тархины эдийн няцралт, зүүн тавхайн 2-р шивнүүр ясны хугарал, дух, нүд, нүүр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл,

Хохирогч С.Ч-ийн эрүүл мэндэд баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, хэвлийн доод хэсэгт хаван гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, түүний "Toyota Allion маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6 992 100 төгрөгийн хохирол тус тус учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд болон үнэлгээний тайлангууд авагджээ.

 

Бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд энэ хохирлыг шүүхэд өгсөн баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт хохирогч гэмт хэргийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно." гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн тухайд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх тул,

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.

 

Хохирогч У.М эмчилгээний төлбөртэй холбогдуулан баримт ирүүлээгүй. Түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээний тайлангаар 9 000 000  төгрөг /1 хх 31/ үүн дээр нэмж үнэлгээний хөлс 410 000 төгрөг /1 хх 91/, үнэлгээний хөлс 400 000 төгрөг /2 хх 35/, ачилтын хөлс 800 000 төгрөг /2 хх 38/ нийт 10 610 000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй үзэн үнэлгээний хөлс 410 000 төгрөг, ачилтын хөлс гэх 800 000 төгрөгийн тус тус хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9 000 000 төгрөг дээр үнэлгээний хөлс 35 400 төгрөгийг нийт 9 035 400 төгрөгийг хангаж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4 620 000 төгрөгөөр тооцож хохирогч У.М-т нийт 13 655 400 төгрөг олгож, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага болон хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Хохирогч Б.З нь эмчилгээний төлбөртэй холбогдуулан баримт ирүүлээгүй бөгөөд түүний эрүүл мэндэд баруун 5, 6-р хавирга, зүүн талын 5-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4 620 000 төгрөгийг олгож, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Ш.Д нь эмчилгээний төлбөртэй холбогдуулан баримт ирүүлээгүй бөгөөд түүний эрүүл мэндэд баруун 3, 4-р хавирга, зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, дух, хоёр нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 900 000 төгрөгөөр тооцон олгож, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Хохирогч О.О нь эмчилгээний төлбөртэй холбогдуулан баримт ирүүлээгүй бөгөөд эрүүл мэндэд дух, ухархай яс, суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын хөндийн хий, духны хэсгийн тархины эдийн няцралт, зүүн тавхайн 2-р шивнүүр ясны хугарал, дух, нүд, нүүр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 8 573 400 төгрөг олгож, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Хохирогч С.Ч-ийн эрүүл мэндэд баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, хэвлийн доод хэсэгт хаван гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, түүний "Toyota Allion маркийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6 992 100 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд С.Ч нь эмчилгээний төлбөртэй холбогдуулан  баримтаар ирүүлсэн 260 000 төгрөг /1 хх 82/, түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тайлангаар тогтоосон хэмжээгээр 6 992 100 төгрөгийг /1 хх 90/ тус  тус хангаж нийт 7 252 100 олгож шийдвэрлэв.

 

Хохирогч У.М нь 2024 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 480 000 төгрөгийн үйлчилгээ, Б.З нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 120 000 төгрөгийн үйлчилгээ, О.О нь 2024 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр, 02 сарын 06, 07-ны өдрүүдэд 1 698 000 төгрөгийн үйлчилгээ, Ш.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 27, 28, 29-ний өдөр, 02 сарын 06, 07-ны өдрүүдэд 659 000 төгрөгийн үйлчилгээнүүдийг тус тус авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." гэж зааснаар шүүгдэгч У.М-оос нийт 2 957 000 төгрөг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

           

            Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр хүсэлт гаргаснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг ажлын 5 хоног буюу 2026 оны 4 дүгээр сарын 14-ний 9:00 цаг хүртэл завсарлуулсан.  

 

Шүүгдэгчээс хохирогч нарт төлбөл зохих хохирол төлбөрөөс хохирогч О.О-д 8 573 400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, Ш.Д-д 9 900 000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг, Б.Зт 4 620 000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2 957 000 /хоёр сая есөн зуун тавин долоон мянга/ төгрөг тус тус нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаан ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон.

 

Хохирогч У.М-т төлбөл зохих 13 655 400 төгрөг, хохирогч С.Ч-т төлбөл зохих 7 252 100 төгрөгийг төлөөгүй хэдий ч төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

           Улсын яллагч: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй дэглэмд эдлүүлэх." гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Төсвийн байгууллагад ажилладаг хүний хувьд 40 гаруй сая төгрөг төлөхөд хүнд байсан.  Гэхдээ тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бага насны хүүхэдтэй зэрэг амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү." гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэх,

            Хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна.” гэх,

Шүүгдэгч О.Л “Гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Түргэний тэрэгний жолооч хийдэг. Энэ ажлаа хийж амьдралаа залгуулж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2 хх 74-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 80/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 89-95/ зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч О.Л-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн хэлбэртэй.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт олговол зохих 46 957 900 төгрөгөөс 26 050 400 төгрөгийг нөхөн төлсөн үлдэх 20 907 500 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад цагт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэх саналыг шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

 

  Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Л-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Л-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

   6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-гээс 20 907 500 /хорин сая есөн зуун долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж ********* тоотод оршин суух хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У. М /РД:88888/-д 13 655 400 /арван гурван сая зургаан зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөг, ********* тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Х.С /РД:8888888/-д 7 252 100 /долоон сая хоёр зуун тавин хоёр мянга нэг зуу/ төгрөг тус тус олгосугай.

 

   7.Шүүгдэгч О.Л нь хохирогч О.О-д 8 573 400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, Ш.Д-д 9 900 000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг, Б.З-т 4 620 000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2 957 000 /хоёр сая есөн зуун тавин долоон мянга/ төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, хохирогч О.О, Ш.Д, У.М Б.З нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

   8.Шүүгдэгч О.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

   9.Эрүүгийн 2434****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ